МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Ю.Цэдэнбалын ач охиныг хүлээн авч уулзлаа
2014/09/09
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жамъянгийн Мөнхбат, МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа нар өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны ач охин Анастасия Зориговна Цэдэнбал болон бага дүү өдгөө 86 настай Ю.Жавзан нарыг хүлээж авч уулзлаа.
Монголын төрийг 44 жил тасралтгүй удирдсан төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын төрөл саданг хүлээн авч, уулзаж буйдаа баяртай байгаагаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илэрхийлээд “сүүлийн жилүүдэд түүхийг үгүйсгэх, гуйвуулах хандлага их байгаа ч он цаг улирах тутам түүх тодорч үнэн илэрдэг” хэмээн онцолсон юм. ”Монголын өнөөгийн нийгэмд аль нэг нам, эвсэл, фракц гэж талцалгүй гагцхүү Монгол Улсын хөгжлийн төлөө хамтарч ажиллах шаардлагатай” гэх саналыг Анастасия Зориговна Цэдэнбал хэллээ.
Хатагтай Анастасия өдгөө 29 настай. ОХУ-ын Москва хотноо ээжийн хамт оршин суудаг тэрбээр Монголд ирж ажиллаж амьдрах хүсэлтэй байдаг тухайгаа уулзалтын үеэр ярьж байлаа. Мөн халуун дотно хүлээн авч буй МАН-ын удирдлагуудад талархал илэрхийлээд өвөөг нь өнөөг хүртэл хүндэтгэж, түүний үйл хэргийг сурталчилж байдагт баярлаж явдгаа илэрхийлсэн юм.
МАН-ын зүгээс Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж, хөшөө дурсгалд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Удахгүй 9-р сарын 17-нд болох энэ жилийн арга хэмжээнд хамт оролцохыг урьлаа.
2016 онд тохиох Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр МАН-аас УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсэг ойг тэмдэглэх бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна.
Зочин · 2014/09/10
Bolooshdee