“Скайтел” оюутны үндэсний тэтгэлгийг “ангуучлав”
2014/09/15
“Шинэ үеийн залуусын хэрэг-цээнд төгс нийцэх хязгааргүй хэрэглээг “Скайтел” компани таньд санал болгож байна” гэх уриатай сурталчилгаа наймдугаар сарын 18-наас телевизийн сувгаар гарч эхэлсэн.
Телевизийн гэлтгүй ра дио, сонин сэтгүүлийн нүүрэнд ч “Хязгааргүй” хэрэглээний сур талчилгаа ёстой л улиг болтлоо гарсан. Ийн сурталчлах нь учиртай байж. Өөрөөр хэлбэл, оюутнуудыг шинэ хичээлийн жил дээ ирэхийг нь амдаж байсан хэрэг болж таарав. Ингээд тус сурталчилгаагаа “хэрэглэгчтэй” бол гохын тулд Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг “Оюутны тангараг”-ын баярт “Скай тел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор оролцож, их, дээд сургуулийн босго алхаж буй оюутан залууст сурлагын амжилт хүсч өнөөх “Хязгааргүй” багц үйлчилгээгээ хэд хэдэн сургуулийн оюутнуудад бэлэг болгон тарааж амжсан байх юм. Тухайлбал, “Оюутны тангараг”-ын баяр”-аар “Скайтел” групп нь нэг оюутны сургалтын төлбөр болон “Хязгааргүй” хэрэглээний дугаар, ухаалаг гар утсыг таван оюутанд гардуулсан байна. Мөн тус үйл ажиллагааны үеэр тус компани оюутнуудад өөрийн “Оюутны смарт карт”-аа танилцуулж, “Хязгааргүй” хэрэглээний шинэ дугаарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг танилцуулж амжжээ. Ийн багц үйлчилгээг оюутнуудад санал болгохыг МОХ-ноос санал ирүүлсэн гэж эвтэйхэн тайлбарлаж хэлсэн байдаг. Уг нь МОХ оюутнуудынхаа утасны хэрэглээнд бус өөр зүйлд анхаарч ажиллах, тэдний төлөө хийх ажил чамгүй их баймаар юм. Тухайлбал, оюутны дотуур байр, жил бүр нэмэгддэг сургалтын төлбөр, номын сан гээд санаа зовоох асуудал чамгүй их бий дээ. Гэтэл ийнхүү “Скайтел” руу хөл алдахын учир юу байв. “Скайтел” компанийн менежер М.Тамир энэ талаар “МОХ-ноос өнгөрсөн тавдугаар сард санал тавьсны дагуу “Скайтел” компани “Хязгааргүй” урамшууллаа зөвхөн оюутнуудад зориулан онцгой нөхцөлөөр санал болгож байна. Тухайн оюутан 10 мянган төгрөг төлснөөр бүтэн есөн сарын турш буюу 2015 оны хичээлийн жилийн хугацаанд “Скайтел”-ийн сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй мессеж бичиж, фэйсбүүкийг мөн хязгааргүй ашиглах боломжтой байгаа. Дээрх оюутан “Хязгааргүй” багцын үлдэгдэл төлбөрөө Үндэсний тэтгэлгээрээ барагдуулах боломжтой. Оюутнууд өөрсдийн фэйс-бүүктээ ангийн болон тухайн хичээлийн зэрэг холбоотой бүхий л группийг нэмж өөрсдийн мэдлэг мэдээллээ солилцдог маш том талбартай болчихсон. Иймээс бид оюутнуудаа фэйсбүүкийг энэ талаас нь харж ашиглаасай гэж хязгааргүй эрхийг санал болгож байна” гэжээ. Түүнийхээр бол эгээтэй л оюутнууд фэйсбүүкээр хичээлээ хийдэг гэчихсэнгүй. Ямартай ч оюутнууд мэргэжил эзэмшихэд фэйсбүүкийн хязгааргүй хэрэглээ ихээхэн тус дэмээ өгөх бололтой. Түүнээс гадна бэлэн 10 мянган төгрөг төлөөд 91......-тэй “Хязгааргүй” хэрэглээ бүхий “Скайтел”-ийн дугаарыг авч байгаа гэж тайлбарлаж буй.
Гэтэл МОХ, Төрийн банк, “Скайтел” группээс оюутнуудад өгсөн зарлагын падаанд “Үлдэгдэл 50 мянган төгрөгөө “Төрийн банкинд төлбөрийн даалгавар бүртгүүлэн Үндэсний тэтгэлгээсээ төлөх” гэж оруулжээ. Тэгэхээр дээрх үйлчилгээг ерөөсөө л оюутнуудад зориулсан болж таарч байгаа юм. Ингэхдээ тун зальжин арга сүвэгчилж бэлнээр 10 мянган төгрөг авч байгаа нь тухайн дугаарыг бусдад 10 мянган төгрөг мэтээр харагдуулж байна. Сурталчилгааг нь харсан ч тийм байгаа шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ дээрхи “Хязгааргүй” хэрэглээ бүхий дугаар нь 60 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Шулуухан хэлэхэд “Скайтел” компани оюутны үндэсний тэтгэлгийг өнгөлөн далдлалт хэлбэрээр дансандаа шилжүүлж байгаа асуудал биш гэж үү. Ингэхдээ МОХ гэх “хүчний” байгууллагатай хамтарсан байна. Юу гэвэл, “МОХ”-ноос оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий смарт картыг бүх оюутанд тараахгүй байх арга. Ингэснээс оюутны смарт картыг тарааж амжаагүй байгаа энэ цаг үед сургуулиудын үүдэнд “Скайтел” компанийн ажилчид очиж өнөөх ид шидтэй “Хязгааргүй” хэрэглээний дугаараа сурталчилж, “Хэрэв уг дугаарыг авбал смарт картны нэмэлт захиалга авах боломжтой. Бэлэн 10 мянган төгрөгөө төлж дугаар аваад, мөн 6500 төгрөг өгч үнэгүй зорчих эрх бүхий смарт картаа захиалах боломжтой” хэмээн шахаж, “шаглаж” сууна. Ингээд арга буюу автобусны картаа захиалж чадаагүй оюутнууд тэдний аманд багтаж Төрийн банкны теллерт бүртгүүлэн дээрх дугаарыг худалдаж авсан талаараа хэлж байгаа юм. Эндээс МОХ, “Скайтел”, Төрийн банк чамгүй сайн хоршиж ажиллаж байгааг бэлхнээ харж болохоор байна. Хэдхэн хоногийн өмнө манай сонинд МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун смарт картны талаар ярилцлага өгөхдөө “Бүх оюутанд олгох боломжгүй” гэдгээ хэлсэн байсан. Оюутнуудын хэлж байгаагаар нэг анги 30 хүүхэдтэй байхад 20 нь л смарт карттай болох боломжтой гэх. Тэгэхээр үлдсэн 10 оюутан “Скайтел”-ийн хөнгөлөлттэй гэх 60 мянган төгрөгийн дугаарыг худалдаж аваад автобусанд үнэгүй зорчих карттай болох боломж бүрдэж байна. Тухайлбал, “Мандах бүртгэл” дээд сургуулийн I курсийн 200 гаруй оюутан тухайн дугаарыг худалдаж аваад смарт картаа захиалсан байна. Энэ талаар оюутнуудаас тодруулахад “Дугаар авсан тохиолдолд үнэгүй зорчих смарт картын нэмэлт захиалга авах боломжтой гэсэн. Тэгэхээр нь авсан. Гэхдээ одоо болтол дугаараа ашиглаж чадахгүй байгаа. Учир нь, тухайн дугаарыг заавал 3G утастай байж ашиглах боломжтой юм байна. Хэд хоногоос утастай болохоороо барина. Уг нь ангиараа авчихсан болохоор хоорондоо үнэгүй ярьж, интернэт ашиглах нь боломжийн санагдсан. Гэхдээ тэтгэлгээсээ төлөх болохоор 10 мянга биш 60 мянга дээрээс нь андройд утас авахад хамгийн багадаа 60-70 мянган төгрөг зарцуулна”. Тэгэхээр нэг их ялгаагүй юм шиг санагдсан” гэв. Энэ мэтчилэн ШУТИС, АШУҮИХ, СУИС гээд бүх л их, дээд сургуулиар “Скайтел”-ийн ажилчид дээрх ангуучлалаа үргэлжлүүлж байгаа сурагтай. Учир нь, “Хязгааргүй” хэрэглээний хөнгөлөлттэй дугаарыг борлуулах хугацаа нь наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 30-наар дуусгавар болох аж. Иймд смарт картаа авч чадахгүй үлдэж байгаа 30 шахам мянган оюутанд дээрх дугаарыг шахах бололтой. Өөрөөр хэлбэл, нэг ангийн 75 хувьд МОХ-ноос смарт карт олгох боломжтой гэж хэлж байгаагаас харахад хамгийн багадаа ийм тооцоолол гарч байгаа юм. Оюутны холбоо өнгөрсөн тавдугаар сард “Скайтел”-д ийм санал тавьсан гэж бодохоор уг төлөвлөгөөг энэ зун тун нямбай боловсруулж, оюутнуудад олгох картыг хувилж гаргасан бололтой. Төрийн банк ч тэднээс хүч дутахгүй газар дээр нь зарлагын падаан бичиж, үлдэгдэл мөнгийг хурааж хумих ажиллагаанд дайчин оролцож байгаа нь илэрхий. Уг нь оюутнуудын эрхийг хамгаалж, тэдний төлөө дуу хоолой болж ажиллах ёстой МОХ ийнхүү бусдын гар хөл болж ажиллах нь хэр зохимжтой юм бол. Төрөөс олгож байгаа Үндэсний тэтгэлгийг МОХ ийн бусадтай нийлж “дээрэмдэх” байсан юм бол цаашид хэрэгжүүлэх нь зөв эсэхэд эргэлзэхгүй байхын арга алга. Сургалтын төлбөрийг жил бүр нэмж, эцэг, эхчүүдийн нуруунд хүнд ачаа болж байхад Үндэсний тэтгэлэг нь хүртэл монополь компанийг тэжээж байгаа нь гутамшиг биш үү.
Б.Цэцэгдэлгэр
Зочин · 2014/09/16
lol