Хийлч М.Хулангийн тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно
2014/09/17
Монголын хөгжмийн урлаг тэр дундаа мэргэжлийн урлагийн байгуулагуудын түвшинд өндөрөөр үнэлэгдэх томоохон хэмжээний дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байгаа юм. Тус тоглолт нь монголдоо анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудын бүрэн хэмжээний төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй хамтарсан хийлийн гоцлол концерт болж байгаагаараа ихээхэн онцлог ажээ. Мэдээж хэрэг хийл хөгжим нь Дэлхийн Хатанхаан гэх тодотголтой бөгөөд түүний хэмнэл хөг аяз мөн чанар нь хүний сэтгэлийг уяраан догдлуулж хүмүүсийг холбож чадах увидастай билээ.
“Classica Paradiso” тоглолт олонд танигдсан Дэлхийн алдартай хийлийн концерт, киноны хөгжмүүд болон аяз зохиол бүтээлүүдээс бүрдэх бөгөөд монголын болон дэлхийн мэргэжлийн хийлчдийн ур чадварыг шаардсан тэр дундаа олон улсын томоохон тэмцээн болох П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны зайлшгүй программын зохиолуудаас орж, дэлхийн алдарт хийлчид болох Jascha Heifetz, Nathan Milshtein, Itzhak Perlman нарын бүтээж туурвиж байсан хийлийн ховор нандин найруулга бүхий бүтээлүүдээс тоглогдож байгаа гэдгээрээ мөн онцлог шинж чанартай юм. Ийнхүү Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулангийн “Classica Paradiso” хэмээх тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр буюу 9 сарын 18-нд 12:00 цагаас Улсын филормонийн байранд болох бөгөөд хүндэт зочдоор Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан, удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар нар оролцох ажээ.
Энэ дашрамд дуулгахад хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд урилга мандат олгох юм байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.