-ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ГАРГААД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МЕССЭЖ БОЛГОН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ-

УИХ-ын гишүүн Х.Бат­тулгатай ярилцлаа.

-Шар тивийн орнууд бүхэлдээ Азийн олимпдоо анхаарал хандуулж бай­на. Азийн наадмын салхийг жүдогийнхон маш амжилттай хагалж гурван алт, гурван мөнгө, дөр­вөн хүрэл медальтай өндөр­лүүлсэн. Жүдо бөх 2008 оны олимпоос хойш илт сэргэсэн нь таныг холбооны тэргүүнээр ажилласантай салшгүй холбоотой гэдэг. Та холбоогоо ямар чиглэлд удирддаг вэ?

-Дэлхийн долоон тэрбум хүний дөрвөн тэрбум нь Ази тивд амьдардаг. Тиймээс ээлжит олимпоо зохион бай­гуулж байгаа нь Ази тивийн том амбиц юм уу даа. Дөрвөн тэрбум хүнээс шалгарагсдын тэмцээн гэхээр яах аргагүй том байж таарна. Манайхан бөх, боксын төрөлд л амжилт гаргадаг байсан. Тэгвэл энэ Азийн наадамд нэг шинэлэг зүйл нь манай сагсан бөмбө­гийн тамирчид байлаа. Монго­лын жүдо бөхийн холбооны хувьд айхтар хийгээд бай­сан зүйл байхгүй. Хоёр, гур­ван тулгамдсан асуудлыг шийдсэн.

-Ямар ямар зүйлсийг нь шийдсэн юм?

-Тамирчид олон улсын тэмцээн, уралдаанд байнга оролцож байж чадварждаг. Тэгэхээр тэмцээнд явах зардал мөнгийг нь шийдээд өгчихөөр байгалиасаа авьяастай, ноцолддог хүүхдүүд тодроод гараад ирнэ. Нөгөө нь дасгал сургуулилт хийх нөхцөл, сайн багш нараар хангах.

-Танай холбооны зүгээс Рио-гийн олимпод ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн тамирчиндаа эрх авах, үүний тулд эрхийн онооны тэмцээнүүдэд тогтмол оролцохыг зорьж байна. Ингэснээр ирэх олимпоос хоёроос гурван медаль авахсанаа байгаа. Жүдо бөх багийн спорт шиг л зардал гардаг. Багш дасгалжуулагч, бэлтгэл хангагч гээд олон хүний хөлс хүч шингэдэг.

-Х.Баттулга гэдэг хүн ҮХАА-н сайдын суудлаа яагаад өгөх болсон гэдэг нь одоо ч асуулт хэвээрээ байна. Албан тушаалаа өгөх болсон гол шалтгаан юу байсан юм бэ. УИХ-ын гишүүн, Засгийн газ­рын гишүүнээр давхар ажил­лахыг дэмжихгүй болохоор суудлаа өгсөн гэдэгт итгэх хүн алга даа?

-Тодорхой асуудал шүү дээ. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэдэг хуулийн төслийг эхнээс нь дэмсэн. Дэмжиж, кноп дарчихаад дараа нь улайхгүй сайдаа хийгээд явна гэдэг ямар вэ. Хоёрт, миний санаачилсан бүтээн байгуулалтын төслүүд, ихэнх ажлыг Засгийн газар дэмжээгүй. Ажил нь дэмжигдэхгүй байхад сайдын суудал бөглөөд суух нь ухаалаг хэрэг мөн үү.

-Засаг дээр яагаад таны оруулсан асуудлууд дэмжигдэхгүй бусад нь дэмжигдээд явсан юм бол. Засгийн газрын гишүүд асуудалд хандахдаа Х.Баттулга гэсэн хувь хүн рүү хандаад байсан юм болов уу?

-Энэ асуултаа Ерөнхий сайдаас асуусан нь оновчтой байх. Энэ талаар тодорхой ярих гэхээр их урт яриа болно. Хоёр хөршийн удирдагчдын айлчлал ойрхон болоод өнгөрлөө. Энэ үйл явцыг харахаар бид 1990 оноо эргэж хармаар, эргэцүүлмээр болж байгаа юм. 25 жил Ардчиллын баяр тэмдэглээд, бахархаад ирсэн. Гэтэл бараг л нэг гараанаас хөдөлцгөөсөн хоёр хөрш маань бидэн дээр аврагч, туслагчийн дүрээр ирж байна. Бид 25 жил ардчиллаад байна, хөгжөөд байна гэсэн, байж байгаа царай минь 1990 оныхоосоо дээрдэх юмгүй. Үүндээ бид хатуу дүгнэлт хийх ёстой. 25 жилд юу хийснээ бид саяын хоёр айлчлалаар сайн тольдож харсан болов уу гэж бодоод байгаа. Зүйрлэхэд монгол морио ломбарданд тавьчихаад, эмээлээ үүрээд алхаж байхад, хөршүүд хажуугаар онгоцтой, лимузинтэй шурхийн гараа даллаад урагшилж байна. Гадаад өр маань 20 тэрбум орчим ам.доллар болсон. Энэ өрийг гурван сая хүрч ядан байгаа иргэддээ хуваахаар хэд болох бол. Өнөөдрийг хүртэлх 25 жилийн улс төр маань "аман" улс төр л байжээ. Одоо арай өөрөөр хараад ажил хэргийн улс төр рүү ороосой гэж бодож сууна даа.

-Шинэ сумаас эхлээд таны санаачилсан зарим ажлууд биелэлээ олсон. Сайдын суудлаа өгөхдөө "Сайдын суудлаа өгсөн ч гишүүний хувиар хийж эхлүүлсэн ажлууддаа санаачилгатай ажиллана" гэдгээ мэдэгдсэн. Засгаас гарчихаар таны хийж эхлүүлсэн ажил цаашаа явахад улам л хүрээ нь хумигдах юм биш үү?

-Сайд байхад явуулдаггүй байсан ажлыг, сул гишүүн болчихоор бүр ч явуулахгүй гэсэн тээг бий. Хэцүү л байна. Гол саад нь урт болон дунд хугацааны том бодлого, чиглэл дутдаг. 15-25 жилээр хөгжлийн бодлогоо гаргаад Их хурлаар батлуулаад, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй юм билээ. Ингэхэд та хэдэн настай вэ?

-Энэ жил 27 хүрч байна...

-27 хүрч яваа залуу өөрийн болон гэр бүлийн асуудлуудаа төлөвлөдөг болчихсон нас биз дээ. Өглөө босоод л юу хийдэг юм билээ гээд гиюүрээд суудаггүй байх, тийм үү. Тэгэхээр бүхэл бүтэн улс ийм хугацаанд ингэж хөгжинө гэдгээ тодорхой болгочихмоор байгаа юм. Улс төрч хүн улс орныхоо ирээдүйг урьдчилан харах чадвар байх ёстой. Түүхээс харахад хоёр хөршийн хоорондын харьцаанаас бидний амьдрал, хөгжил хөдөлгөөн хамаарч ирсэн байдаг. Бидний дээгүүр энэ хоёрын харьцаад эхлэхээр бидэнд асуудал үүсдэг. Бид аль нэг рүү нь ханарвал нөгөө талд нь бас асуудал үүснэ. Учрыг нь олох, тэнцвэрийг хадгалах тэр зааг дээр л Монгол Улс босоод ирэх боломж харагдаад байгаа юм. Үүнийг бүр дээр үед Цэвээн Жамсрано их сайхан томъёолж хэлсэн юм билээ. Тэр "Монгол улс хоёр хөрштэйгээ улс төрийн хувьд эрх хүүхэд шиг, эдийн засгийн хувьд тэлээ хурга шиг харьцаж, үлгэрлэвээс Швейцарь улс лугаа хөгжих боломжтой" гэж хэлсэн байна. Энэ үгийг сайн ухвал бодлого бий шүү. Дөрөв, дөрвөн жилээр ээлжлэн Засаг барьдаг нөхцөлд урт хугацааны бодлого хэрэгжих боломж алга. Дөрвөн жилийн дараа солигдох юм чинь амжаад гэр бүл, фракци, тойрсон хүмүүсээ таргалуулах тухай боддог болчихоод байна. Улсын хөгжил хамгийн сүүлийн асуудал болчихоод байгаагийн учир энд л оршиж байгаа.

-Тэгээд Засаглалын тогтолцоо, бодлогоо сайжруулах боломж харагдах юм уу?

-Их хурал энэ мэт зүйлээ сайн яриад, нэг мөр шийдэх л шаардлагатай. Бүсчилсэн хөгжил лав худлаа юм байна. Бүсчилье гэхээр холбосон дэд бүтэц байхгүй. Яаж хөгжих юм. Таныг ямар ч дэд бүтэцгүй газар руу яв, хөгжүүл гэвэл явах уу. Та аль аймгийнх вэ.

-Сэлэнгэ...

-Таныг төрсөн нутаг Сэлэнгэ рүүгээ явж, хөгжүүл гэвэл явахгүй дээ.

-Орон нутагт төрсөн хэдий ч тийшээ явах сонирхол ихэнх залууст байхгүй юм биш үү?

-Тийм, үүнтэй чинь Бүсчилсэн хөгжил гэдэг яриа яг адилхан байхгүй юу. Их хурлын гишүүд дотор хөдөө төрсөн хүмүүс их. Тэднийг буцаад яв, нутгаа хөгжүүл гэвэл явахгүй. Зүгээр эндээ суугаад "амаараа" нутгаа хөгжүүлэх л юм бодно. Бүсчилсэн хөгжил гэхээр дэд бүтэц байхгүй, дэд бүтцээ бий болголоо гэхээр зөөх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, үйлдвэрлэл байхгүй болохоор орлого байхгүй, орлогогүй бүс хөгжинө гэдэг нь худлаа. Ийм гинжин хэлхээн дунд Бүсчилсэн хөгжил гэж хоосон яриад нэмэргүй гэдгийг одоо л ойлгож байна. Гэтэл үүний төлөө баахан ажил хийсэн, цаг мөнгө үрсэн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гээд зөндөө л зээл тараалаа. Хөгждөггүй ээ. Яагаад гэхээр том үйлдвэрлэл байгаад түүндээ бараа үйлчилгээ нийлүүлэх замаар л жижиг дунд үйлдвэр хөгждөг юм байна. Эрдэнэт гэж том үйлдвэр байгаа болохоор түүнийг тойрсон жижиг дунд үйлдвэрүүд оршиж буй гэх мэт. Манайхан 1000 инженерийг Японд бэлдэнэ л гээд байгаа. Ямар мэргэжлээр, юуны чиглэлээр бэлтгэх юм. Хөгжлийн бодлого нь тодорхойгүй байхад бааханинженер бэлдчихээр энд ирээд ажил байхгүй, чиглэл зөрнө. 1000 инженер эргээд Японд очихоос өөр зам харагдахгүй болчихож байна. Гадаадад ажиллаж байгаа нарийн мэргэжлийн хүмүүсийг Монголдоо ир гээд дуудаад байдаг. Тэд ирлээ гээд Монголд хийх ажил нь байгаа юу. Та ямар мэргэжилтэй вэ?

-Сэтгүүлч.

-Таныг Сэлэнгэд, нутагтаа ажилла гээд дуудлаа гэхэд сэтгүүлчээрээ ажиллах зах зээл байхгүй биз дээ. Үүнтэй чинь яг л ижилхэн. Агрономич болсон бол ажил олдох байх. Хөгжлийн бодлого нь эхэлж гараад, тэр нь урт хугацаанд тогтвортой байхгүй болохоор боловсон хүчин юу сурах нь ойлгомжгүй болчихож байгаа юм. Монгол Японоос дайны төлбөрт эхлээд 80 сая доллар нэхээд, эцэст нь таван тэрбум иен буюу 17 сая доллараар тохироод ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр, хайрцаг, зай, цонхны үйлдвэр, томоохон зочид буудал бариулах хүсэлтээ 1974 онд гаргажээ. Хэлэлцээр гурван жил үргэлжилж, 11 жил хөөцөлдөөд "Говь" үйлдвэрийг л бариулсан. Говькомпанийг барих болмогцоо л мэргэжилтнүүдээ зэрэг бэлдээд явчихсан. Бусад тохироо хэрэгжсэн бол тэр чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх байж л дээ. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр баригдаад дуусахад мэргэжилтнүүд нь бас бэлтгэгдээд ирсэн. Энэ чинь бодлого. Ийм бодлого сүүлийн 25 жилийн хугацаанд дээд зэргээр алдагдчихлаа. Хоёр хөршийн айлчлалаас ухаарах хэрэгтэй. Орос, Хятад бодлогоо чанд бариад, тогтвортой байсны дүнд 2008 онд Бээжинд олимп, 2014 онд Сочид өвлийн олимп зохион байгуулсан. Харин манайд олимп байтугай наадмаа хийх стадионоо хар л даа. 1960-аад онд баригдсан стадиондоо идэж ууж ч чадахгүй суудаг. Хэдэн хуушуур идчихээр орчих 00 ч байхгүй.

-Хоёр хөрштэйгээ ойролцоо гараанаас хөдөлсөн Монгол Улс юун дээр алдав?

-Тогтворгүй байдал, цэгцгүй бодлого. Богино хугацаатай сонгууль, намчирхал, талцал. Ийм алдааг 25 жил хийсэн улстөрчид бид сонгогчдоосоо ядаж уучлал гуйх цаг болчихжээ.

-Таныг өмнөх засагт Зам тээвэр хот байгуулалтын сайдаар, энэ засагт ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа төмөр замаа ядаж эхлүүлээд ганц км ч болтугай тавиулчихгүй гэсэн шүүмжлэл одоо ч байсаар байна. Мэдээж бэрхшээл байсан байлгүй?

-Бэрхшээл гэвэл нөгөө л дөрвөн жилд хувийн эрх ашгаа амжуулахыг эрхэмлэдэг хүмүүс нь Ерөнхий сайддаа наалдаад, үйлчлээд, чиглүүлээд явчихдаг. Энэ бол тодорхой юм. Сү.Батболд Ухаа худагт оролцоотой, хувьцаатай байсан. Шинэ төмөр зам улсын бодлогоор тавигдбал Ухаа худагийн хувьцаа унана, тийм болохоор саад болно гэсэн эрмэлзэлтэй, далд санаатай явсан. Тиймээс ард түмний Тавантолгойгоос өрсөж өөрийнхөө Ухаа худагт IPO гаргаж, хувьцааны захаас эхэлж мөнгө олох зорилготой бүлэглэл шинэ төмөр замд тээг болсон. Тэднээс болоод хожуу эргэлтэнд орсон том Тавантолгойн үнэ уначихаж байгаа юм. Төмөр замыг сайд санаачлаад, сайд барьдаггүй. Их хурлаар баталчихсан улсын бодлогыг л хэрэгжүүлдэг. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, бүх Их хурлын гишүүд төмөр замыг ингэж барих нь зөв гэсэн нэг чиглэл рүү харах ёстой. Дүү гэр бүлтэй биз дээ.

-Гэр бүлтэй.

-Чи гэр бүлийнхээ том шийдвэрийг гаргахдаа гэргийтэйгээ хамт гаргадаг биз дээ.

-Тийм.

-Гэр бүлийн шийдвэрийг хамтдаа гаргахгүйгээр хоёр тийшээ хараад суучихвал ямар ч асуудал шийдэгдэхгүй. Үүнтэй яг адил. Сайдын төсвөөр төмөр зам барина гэж байхгүй. Барихын тулд хөрөнгө босгоно. Их хурлаар шинэ төмөр замд зориулан баталсан мөнгийг А.Гансүхийг Зам тээврийн сайд болсны дараа л олгосон. Гурван жилийн дараа шүү. Төмөр зам барихын тулд монголчууд бид тийм технологиор төмөр зам тавих гэж байгаа гэдгээ хөрөнгө оруулагчдаа ойлгуулах ёстой. Биднийг анхныхаасаа өөр юм яриад эхлэхээр хөрөнгө оруулагчид эргэлзчихдэг. Дахин хэлэхэд төмөр замын бодлогыг нь 2010 оны зургадугаар сарын 23-нд Монгол Улсын Их хурал баталчихаад, мөнгийг нь 2013 оны гуравдугаар сард эхэлж өгсөн байдаг. Тэгэхээр намайг төмөр замын мөнгө идсэн уусан гээд яриад, бичүүлээд байгаа хүмүүсээс "Намайг байхад өгөөгүй мөнгийг яаж идэж, уудаг юм бэ" гэж асуумаар байгаа юм. Далангийн ажил гээд байгаа нь хувийн компаниуд өөрсдөө зээл аваад хийсэн ажил.

Би уриалга гаргаж, Их хурал баталчихсан төсөл гэдэг үүднээс ажлыг нь эхлүүлсэн. Сү.Батболд хөдлөхгүй нь тодорхой байсан. Эрх биш ажил нь эхэлчихбэл ичсэндээ хөдөлнө гэж бодсон юм. Одоо бодож байхад гэнэн байж дээ. Тэр бүлэглэлийг ичдэг булчирхайтай гээд бодчихгүй юу. Гэхдээ өөр арга байгаагүй юм.

-Төмөр замын царигийн асуудал анхаарал татсан сэдэв хэвээр байна. Та бол нарийн царигийг эсэргүүцдэг. Тэр ч утгаараа нэвтрүүлэг хийж цацсан. Дараа нь Ерөнхийлөгч дуудаж уулзсан гэх мэт яриа хөвөрнө. Царигаа тавиад төмөр замаар экспортоо бушуу хийж эхэлмээр байна шүү дээ?

-Нарийн цариг тавьж болохгүй гэдгийг тэр нэвтрүүлэг дээр маш тодорхой харуулж, Монгол төрийн бодлого-эрлийз бодлого боллоо гэдгийг хэлсэн. Үнэн зүйлийг гаргаж тавьсан учраас хүмүүст хүрсэн. Худал зүйлийг хүмүүс шууд л мэднэ, дэмжихгүй. Одоо Их хурлаар царигийн асуудал шийдэгдэнэ. Бид үүрд түүхий эд экспортлогч байх бол нарийн цариг тавьж болно. Бид дотооддоо үйлдвэрлэл явуулж, нэмүү өртөг шингээх замаар баялгаа ашиглабал илүү олон хүнд хүртээмжтэй гэдэг нь тодорхой. 1990 оноос хойш уул уурхайн лиценз авсан хүмүүс зөвхөн газраа ухаад түүхий эд зөөж байна. Бүх аймгаас байх шүү. Тэр баялгаас олсон мөнгө хаашаа оров, олонхи монголчуудад хүртээлгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр царигийн асуудлыг хаалттай хурлаар шийдэж болохгүй. Хаалттай хурал бол хууль бус. Тавантолгойг бид хоёр сая 900 мянган иргэндээ хувьцаа болгоод өгчихсөн байгаа. Та хувьцаа эзэмшдэг үү.

-Уг нь Тавантолгойн нэг сая төгрөгийн хувьцаа бий л гэж бодож байгаа. Монголчууд хувьцаатай болсон гээд л бөөн сенсаци болж байгаад сураг алдарсан...

-Таны сонгосон хүмүүс чинь таны ирээдүйг шийдэх царигийг танаас нууж, Их хурал дээр хаалттай хуйвалдаанаар шийдэх гээд бэлтгэж байна. Энэ бол гэмт хэрэг. Огт хэрэггүй юмыг ил тод болгоно, шилэн болгож харуулна гэдэг мөртөө хамгийн чухал асуудлыг нуудаг. Эд нар хуйвалдаад, олноороо түрээд нарийн царигийг дэмжих байх. Түүхий эдээ хичнээнээр нь зөөлөө ч энэ улс орон баяжихгүй гэдэг бол тодорхой. Өрөнд баригдана, өтөнд идэгдэнэ. Ойрхон Тажикийн, холдоо Африкийн жишээг хар л даа.

-Төмөр замын асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь гадныхны хувьд тоглоом болж харагдаад байгаа юм биш үү?

-Өөрсдийнхөө шийдвэрээс ухраад гадныхны хатгаасаар шийдэх гээд байгаа нь харин тоглоом болж байгаа байх. Бүхий л тусгаар орон төмөр замын асуудлаа өөрийнхөөрөө шийддэг. Төмөр зам геополитикийн асуудал болохоор шийдвэр гаргахад хэцүү. Дорнод хил рүү ирчихсэн төмөр замыг япончууд Халхын гол руу орж ирэхийн тулд барьсан гэдэг. Япончууд Халх гол руу дайрсан нь Тамсагбулагийн нефтийн сав газрыг судалсантай холбоотой. Нефть байгааг мэдэнгүүт хүнд техникээ оруулж ирэх болсон, тэгээд төмөр зам тавьсан. Тэд 16 сарын дотор нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн тооцоотой байж. Гаргасан бензинээрээ зэвсэг, техникээ хангаад, наашаа цөмөрнө гэж тооцож байжээ. Энэ бол төмөр зам яагаад тавьдгийг илтгэх түүх. Үүнийг түүхчид, улс төрчид огт ярихгүй байна л даа.

-А.Гансүх сайд Х.Баттулгын хүн. Тиймээс Засагт ажиллахгүй байгаа ч гэсэн төмөр замын асуудлаа А.Гансүхээр дамжуулан шийдээд явах боломжтой гэж байна?

-Нэгдүгээрт, ажил хийхэд шаардлагатай мөнгийг өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, Их хурлаар төмөр замын бодлогоо баталчихсан бол Засгийн газар дуугүй л хийх ёстой. Хэдэн доллар, юань зээлэх гээд байна, тийм болохоор царигаа тэдний хүслээр өөрчилье гэдэг бол улсын эдийн засгийг худалдаж байгаа хэрэг. Өнөөдөр Монголын улс төрд идэвхтэй байдаг 200 хүн, тэдний дотор 20-иод нөлөө бүхий гэр бүл. Миний ажиглалтаар тэр 20 гэр бүлийг хоёр, гуравхан хүн чиглүүлдэг ийм л дүр зураг тодорч байна. Тэд л энэ улсын эдийн засгийг зохион байгуулалттайгаар, элгээр нь хэвтүүлэх санаачилга гаргаж байгаа. Үр дүнд нь бид эзлэгдэхгүй, өрөнд унаж, худалдагдана. Та ч гэсэн өрөнд баригдаад эхэлбэл аав, ээжийнхээ үлдээсэн үнэтэй хөөргийг ломбарданд хямдхан өгнө. Ийм байдал руу оруулчихлаа. Үүнийгхэлдэг хүн алга. Хэлсэн нэг нь ад болдог. Эдийн засаг ямар байна, чиний бодлоор.

-Танай намынхан хүндрэлтэй байгаа л гээд байгаа шүү...

-Ардчилсан нам ч ганцаараа хэлээгүй байх. Миний мэдэх, уулзсан хүн болгон л хэлж байна. Сахилга батгүй, бодлогогүй, ядмаг эдийн засаг авсан зээлээ төлөхийн тулд хамаг үнэтэй юмаа барьцаалдаг. Барьцааны эд хөрөнгө зээл төлөгдөхгүй болоод ирэхээр 20, 25 цаашилбал 100 жилийн дараа хураагдана. Сахилга батгүй, зарчимгүй улс төрчидтэй, эдийн засаг нь суларч байгаа Боливи, Венесуэл, Аргентин, Африкийн орнуудад урд хөрш их хэмжээний зээлийг зориуд баялгийг барьцаалан өгч байгаа. Аргентиний эдийн засгаар сүүлийн 40 жил улс төрчид нь тоглож байна. Гэтэл энэ улс дэлхийн хоёрдугаар дайны дараа хамгийн их хөгжиж байсан улс шүү дээ. Одоо барьцаанд орсон.

-Манай орны эдийн засгийн сэргэх боломжийг та хэрхэн харж байгаа вэ. Хүмүүс бол янз бүрийн л цаг хугацаа хэлж байна?

-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаа зөв дүгнээд, сонгуулийн системээ эргэж хараад, намуудын тухай хуулиа шинэчлээд алсын бодлогоо гаргачихвал боломж байгаа. Энэ хэвээрээ яваад байвал аль ч нам ялсан ялгаа алга. 2016 онд МАН яллаа гэж бодоход юу ч өөрчлөгдөхгүй, Ардчилсан нам цөөнх болоод сөрж, гацаана гээд л үргэлжилнэ.Монгол Улс 25 жилд хөгжвөл хөгжихөөр л болчихлоо. Дээр би хоёр хөршөөр жишээ авсан. Нам нам л гэж том яриад үнэндээ нам доторх цөөхөн хэдэн хүний хуйвалдаанаар бүхнийг шийдэж байгаа.

-Таныг захиалгат нэвтрүүлэг хийж хүмүүсийг эрлийз, хурлийзаар нь дуудлаа гэж хүчтэй шүүмжилж байсан. Манай улс Үндсэн хуулиндаа яс, үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан байдаг. Та заавал тэгж хүмүүсийг нэрлэж болдог юм уу?

-Ялгаварлан гадуурхсан юм ер байхгүй. Улстөрчид гарал үүслээ нуух хэрэггүй л гэсэн санаа байгаа. Хятадын гадаад бодлогын номлол, чиглэл нууц юм биш. Бараг бүх хөршүүдтэйгээ хилийн маргаантай. Хятадын дарга Энэтхэгт айлчлахад өөдөөс нь жагсаал зохион байгуулсан. Энэтхэгт ардчилал байна. Азийн хамгийн ардчилсан улс гээд байгаа Монголд тэгэхэд юу болов. Сандраад л, бажгадаад л. Ерөнхийлөгч нь хүртэл санаагаа чилээж, намайг өрөөндөө дуудаж загнав. Орост тэр байтугай үндсэрхэг агуулгатай нэвтрүүлэг өчнөөн л гардаг. В.Путин тоодоггүй. Манай Ерөнхийлөгч загнаж байг л дээ. Улсынхаа Ерөнхийлөгчид үг нь хүрч, тоогдож загнуулна гэдэг МоАХ-ны даргын хувьд сандраад байх зүйл биш.

-Тухайн нэвтрүүлэг гарсны маргааш л хятад хэл дээр орчуулагдан тэнд гараад бөөн л асуудал болж байна гэсэн...

-Асуудал болоогүй, болох­гүй. Хятадад нэг нэвтрүүлгийн араас хөөцөлдөөд явах тийм жижиг улс төр байхгүй.

-Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс багагүй хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Одоо л хөрөнгө оруулалт ирэх ёстой гэсэн юу болов?

-Хөрөнгө оруулалтыг улайм цайм хөөж байна. 1990 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар гадаадад айлчлахдаа нэг л зүйлийг ярьдаг. Тэр нь юу билээ.

-Манайд хөрөнгө оруулаач л гэдэг биз дээ?

-Яг зөв. Манайд хөрөнгө оруулаач ээ, бид ийм сайхан л гэдэг. Хөрөнгө оруулаач гэж баахан гуйчихаад, оруулангуут нь хажиглаад, хөөгөөд явуулчихдаг тогтолцоотой. Хуулиа өөрчлөнгүүт хөрөнгө оруулна гэж байхгүй. Хуулиа мөрдөх эсэх гэсэн эргэлзээ бий. Дэлхий нийтээр цахим ертөнц хүч түрсэн энэ цагт уул уурхай хариуцдаг сайд нь хэн юм. Хөгжлийн сайд нь хэн бэ гэдгийг бүгдийг нь мэдчихэж болж байна.

Тэгээд Монгол эрсдэлтэй тул хөрөнгө оруулахгүй гэдэг. Тэгэхээр урд хөршөөс өөр хөрөнгө оруулагч бидэнд олдохгүй. Урд хөрш дэлхий даяар хөрөнгө оруулж байгаа. Өвөр монголчууд Хятадын "хайрын тэврэлт" хүнд гэж ярьдаг.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ?

-Бороохой далайгаад байвал хүн бүр эсэргүүцээд, ядаж л мод далайгаад сөргөдөг юм байна л даа. Харин хөрөнгө оруулаад, гараас нь атгаж, далыг нь алгадаад үндсэн асуудлыг мартагнуулж байгааг "хайрын тэврэлт" гээд байгаа юм. Одоо хайрын тэврэлт Монгол руу хандсан.

-Ц.Нямдорж гишүүн та хоёр нэлээдгүй маргалддаг хүмүүс. Нууц гэрээг ил болголоо гээд байсан. Тэр гэрээнд яг юу туссан байсан юм бэ?

-Гэрээ биш санамж бичиг. Гэхдээ нууцлалын зэрэгтэй гэрээнүүдийг үргэлж л хийдэг. Нууцын зэрэглэлтэй гэрээг Хуульзүйн сайд нь дэлгэнэ гэдэг тухайн хүний өөрийнх нь шийдвэр биш байх. Бусад орнууд гэхэд цэрэг дайныхаа төсөвт зарладаг нэг тоотой, зарладаггүй бас нэг тоотой байдаг. Хоригдол, цагдаа, армийнхаа тоог ч хэлдэггүй. Нууц юм байх шаардлагатай. Нууцалсан юмаа хэвлэлээр зарлахын зорилго нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Танай кабинетын сайд чинь яахаараа нууцлалын зэрэгтэй санамж бичгээ ил болгоод байдаг юм гэх жишээтэй. Тэгээд хөрөнгө оруулалтдаа эргэлзсэн, түдгэлзчихсэн.

-Манай орон нуух зүйлсээ нууц чигээр нь авч явж чадаж байна уу?

-Миний бодлоор чаддаггүй. Эсвэл нуух юмгүй болчихсон байх.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэж байгааг харсан байх...

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй тухай ярьж байхад л энэ саналаа оруулж ирэх байсан юм. Дагуулж тонгорох гэдэг аятайхан шийдэл болох байлаа. Одоо бол ниргэсэн хойно нь хашгирах боллоо. Энэ тухай би хавар бүлгийн хурал дээр ярьж л байсан. Ерөнхийлөгч санаачилга гаргасан дээр нь бид асуудлаа шийдэж бүтэцдээ өөрчлөлт оруулбал дээр гэж зөндөө хэлсэн. Тэр үед дэмжээд явсан бол одоо ингэж давхар ажил болохгүй. Одоо 76 сайдтай боллоо ч, есөн сайдтай болоод ч нэмэргүй.

-Ерөнхий сайдын мэдэгдэл яг юуг өгүүлсэн бол?

-Мэдэхгүй. Бас л нэг заль байгаа биз. Зальтай хүнийг зөв дүгнэх ч хэцүү шүү дээ.

-Засгийн газар цаашид хэрхэн ажиллабал үр дүнтэй байх юм бол. Төсөв хэмнэх үүднээс яамдаа цөөлж байна?

-Нэг их мөнгө хэмнэгдэхгүй ээ. Бид үйлдвэрлэгч биш. Эдийн засгийн бүтцийн хувьд урд хөршөөс 70-80 хувь хараат, нефтиэ 100 хувь Оросоос авдаг. Сохор, доголон, элэг муутай, хагас харвачихсан хүн шиг эдийн засагтай байгаа цагтаа юу ч олохгүй, олигтой хэмнэлт ч гарахгүй. Түр аргацаах маягийн мэх л гэж харагдаж байгаа. Та хүүхэдтэй юу.

-Байгаа...

-Нэг зүйл хэлье. Та хүүхдээ Сайншандын ширэмний үйлдвэрт ажиллуулна гээд эртнээс бэлдэж болно. Гэтэл одоо удаан хугацааны бодлого байхгүй болохоор тэнд үйлдвэр баригдах нь тодорхойгүй, ямар үйлдвэр байх нь ч эргэлзээтэй. Тэгэхээр та хүүхдээ ямар мэргэжилтэй болгох вэ. Сэтгүүлч болгоё гэхээр өөрөө сэтгүүлч ямар байдгийг мэднэ, болгохгүй. Орон сууцны асуудлаа яаж шийдсэн бэ, та.

-Монгол гэртээ л амьдарч байна.

-Бодитоор одоо орон сууцтай болох хоёр зам бий. Та гэнэт спортоор хичээллэж олимп, дэлхийн аварга бол. Тийм боломж бий юу.

-Одоо ч хэцүү биз дээ?

-Цалингаа хураагаад орон сууцанд орох уу. Үгүй. Тэгэхээр таны ирээдүй яах вэ. Тан шиг мянга мянган залуучууд байгаа. Энэ хүмүүсийн аав, ээж нь санхүүгийн боломжтой бол нийлж хамжиж байж орон сууцны зээлд хамруулна. Эсвэл аав, ээжийнхээ нэг өрөөнд амьдар. Таны мэргэжил борлогдохгүй бол та юу хийх вэ.

-Ямар нэг юм хийж л таарах байх даа...

-Юу хийх чинь ч тодорхойгүй. Тэгэхээр ажлын байр байхгүй бол орон сууц байхгүй. Орон сууц гэдэг миний л хувьд мөрөөдөл байсан. Олонхи хүмүүсийн хувьд ч тийм байгаа. Сайд байсан Х.Баттулга намтайгаа тэмцээд байгаа юм биш. Олон хүнийг ажилтай болгох, орон байртай болгохын тулд олигтойхон санаачилга гарга, ажил хий гээд шахаад л байгаа юм. Орон сууцжуулалтыг дан ганц моргейжээр шийдэх албагүй. Өөр боломж байгаа. Манай нөхцөлд 8-10 хувийн зээл иргэдийн боломжид нийцэхгүй, олныг хамарч чадахгүй гацаад байна. Бидний судалгаагаар бол жилийн 2-3 хувийн хүүтэй зээлээр богино хугацаанд орон сууцжуулах боломж бий гэдэг нь тодорхой болсон.

-Тийм гэж үү. Яаж 2-3 хувийн хүүтэй зээлд хамрагдах вэ?

-Аж үйлдвэр өндөр хөгжсөн, хотожсон орнуудын моргейжийн урт хугацааны зээл монгол хүнд төдий л бууж өгөхгүй байна. Манайх шиг нүүдлийн соёл иргэншлээс суурин иргэншилд шилжиж байгаа улсад богино хугацаанд жилийн 2-3 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах боломж бий гэдэг нь судалгаагаар гарч ирсэн зүйл.

-Засгийн ажил явах нэг түлхүүр Засаг өөрөө тогтвортой байх ёстой. Харин хүн нь бол төдий л онц биш юм гээд байгаа?

-Энэ үнэн. Засаг тогтвортой байх ёстой. Гэхдээ тогтвортой байх ёстой гэчихээдтогтворгүй болгох үйл ажиллагаа явуулаад байж болохгүй. Өнөөдөр АН, Шударга ёс эвсэл Их хуралд олонхи. Тиймээс хөгжлийн урт хугацааны концепциудаа ядаж батлаад авах юм бол хөрөнгө оруулагч нарт тодорхой болно. Төмөр зам, хүнд, хөнгөн үйлдвэр, ХАА, газар тариалан, хот, хөдөөгөө ингэх юм байна гэдэг нь тодорхой болчихоор та болон таны хүүхдийн ирээдүй тодорхой болно.

-АН Засагт гарах гэж хэд хэдэн сонгуулийн нүүр үзлээ. 2016 оны дараагийн сонгууль эхлэхэд АН Монгол Улсад юу үлдээсэн байх вэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж бий. Түүнийгээ л хийж хэрэгжүүлсэн байх хэрэгтэй.

-Мөрийн хөтөлбөр хэрэгжиж чадаж байгаа юм уу?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэж зарласан. Тэрний тайланг хэлэлцэх үед л тодорхой харагдах болов уу.

-Та Монголын томоохон бизнесмений нэг. Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан. Бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Хүнд байгаа.

-100 хоногт эдийн засагт ямар өөрчлөлт гарав гэдгийг Ерөнхий сайд Их хуралд тайлагнана. Та юу гэж харж байгаа бол?

-Сайхан цаасан тайлан л гарна. Улс төрчдийн ганц чаддаг ажил нь зузаан цаасан тайлан уншина, хийнэ гэж ярьж байгаа ажлыг хийчихсэн гэж ярина. Бүр хийчихлээ гэж хөөрч тэмдэглэнэ. 25 жил ингэж явлаа. Бид аман улс төрчдөөс аль болох хурдан татгалзаж, ажил хэргийн улс төр лүү орох хэрэгтэй.

-Та сайдын суудлаа өгснөөс хойш төдий л чуулганд сууж харагдсангүй. Чуулганд суухгүй байх шалтгаан байна уу. Та цаашид улс төрд ямар бодлого баримтлах вэ?

-Ардчиллын анхдагч байгууллага МоАХ-ны даргын хувьд өнгөрсөн 25 жилийн үр дүнг хоёр хөршийн айлчлалын үеэр мэдэрсэн мэдрэмжээ дээр хэллээ. Бид хол хоцрогджээ, өрөндөө баригдлаа. Тиймээс улс төрийн намууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс цугларч ард түмнээсээ ядаж уучлалт гуйчихмаар байгаа юм. Дараа нь хөгжлийн бодлогоо маш тодорхой болгох шаардлагатай. Хийсвэр зүйл ярихгүй. Хөгжил чинь цөөхөн юмнаас л хамаарч байгаа. Газрын доорх баялаг, газар дээрх баялгаа яах юм. Хүн, аж үйлдвэрээ яах юм гэсэн тодорхой зүйлүүд бий.

-Таны хэлснээр ард түмнээсээ уучлалт гуйчих ухамсартай, зүрх зоригтой хүн гарах уу?

-Хэвлэл мэдээллийн та нар гуйлгаж чадна шүү дээ.

-Танай намын фракц хоорондын зөрчлүүд ажил явуулах боломжийг хаагаад байгаа юм биш үү?

-Үгүй. Фракцуудын зөрчил шашин хоорондын мөргөлдөөн шиг нийцэшгүй зүйл биш л байхгүй юу. Фракцуудыг бүгдийг нь сайдтай болголоо. Үр дүн л харагдахгүй байна. Жишээлбэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамыг шинээр байгууллаа. Тэглээ гээд урлаг, спортынхон сахил хүртээд шал дордлоо л гэж байгаа.

-Та Засгийнхаа эсрэг байр суурийг илэрхийлээд яваад байх юм уу?

-Засаг нь ажил хийхгүй, сөрөг хүчин нь байхгүйтэй адил байхаар өөр яах юм. Засаг нь ажил хийгээд гялалзаад байвал даган баясаад л явах байх даа.

-АН-д Монгол Улсыг хөгжүүлэх сэтгэхүй байна уу?

-Ганцхан Ардчилсан нам биш. Бүх намуудад хамаатай асуулт байна. Сонгуулийн үеэр нэг юм амлаж зурагтаар ярина, рекламаа цацна, сонгууль өгнө. Дараа нь мартагдана. Энэ хооронд гэр бүл, фракцууд таргалдаг. МАН ч гэсэн адилхан байсан бус уу.

-Таныг далай ламтай нэвтрүүлэг хийсэн гээд нэг хэсэг шуугив. Тэр нэвтрүүлгээ хэзээнээс олны хүртээл болгох вэ. Далай багш ирнэ гэж байгаад больчихлоо?

-Германы Хамбург хотод Европын буддын шашинтнуудтай уулзалт хийсэн юм билээ. Тэр үеэр нь бид цаг аваад "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оруулахаар болсон. Далай гэдэг чинь монгол үг. Далай лам гэдгээрээ дэлхий даяараа алдаршсан. Далай лам тусгаар тогтнолоо алдчихсан нэг хүний төлөөлөл шүү дээ. Тэр хүнээс яриа авсан юм. Далай лам Монголд ирж чадахгүй болсон нь урд хөршийн айлчлалтай холбоотой. Уг нь манайхан ир гэж урьчихаад Хятадын дарга ирнэ гэхээр таг болсон. Ядаж жилийн ажлаа төлөвлөчихөөд урихад яадаг байнаа гэсэн бодол төрсөн. Нэвтрүүлэг хэзээ гарахыг "Hero"-гийнхон мэднэ. Би нэвтрүүлгийн хөтлөгчөөр орсон.

-Хоёр орны Төрийн тэргүүний айлчлал Монгол Улсад юуг үлдээсэн бэ?

-Хөршүүд та нар юмаа тодорхой болгоо л гэлээ. "Засаг нь солигдохоор л өөр болчихдог. Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгч нь дор бүрнээ өөр юм яриад явдаг нь харилцаанд хүндрэл учруулж байсныг тодруулж өглөө.

-Хятадын даргын айлчлалын цувааг сөрөөд гурван хүн гүйж явсан зураг цахимаар цацагдсан. Тэр та мөн үү. Хөдөлгөөн хорьсон байхад гүйж байгаа зураг содон л харагдана лээ?

-Тийм ээ. Би өглөө болгон гүүр давж гүйдэг. Гүйж байгаад л таарчихгүй юу.

-МоАХ цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?

-Урт, удаан хугацааны хөгжлийн бодлогыг шахна.

-Та нар өөрсдийн зүгээс гаргасан хөгжлийн бодлого байгаа юу?

-Бүгдээрээбайгаа. Хөдөө, сум, хүнс, ноос, ноолуур, хүн, дэд бүтэц, автозам, төмөр зам, боловсруулах үйлдвэр, нийслэл, дагуул хотуудаа яах вэ гээд бүгд байна.

-Аж үйлдвэрийн томоохон паркийн ажил таныг ҮХАА-н сайд байхад эхэлсэн. Юу болж байгаа бол?

-Бас л санхүүжилтээс болж зогссон. Судалгаанууд нь нилээд хийгдсэн.

-Энэ улсыг цаашид хэрхэх вэ?

-Монгол Улсад баялаг хангалттай, нутаг хангалттай, хүн ард нь авхаалжтай, чадвартай. Хоёр сая 900 мянган хүнтэй хирнээ сагсан бөмбөгөөр олон сая хүнтэй орнуудын багтай тэнцүү л үзэж байна. 50 гаруй сая малтай, цэрэг дайны зардал гээд хийрхээд байх шаардлагагүй. 1.5 сая км квадрат газарт өчнөөн нөөцтэй ийм сайхан өгөгдөлтэй улс яагаад хөгжихгүй байгаа юм. Ийм баян, шашны зөрчилдөөн байхгүй тийм амгалан тайван улс. Энэ бол эдийн засагт нэн таатай нөхцөл, зүгээр л гайхамшиг. Дээр нь баялаг уламжлал, өв соёл, түүхтэй, боловсролтой иргэдтэй байна гэдэг ховор боломж. Гэтэл25 жил гацаагаад, унтуулчихлаа. Тиймээс улс төрчид нь ард түмнээсээ уучлалт гуйх цаг нь болсон.

-Уучлалт гуйчихаад яах вэ?

-Манайхан эхний ээлжинд 25 жилийн тогтвортой хөгжлийн бодлогоо гаргаад гадны хөрөнгө оруулагчдад мессэж болгон өгөх хэрэгтэй. Түүний дараа томоохон бизнесүүд сэргээд ирэх юм. Үүний гүйцэтгэлийг Монголын компаниудаар хийлгэх нь зүйтэй. Ингэснээр дундаж давхарга босоод ирнэ. Монгол Улсын дундаж давхарга өндийгөөд ирвэл ажилгүйдэл багасна. Чинээлэг дундаж давхарга хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Түүнчлэн төрийн өмчит компаниудыг аваад явчих топ менежерүүдийг уриад ажиллуулах зайлшгүй шаардлага байна. Одоогийн тогтолцоо нь ялсан нам нь өөрсдийнхөө нэг хүнийг тавьдаг буруу жишиг тогтоочихлоо. Тэр хүн нь эдийн засгийн мэдлэггүй ядаж IPO гэж юу байдгийг мэдэж байгаа юм уу. Үүнээс болоод төрийн өмчит компаниудын ажил явахгүй байна. Засгийн зүгээс топ менежерийг тавих хэрэгтэй. Гэхдээ Засаг төрийнөмчит компанийн ажилд оролцохгүй байх юм. Төр оролцсоноос болж төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байна. Ялсан нам хүнээ тавьдаг биш мэргэжлийн хүнийг нь тавьж чаддаг болчихвол нам, улс төр рүү тэмүүлдэг хүмүүс багасч бизнесийнхэн улс төр рүү бус бизнестээ анхаарал хандуулаад явчихна. Засгаас тэр тухайн чигийнх нь мэргэшсэн менежерийг урьж авчраад хоёр жилийн дотор ашигтай ажиллуулж чадах уу гэдгийг нь асуу. Чадна гэвэл улс төрд мөнгө өгөхгүй ганцхан компаниа хөл дээр нь зогсоо гэдгийг нь хатуу сануул. Төрийн өмчит компаниуд улс төр хийгээд байвал явахгүй гэсэн үг. Ийм их баялагтай манайх шиг орон хоёр жилийн дотор босоод ирэх бүрэн боломж байна.

Э.ЭНХБОЛД