Завханы гэх тодотголтой Я.Санжмятавын талаар “но”-той, “ноц”-той мэдээллүүд хэвлэл мэдээллийн хуудсуудаар хөвөрсөөр байна. 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өмнө нь Завхан аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан.  Тиймээс тэрбээр Засаг дарга байхдаа санаачилсан болоод эхлүүлсэн ажлаа дуусгах гэж энэ сарын 20-24-ны өдрүүдэд “Өсвөрийн монгол шатар-9999” тэмцээнийг Завхан аймгийн 24 суманд нэгэн зэрэг зохион байгуулжээ. Үүнтэй зэрэгцээд түүнийг энэхүү арга хэмжээндээ багагүй мөнгө цацсан гэх яриа чих дэлсэж эхэллээ. Завханыхан ч “Сайд маань хоншоортой зан гаргаж байна даа” хэмээн ам ам уралдсан ярьсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, мөнгийг ч баруун, солгойгүй цацсан сурагтай.  Тухайлбал, шатрын тэмцээнийг нэгэн зэрэг бүх сумдад зохион байгуулахын тулд 10 мянган шатар хийлгэжээ. Зарим хэвлэл мэдээлэлд онцолсноор нэг шатрыг ойролцоогоор 16 мянган төгрөгөөр хийлгэсэн гэнэ.  Тэгэхээр 10 мянган шатар 160 сая төгрөг болсон гэсэн үг. Түүнчлэн эрхэм сайд шатрын тэмцээний нээлтэд нэгэн зэрэг очихын тулд хэд хэдэн сумдад нисдэг тэрэг хөлөглөн очиж олныг алмайруулж орхижээ. Мөн бүх сумдад орой нь шоу арга хэмжээ зохион байгуулж, ёстой л сайдын зангарагаа харуулсан гэнэ.  Гэхдээ нутгийн зон олон түүний эл баярхалыг тийм  ч таатай хүлээн аваагүй байна.  Учир нь өнгөрсөн жилүүдэд аймгийн Засаг дарга байхдаа хэл аманд орооцолдож, дорвитой ажил хийж байгаагүй нь нутгийн иргэдээс хасах оноо авахад хүргэдэг байсан байна.  

 

Я.Санжмятав сайдын эл байдлыг зарим учир мэдэх хүмүүс түүнийг 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа хийж байна хэмээн хардаж байгаа аж.  Нөгөө талаар сайд өмнө нь хийж байсан ажлаа дуусгах нэрээр ирэх 2016 оны сонгуульд одооноос  бэлдэж байгааг үгүйсгэхгүй.  Өөрөөр хэлбэл сайдын суудалд суусан бэл бэнчинтэй байгаа дээрээ иймэрхүү ажлаа амжуулаад явахыг бас л үгүйсгэх аргагүй юм.  Тэрбээр Завхан аймгийн Засаг даргын албан тушаалыг хашиж байгаад 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан.  Тэгэхээр ирэх 2016 оны сонгуулийн нүхээ эртнээс ухаж байж магад хэмээн Завханыхан хардаж байгаа аж. Мэдээж дээрх арга хэмжээнүүд 2016 онд түүнд нэмэх оноо болно.  

 

Түүнчлэн сайд Я.Санжмятавыг яагаад одооноос хөдөлгөөнд ороод эхдэв  гэж бас зарим нэг нь сонирхож байгаа аж.  Өөрөөр хэлбэл, Я.Санжмятавын танхимын тэргүүн Н.Алтанхуяг УИХ-ын намрын чуулган эхлэхээр Засгийн газрын бүтцээ өөрчилж, сайд нараа цомхтгоно гэж мэдэгдсэн.  Гэтэл цомхтголд орох яамдын тэргүүн эгнээнд Хөдөлмөрийн яам орчихсон байгаа юм.  Тэгэхээр шууд утгаараа Я.Санжмятав сайд удахгүй сайдын зөөлөн суудлаасаа буух нь тодорхой болж байгаа юм.  Энэ бүхнийг тэрбээр урьдчилсан тооцож Завхан нутагтаа дээрх  арга хэмжээг зохион байгуулсан гэлтэй. Гэхдээ улстөрчдийн өөрсдийн яриагаар бол сонгуулийн маргаашнаас нь эхлэн дараа жилийн сонгуулийн сурталчилгаагаа хийдэг гэлцдэг.  Үүнтэй адил Я.Санжмятав сайд шоу, шатрын тэмцээн зэргээр ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд ийн эртнээс бэлдэж байна хэмээн олон нийтэд харагдаж байна.

 

Д.Анар