Чингис хаан “Мөнх хөх тэнгэр” –ээс ялалтыг гуйн залбирснаар 13 дугаар зууны эхээр өргөн уудам нутагтай Монголын эзэнт гүрнийг байгуулан гайхалтай амжилтад хүрсэн билээ.

21 дүгээр зууны шинжлэх ухаан түүний зөв байсныг баталж магадгүй. Шинжээчид эртний модны цагиргийг судалснаар Их хаан онцгой сайхан цаг агаартай байсан 15 жилийн хугацаанд хүчирхэгжсэн болохыг  нотолсон байна.

 

Ар араасаа дараалан жил бүр цаг агаар сайхан, бороо хуртай байсан учраас ургацын гарц нэмэгдэж, хоол хүнс элбэг дэлбэг болж, мал сүрэг өссөнөөр цэргийн хүчийг бэхжүүлэх нөхцөл бүрджээ. “Монголын эзэнт гүрний үед орж байсан хур бороо онцгой их хэмжээтэй байсан. Энэ бол өнгөрсөн мянган жил дэх 10 гаруй жил үргэлжилсэн цорын ганц удаагийн арвин их бороо юм” гэж Төв Массачусетс дахь Харвардын ойн экологич Нейл Пэдэрсон ярьж байна.

Харин сүүлийн үед Монгол дахь уур амьсгалын түрлэг дээрхээс огт эсрэг тийш шилжиж байна. 2000-2010 оны хоорондох 10 жилийн хугацаанд маш хүчтэй ган болсон нь мянган жилд тохиосон хамгийн хүнд хэцүү үе байлаа. Өнөөдрийн Монгол бол дайчин цэрэг эрс бус харин малчид юм. 3 сая орчим хүн алаг цоог ой мод, уулсаар хүрээлүүлсэн өргөн уудам цөл болон тал нутагт амьдарч, Орос, Хятад хоёрын дунд хавчигдан байна. Цаг агаар Чингис хааны үр хойчийн аж амьдралд маш ихээр нөлөөлсөөр байгаа бөгөөд тэдний ойролцоогоор гуравны нэг нь өвөг дээдсээсээ өвлөсөн хагас нүүдлийн маягаар гэрт аж төрж байна.

Зурагт болон нарны зайн хураагуур бол энд түгээмэл дүр зураг, гэхдээ малчид Монголын хатуу хахир орчны талаарх мянган мянган жилийн турш хуримтлуулсан мэдлэгтээ ихэд найдна. Энд өвөлдөө 26 хэмээс дээш хүйтрэх бөгөөд хурын ус татрах, халуун, хүйтэн болох, цас бороо орох зэргийг урьдаас таамаглаж чаддаг байсан бол сүүлийн үед энэ нь алдаж онох болжээ.  “Би цаг агаар яагаад тогтворгүй болоод байгаагийн учрыг мэдэхгүй, гэхдээ үүнд санаа их зовж байна” гэж говийн малчин бүсгүй 47 настай С.Ургамалцэцэг ярьж байна. “Зун нь хэт халж, элсээр шуурч байна,  өвөлдөө хэт их эсвэл маш бага цас ордог” гэж тэрбээр учирлан хэллээ. Тэднийх 2010 оны их цаснаар хонь, ямаа, адуу нийлсэн нийт мянга орчим малаа цасан шуурганаар алджээ.

 1940 оноос хойших хугацаанд Монголд агаарын жилийн дундаж хэм Фраенгейтийн 3,8 хэмээр өсөж, өвөлдөө хүйтний эрч нэмэгдсэн байна. Өвөл тохиодог байгалийн гамшиг болох “зуд” нь мал сүргийг үй олноор нь хөнөөж, түүний давтамж нь улам бүр ойртсоор байгаа аж. 2010 оны зуднаар 8.8 сая малаа алдсан нь улс орны эдийн засгийн 4.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал юм.

Бөөгийн шашин шүтдэг хөдөөгийн монголчууд “уул уурхайгаас болж цаг агаар өөрчлөгдөж байна” хэмээн буруутгана. "Монголчуудын итгэл үнэмшлээр бол газар, тэнгэр хоёр хоорондоо холбоотой байдаг" гэж Оксфордын их сургуулийн газарзүйч Трой Штернберг ярьж байна.

Үнэн ч бай, худал ч бай уул уурхайн салбарын өсөлт болоод ноолуур хөөсөн малчид бэлчээрийн даацыг хэтрүүлсэн нь асар их цөлжилтөд хүргэж байгаа юм. Зарим судалгаагаар Монголын бэлчээрийн 70 хувь нь “доройтолд” ороод байгаа ажээ.

Д.Нямтулга