Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг гарсан нь инээд хүрч, элэг хөшмөөр тоо баримтаар дүүрэн юм. Төрийн түшээдийн зарим нь яасан ч ядуу юм бэ. Гахай явган, нохой нүцгэн нөхөд олон байна шүү, цаана чинь.
 
 
Хөл дүүжлэх унаагүй зарим нь такси барьж амьдардаг бололтой. Төрийн тэргүүн нь ч, төрийн түшээд нь ч хувьдаа машингүй гэхээр баян иргэдийнх нь машин хотын замыг түгжрүүлдэг гэж ойлгохоор байна. Ингэж хэлэхээр зарим нь сонгуульд ялах гэж байдгаа зарсан биз, хөөрхий.
 
 
Эсвэл нэр дэвших гээд машинаа ломбардаад авч чадаагүй гэнэ лээ гэх байхдаа. Гишүүд нь ч дүүрч гэж бодсон чинь УИХ-ын дарга З.Энхболд . хүртэл машингүй юм байна шүү дээ. Жирийн гишүүн байхдаа Их тэнгэрийн аманд хаяа залгаа амьдардаг намын нөхдийнхөө машинд дайгддаг байсан байх.
 
 
Одоо харин УИХ-ын дарга юм чинь төрийн хамгаалалтынхан үйлчлээд сайхан байгаа байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л хувьдаа машингүй гэнэ. Эр хүн унах сайн морьтой байх ёстой хэмээн монголчууд хэлэлцдэгийг санавал орчин үед хөл дүүжлэх унаагүй төрийн түшээг юу ч гэмээр юм бэ дээ.
 
 
За тэгээд Д.Арвин, Н.Батцэрэг, Л.Болд, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, Л.Эрдэнэчимэг нарын явган гишүүд байдагт итгэсэн юм шиг л байхаас даа.
 
 
Ц.Нямдоржийн хувьд ч яах вэ, өнгөрсөн жил түрээсийн байранд амьдардаг, телевизор ч байхгүй гэдгээ ичиж нэрэлхэлгүй хэлж байсан. МАХН-ын ахмадуудын буянаар 11 инчийн телевизортой болсон. Энэ жил орон сууц гэсэн хүснэгтэд 1 гэж тэмдэглэснийг үзэхэд толгой хоргодох юмтай болсон бололтой.
 
 
Тэгэхдээ унах унаагүй л яваа юм байна. Нэг хэсэг нь ийм байхад машинаар бороо оруулдаг толгой баячууд ч УИХ-д цөөнгүй. Тухайлбал, хөрөнгө орлогын мэдүүлэгийн жагсаалтыг хөрөнгөөрөө тэргүүлсэн Б.Наранхүү Дундговийн наадмын түрүүг машинаар байлж, энд тэндхийн ойн баярт "Lexus GX 470" -аар бороо оруулж олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай.
 
 
Ямар ч байсан энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг ийнхүү гарч, хошин шогийнхныг багагүй сэдэвтэй болголоо. Төрийн ордонтой хаяа залгадаг Соёлын төв өргөө нэртэй хошин шогийн ордон энэ хаврыг инээд наргиан дүүрэн өнгөрөөх биз ээ.
 
 
Ч.Зотол
 
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин