Монгол улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголчуудын зүрх сэтгэлд бахархан дуурайх хүний нэг болсон дилав хутагт Жамсранжавын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг “Аригүмедиа” компани, Улаанбаатар хотын музей, “Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулж байна.

Гэрэл зургийн үзэсгэлэн 2014 оны 10-р сарын 08-ны 11:00 цагт УБ хотын музейд нээлтээ хийж, 7 хоногийн турш олон нийтэд толилуулна. Үзэсгэлэнгийн үеэр хутагтын тухай баримтат кино нийтийн хүртээл болгож, лекц зохион байгуулна. Мөн дилав хутагт жамсранжавд зориулсан буяны номыг Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд хурна. "Аригүмедиа” компани, “Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ 2009 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг дилав хутагт Жамсранжав болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь нутаг тэмцэж явсан нэр, алдар гавьяа нь бүдгэрсэн бусад эх орончиддоо зориулан уламжлал болгон тэмдэглэж байна.
    Ар халхын 84 шидтэний нэг хэмээн алдаршсан Дилов хутагтын хувилгаан Б.Жамсранжав XV жарны хөх бичин жилийн намрын дунд сарын 15-н буюу аргын тооллын 1884 оны 10-р сарын 08-нд тэр үеийн халхын Засагт хан аймгийн хотгойдын цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын ойгон нуур багийн нутаг Ойгон нуурын ар бие Баян айраг уулын "Энгэр түшлэгийн булаг" гэдэг газар Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэмчиг бурханы Бүрэлбаа, Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн тодорч одоогийн Завхан аймгийн шилүүстэй сумын нутагт оршиж байсан. Норванчин хийдэд шавилан суусан байна.

Тэрээр 5 настайдаа банди, 7 настайдаа равжун, 21 насандаа гэцэл, 25 насандаа цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртсэн байна. Тэрээр Ховдын хязгаарын Шар сүмийг тэргүүлж байв.  1923 оноос Улиастайн сайдаар ажиллаж байгаад 1928 онд дотоодыг хамгаалах газрын даалгавараар Хятадад тагнуулын ажилаар гарч улмаар Чан Кай Ши-гийн дэргэд ажиллах болжээ. Тэрээр дэслэгч Жамсран нэрээр тагнуулын мэдээ явуулж байсан нь өдгөө тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Гэсэн хэдий ч зүдэг хар цагийн эрхээр тэрээр буруутгагдаж хувьсгалын эсэргүү нэр зүүн хэлмэгдсэн байна.

Дилов хутагт Б.Жамсранжав Хятадын ерөнхийлөгч Чай Кай Ши-гийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатай. хилс хэрэгт буруутгагдсан.Тэрээр нутагтаа эргэн ирэхийг нэлээдгүй оролдсон ч энэ нь тухай бүр бүтэлгүйтэж байсан учир өөрийн найз АНУ-ын Монголч эрдэмтэн О.Латтиморын санал санаачлагаар АНУ-ын Нью-Йорк хотын Нью Жерсид амьдрах болсон байна. Нью Жерсид амьдрах хугацаандаа тэрээр АНУ-д амьдарч буй халимаг ирэгдийг цуглуулан оюун санааны хувьд удирдан чиглүүлж байсны дээр 1961 онд Монгол улс НҮБ-д элсэхэд түүний оруулсан хувь нэмэр тун их юм.

1964 онд монгол улс АНУ-д элчин сайдын яамаа нээхэд тэрээр бараг орой бүр тэнд ирж хашаан дотор тоглож буй монгол хүүхдүүдийг харан нулимас дуслуулж суусан гэдэг. Цагийн эрхээр буруугүй буруутан болж нутагтаа эргэн очих эрхгүй болж хэлмэгдсэн түүний зүрхний цохилт бүр нь Монголоо хэмээн цохилсоор.1965 оны 04-р сарын 08-ны өдөр 82 насандаа жанч халсан байна. Түүний ээдрээтэй амьдралын түүх эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.

www.URLAG.mn