Монгол киночдыг өмөөрөхийн учир
2014/10/20
-Монгол киночдыг өмөөрөхийн учир -
Цаг ч сайхан болж дээ. Үзэх харах юмгүй гиюүрэн, гудманд лааз өшиглөн явсан цаг саяхан л санагдах юм. Гэтэл одоо өдөр болгон шахуу л шинэ кинонууд мэндэлж, кино театрууд ашигтай ажиллаж байна гэж жигтэйхэн. Цагийг хөгжилтэй өнгөрөөх газар хомс манайх шиг оронд залуус маань ядаж үзэх юмтай болчихлоо шүү дээ. Аливаа юм хоёр талтай гэдэгчлэн сайлах нэгэн байхад муулах хүмүүс олон. Монголд кино бүтээгчид борооны дараах мөөг шиг олширлоо, киноны чанар муудаж, өгөөж нь буурлаа л гэх. Дээрхи дүгнэлттэй маргахын аргагүйгээр Монголд маш олон кино мэндэлсээр байгаа нь ч үнэн. Гэхдээ бүгдийг нь муучлах нь дэндүү өрөөсгөл ойлголт болох юм. Өрсөлдөөнт зах зээлт нийгмийн жам ёсоор сайн зүйлс араасаа саарыг чирэх нь бий. Манайханд нийтлэг нэг ойлголт байх. Удаан хугацааны туршид бүтсэн кино чанартай богино хугацаанд хийсэн кино эсрэг үр дүнтэй байх гэсэн ойлголт өдгөө учир дутагдалтай юм. Мэдээж хэрэг бидний багад гардаг байсан алтан үеийн жүжигчдийн тоглосон кинонуудыг үзээд бахдаад ханахгүй. Зохиол, жүжиглэлт гээд өөлөх зүйл үгүй. Гэхдээ хальсны камераар зураг авдаг байсныг энд мартаж болохгүй. Өнөөх урт удаан хугацаанд бүтдэг киноны ихэнх хугацаа авсан хальсаа боловсруулахад зориулагдсан байсан юм шүү. Мэдээж хэрэг авсан дүрс бүрийнхээ чанарыг тухай бүрт нь хянах боломжгүй учраас хальсаа боловсруулсны эцэст чанаргүй кадр байвал ахиж зураг авна гэгчилэн ажиллагаа даанч их. Орчин үед NX EFES 700, 4 к форматтай, 5.1 дуу авдаг Slo motion камераар зураг авч байна. Мөнгөтэй чадалтай зарим технологийн дэвшлийг илтгэсэн 1.43 кг, фокусын болон экспозицийн тохиргоонуудыг нь автомат биш механик аргаар хийгддэг, 30 fps-т 1920х1080 кадр багтаах боломжтой камераар кино зураг авч байна. Мөн усны хамгаалалттай 1280Ч720 өндөр нягтралтайгаар секундэд 30 фрэйм зураг авдаг камераар ч усан доорх зургийг авдаг болж. Ийнхүү технологийн дэвшил цаг минутаар ахиж хөгжиж байхад монгол киночдын кино хийх арга, бүтэх хугацаанд ахиц гарахгүй гээд ч яах юм. Энд бас киноны утга агуулгын асуудал яригдана. Бид хуучин сэтгэлгээнээсээ салах дургүй хүмүүс юм шиг байгаа юм. Гүн ухааны ч юмуу утга агуулгатай хуучны ахуйн ёс заншлаа харуулсан кино хийхээ больж гэцгээдэг. Гэтэл цаана чинь дэлхийн кино урлаг аль хэдийн өөр зүйлийг эрэлхийлээд байна шүү дээ кино үзэгчидээ. Компьютерийн тусгай эффектийг өргөнөөр ашиглан , гүн ухааны элдэв санаанаас татгалзсан цэвэр арилжааны бүтээлүүд өнөөдөр дэлхийн кино урлагийг байлдан дагуулж байна. Тэртээ социалист нийгмийн үе шиг улсаас мөнгө төсөвлөж “төрийн захиалгаар” үзэл суртлын өндөр түвшний кино хийх шантаажаар өгдөг байсан үеэс татгалзах цаг иржээ. Хойд хөрш маань л гэхэд жил бүр 100 уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэлээ. Нэлээдгүй тоо байгаа биз. Тэгвэл одоо монгол кино үүсч хөгжиж ирсэн түүхэн замналаа эргэн харцгаая. Монгол улсын тухайд кино урлагийн гараа 1930 онд "Майн 47 жилийн ой" хэмээх дуугүй баримтат киногоор эхэлж байж. Ингээд л 1936 онд "Монгол хүү", 1942 онд "Сүхбаатар", 1945 онд "Цогт тайж" зэрэг алтан үеийн жүжигчид дүрээ мөнхөлсөн түүхэн кинонууд үзэгчдийн мэлмийг баясгаж эхэлсэн юм. Гэхдээ уншигч та энд түр анзааран зогсогтун. Кино мэндэлж эхэлсэн он цаг дараагийн киног өлгийдөж авах хугацаа нь 6-7 жилийн зай байна. Монгол улс монгол хүн дэлхийн хөгжилд хөл тавьж, урлаг уран сайхантай танилцах үйл явц цэцэглэн мандаж байсан ч Монголд үйлдвэрлэсэн кино даанч урт удаан үйл явцтай бүтэж байв. Кино хэмээх урлагтай танилцаж, шимтэн дурлах болсон үзэгчиддээ цөөн хэдэн монгол киногоо ахин дахин үзүүлээд байна гэж юу байхав. Дараагийн кино мэндэлтэл ор хоосон харанхуй байлгана гэж бүр ч үгүй. Ингээд л энэ завсраар эв найрамдалт орны кинонуудаар бөмбөгдөх болсон байна. 60-70-аад онд монголчуудад Европын соёлыг анхлан түгээсэн "Аминаас чухал үйлс", "Нохойтой дөрвөн танкчин" зэрэг олон ангит киног үзэж дэлхийтэй танилцаж байв. Нэг талаараа харийн кино урлагийг таниулан сурталчилах нь сайн үйлс байж болох ч нөгөө талаар түүхэн бодит үнэнийг мушгин гуйвуулж хүүхэд залуучуудын тархинд буруу үр тарьсан нэг ёсны тархи угаалтын эхлэл байлаа. Социалист нийгмийн үеэс эхэлсэн кино урлагаар дамжуулсан тархи угаалт ардчилсан нийгэмд улам хүчээ аван цэцэглэсээр л байна. Биднийг кино урлагтай танилцуулж байсан Орос, Польш кинонуудын халааг солонгос сериалууд үргэлжлүүлэн нэр төртэйгөөр авч, улам эр хүчээ авсаар байна. Монголд өдгөө 40 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байгаагаас дийлэнх нь буюу талаас илүү хувь нь Солонгос савангийн дууриар эфирээ бөглөсөөр л. Суваг солих бүрийд гарч л байх Со кинонуудын ахуйн хэрүүл, цусны өвчин, компанийн агшин зуурын дампуурал зэрэг тулга тойрсон дүрслэлийг бид өөр зуураа зэвүүцэн ярьдаг ч гарах цаг нь дөхөөд ирэхээр дуулгавартай нь аргагүй телевизийнхээ өмнө сууцгаадаг нь юуны ёр вэ? Залуу хойч үе маань монгол ахуй соёлоосоо алсарсаар байна хэмээн халаглах хүмүүс олон. Үдэш бүр нэг ч биш нэлээд телевизүүдээр ээлжлэн гарах солонгос киног үзэж буй хүүхдүүд маань солонгос баатрын дүрд хувиран тоглож байгааг юу гэх вэ? Энэ нь Монголд бахархан дууриах баатар олдоогүйдээ ингэж тоглоод байгаа хэрэг огт биш. Тэд зүгээр нэг дайн тулаантай кино гаргахдаа хүртэл үүх түүх рүү маань аймшигтай дайралт хийж байна. Солонгос Хүннүчүүдээс гаралтай, XIII зууны Татар Монголчуудын дийлэнх нь Солонгос хүмүүс байсан гэх мэтчилэн кинондоо дурьдаад байхаар өсвөр үеийн үрс маань буруу ойлголттой өсөхөөс яалтай. Нийтлэлийг маань уншигч та зөвөөр ойлгоосой хэмээн хүснэ. Энд гадны кино нэвтрүүлэг бүрийг үзэхийг тас хориглож буруушаасан хандлага гаргасангүй. Харин ч ард иргэдийн тархи угаасан гадны бүтээлүүдийг бодлогын чанартай цэгцэлж монгол тархинаас үйлдвэрлэсэн бүтээлүүдээ дэмжээсэй хэмээн уриалахыг хүслээ. Энд бас л монголчууд бидний хамгийн сайн чаддаг тамын тогооны үлгэр давтагдана. Орчин цагийн кино бүтээгчид болох найруулагч Д.Галбаяр, Ж.Сэнгэдорж, Пусаны олон улсын 18 дахь кино наадмын нэр хүндтэй “Шинэ давалгаа” уралдааны тэргүүн байрын шагналт найруулагч С.Бямба, СТА Ц.Хүсэлбаатар нарын найруулагчид монголын кино урлагийн ертөнцөд үнэтэй хувь нэмрээ оруулсаар л байна. Тэгээд ч сүүлд нээлтээ хийж байгаа кинонуудын чанар илт сайжирсан, найруулгын алдаагүй, буруу эвлүүлэг, дутуу жүжиглэлт бараг үгүй болсон гэхэд болно. Бид хийж бүтээж байгаа, зорьж хүсч, зүтгэж тэмүүлж яваа нэгнээ бид элдвээр хэлж, гоочилох дуртай хүмүүс. Гэтэл борооны дараах мөөг шиг олон кино байсан цагт тэнд өрсөлдөөн байна. Өрсөлдөөн дундаас шилдгүүд тодорно. Олон киноны сонголттой байгаа цагт үзэгчдийн сонголт мэргэн байна. Мэргэн сонголтын дундаас чанаргүй нь сугарч үлдэнэ. Дотоодын бүтээгдэхүүн хүчээ авсан цагт, гадны бүтээлүүд яалт ч үгүй шахагдан буцна гээд өнөөх олон "мөөг"-ний ач тус их бий. Дээр нь кино бүтээгчид маань бор зүрхээрээ тун бага төсвөөр уран бүтээлээ туурвиж байна. Кино хийхэд гарах зардал, уран бүтээлчдийн цалин, бусад урсгал зардлууд кино бүтээх хугацаа уртсах тусам л нэмэгдэнэ. Гэтэл гаргасан зардлаа нөхөх хугацаа харамсалтай нь үнэхээр богино. Нийслэлдээ байх тоотойхон хэдэн кино театртаа цөөн хэдэн хоног үзүүлээд л тухайн киноны хугацаа дуусдаг. Учир иймээс л бага зардлаар хурдан эргэлтэнд оруулах бүтээл туурвихаас аргагүй байдалд хүрдэг ч зовлон бий. Энэ мэтчилэн кино бүтэх нарийн ширийн зүйлсийг ард түмэн мэдэхгүй байх нь аргагүй. Уран бүтээл хийж буй хүнд зовлон мундахгүй, зүгээр сууж буй хүнд шалтаг олон гэх үгсийг хойш тавьж юм хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжээд үзвэл ямар вэ? Энд кино бүтэх хугацаа, чанарын асуудал гээд жижиг зүйл яригдаж байгаа ч цаана нь улс эх орны минь тусгаар тогтнол, ард түмнийх нь соёлын асуудал, эх оронч сэтгэлгээ давхар хөндөгдөж байгааг анхаарцгаая. Кино бүтээгчид маань ч үзэгчдийнхээ шүүмжийг анхааран сонсож уран бүтээлдээ чанарын өөрчлөлт хийнэ гэдэгт найдаж байна. Аль аль талдаа анхаарч бие биенээ дэмжиж амьдарья. У.Дашбат