Онол практик гээд аль ч талаасаа үзэл баримтлал байтугай сүүдэр нь ч нэгсэмгүй улстөрийн хоёр хүчин 2024 он хүртэл зөгнөлийн гэмээр гэрээ байгуулчихсан нь их улстөрийг жинхэнэ утгаар нь хөдөлгөөнд оруулчихлаа.

Үүнээс гадна ард түмэн, ажиглагчид, судлаачид жинхэнэ утгаар нь гайхаж, ёстой л “бодоод бодоод бодын шийр дөрөв” болгочихоод сууна. Шууд утгаараа Төрийн эрхийг барьж байгаа АН, МАХН-ыг  гал хамгаалагчаар авчихсан хэрэг. Чухам хаана ямар газар хүртэл гал хамгаалуулахаар авсныг ёстой тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг. Мэдээж энэ 14 заалт бүхий гэрээнд МАХН-д ашигтай зүйл олон бий. Харин агуулга талаасаа АН-д ашигтай зүйл нэгээхэн ч үгүй. 

 

    Бүх талаасаа Н.Энхбаярт алдах зүйл нэгээхэн ч алга. Тэртээ тэргүй гудамжинд яваа МАХН-ын дарга юунд алдах билээ дээ. Харин АН олон зүйл дээр алдаа хийлээ, алдах алдахдаа алд дэлэм алдав. Намаа устах хүртэл аюулд авчирлаа. Н.Алтанхуягийн суудлаа хадгалж үлдэх гэсэн улайрал нь хорин хэдэн жил бархирсан худлаа ч гэсэн ардчилал хэмээх зүйлийг нь устгалаа. Одоохон ҮЗХ-ны хурлаа хийж Н.Алтанхуягаа зайлуулахгүй бол энэ нам байх эсэх тухай асуудал зүй ёсоор тавигдаж таарна. 

 

    Өчигдөр Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, намынхаа даргын энэ увайгүй үйлдлийг таслан зогсоох тухай ширүүхэн ярьсан төдийгүй, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Н.Энхбаярын хувьд Н.Алтанхуягийн эсрэг босч байгаа нийгмийн хандлагыг хараад хөх инээд нь хүрч суугаа. Өөртэй нь хамтрах гэрээнд гарын үсэг зурчихсан Н.Алтанхуягийг үнэнхүү тэнэг хүн юм аа гээд хөх инээд сүүмэлзүүлж суугаа биз ээ. Энэ хэсгийн үзэгдэл бол Н.Алтанхуягт л чухал болохоос Н.Энхбаярт бол зүгээр л улстөрийн зугаа төдий л байгаа.  

 

    Магадгүй, Н.Энхбаяр Н.Алтанхуягтай хамтрах болсон нь өөр улстөрийн хүчний өдөөн хатгалга ч байж болно. Ерөнхий сайд маань урхинд орсноо одоо л ойлгож суугаа биз дээ. Гэхдээ өдий болтол улстөрийн тогоонд чанагдаж сайн гэхээсээ илүүтэй муу аргад суралцсан Н.Алтанхуягт бас нүүдэл байх нь гарцаагүй. Чухам Н.Энхбаяр нараасаа цаадхийг харж чадсан эсэх нь тун удахгүй харагдаж таарна. Юутай ч тэр АН доторх хамгийн хүчирхэг фракцийг толгойлдог. Тэгэхээр АН-ын ҮЗХ-г хуралдуулах эсэх нь ч түүний улстөрийн тоглолтоос шалтгаална. Зөвхөн үүгээр зогсохгүй, Засгийн газар, Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудал УИХ-аар хэлэлцэхэд 39 гишүүний гарыг өргүүлэхгүй байх эсэх нь ч түүнээс хамаарна. 

 

      Анзаарч харахад, сөрөг хүчний 25 гишүүн, бие даагч гурав, Ж.Батзандан, М.Зоригт, Х.Баттулга нартай нийлэхээр 30 гаруй нөхөр Ерөнхий сайдыг огцруулахаар бат зогсоно. Харин 39 тоонд хүрэх эсэх нь түүний л зохицуулах асуудал. Ямартай ч Н.Алтанхуяг өөртөө гал үүрч, Н.Энхбаяр алдах юмгүй инээж суугаа даа. 

 

А.Гал