Нийслэлийн II дунд сургуулийн сурагч сургуулийнхаа хашаанд амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-нд гарчээ.

Эх сурвалжууд “Долдугаар ангийн эрэгтэй хүүхэд байсан. Тухайн сурагч хайр сэтгэлийн асуудлаас болж амь насаа алдсан” талаар дурдаж байгаа юм. Иймд хэрэг явдал юу болсон талаар сургуулийн орчинд очиж сурвалжиллаа. Бид өчигдөр үдээс өмнө буюу 11.00 цагийн үед II дунд сургуулиар очиход тухайн өдрийн жижүүр сурагчид болох 10А бүлгийн зургаан хүүхэд сургуулийн үүдийг хааж зогссон байв. Бид сургууль руу орох гэхэд “Хаанаас яваа юм. Гадны хүн оруулахгүй байгаа. Оруулбал биднийг шийтгэнэ, багшийн цалин гаас хасна гэсэн” гээд хавьтуулсангүй. Бид дээрх хэргийн мөрөөр явж байгаагаа учирлавал сургуулийн жижүүр өвгөн цаанаас гарч ирээд “Энэ талаар ямар ч мэдээлэл өгөх хүн байхгүй. Дээрээс тийм үүрэг даалгавар өгсөн” гэв. Ингээд хэвлэлийнхэн удтал хүлээсний эцэст Нийгмийн ажилтан Н.Даваажаргал, Дотоод хяналтын менежер Н.Цэцэгмаа нар гарч ирсэн юм. Тэд “Талийгаач сурагчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа. Тиймээс ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн. Мөн ЦЕГ-т уг хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй байхыг бидэнд анхааруулсан. Хэргийг шалгаж дууссаны дараа сургуулийн удирдлагууд албан ёсоор мэдээлэл өгөх болно” гэв. II сургуулийн гадна ямар ч хүнгүй, хөл хөдөлгөөн бага байлаа. Эцэг эхийн төлөөллөөс гарч жижүүрлэдэг сургуулийн хоёр “цагдаа” гадна талбайд замын хөдөлгөөний дохиур барьчихсан зогсч харагдах. Тэднээс хичээл хэдэн цагаас завсарлахыг сураглавал “Уг хэрэг гарсантай холбогдуулан хүүхдүүдийг сургууль дотор нь завсарлуулж байгаа. Элдэв мэдээлэл тараана гэж болгоомжилж байгаа байх. Зөвхөн хичээл нь тарсан хүүхдүүдийг л гаргаж байна” гэсэн юм. Ингээд хэрэг болсон газрыг сураглаж сургуулийн барилгын зүүн талаар хойш эргэвэл хөл бөмбөгийн талбай, бага сургуулийн хичээлийн байр байна. Түүний хажуу талд нэлээд олон жил ургасан байх гэмээр сүглэгэр модод навчаа гөвж нүцгэрчээ. Хөл бөмбөгийн талбайд тоглож байгаа хүүхдүүдээс уг хэргийн талаар лавлахад “7-гийн Г бүлгийн сурагч Х энэ модноос өөрийгөө боомилчихсон гэсэн. Энэ хэрэг хичээл тарснаас хойш орой 19.30 цагт болсон. Талийгаач Х нөгөө ангийнхаа нэг охинд “Надтай үерхээч” гээд захиа өгсөн юм билээ. Нөгөө охин нь зөвшөөрөөгүй гэсэн. Тэгээд ангийнхантайгаа сургуулийн хашаанд тоглож байгаад энэ модноос зүүгдэж өөрийгөө боомилсон гэсэн” гэж ам булаалдан шулганаж байв. Гэхдээ тус сургуулийн учир мэдэх хүний хэлж байгаагаар тухайн хүүхэд ямар нэгэн санаа сэдэлтэйгээр өөрийгөө боомилоогүй болов уу гэдгийг хэлсэн. Тухайн сурагч мод руу авирч байхыг харсан хүүхдүүд “Яах гэж байгаа юм бэ” гэхэд “Амиа хорлоно” гэж ороолтоо аваад модны мөчрөөс нэг үзүүрийг нь уяад нөгөө талаар нь хүзүүгээ ороож уясан аж. Тэгж байтал тухайн хүүхэд хөл алдсанаас ороолт нь чангарч амьсгал нь боогдсон гэдгийг хэлж байгаа юм. Ингээд тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд сургуулийн жижүүр, багш нартаа хэлж тусламж хүссэн боловч удалгүй амьсгал хураасан байна. Өөрөөр хэлбэл, уг хэрэг ажлын цаг тарснаас хойш буюу оройн цагаар болсон гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс гадна долдугаар ангийн 13 настай хүүхдийн хайр сэтгэл гэж туйлшрахаас илүүтэй бага насны хүүхдийн гэнэн томоогүй, болгоомжгүй байдлаас үүдэлтэй хэрэг гэдгийг эцэг, эхийн төлөөлөл онцолж байлаа. Тус сургуулийн долдугаар ангийн хичээл 13.00 цагт ороод тухайн өдрийн хичээлийн хуваариас шалтгаалан янз бүр тардаг байна. Энэ талаар талийгаач хүүгийн ээжтэй холбогдож тодруулахад “Бяцхан хүүгээ алдчихаад хэцүү байна. Хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд янз бүрийн юм хэвлэлээр яримааргүй байна” гэв. Талийгаач сурагч Сүхбаатар дүүргийн XIII хороонд оршин суудаг байжээ. 

 

ХЭРГИЙГ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН I ХЭЛТЭСТШАЛГАЖ БАЙНА 

 

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

 

- Танайд II сургуулийн хашаанд долдугаар ангийн сурагч амь насаа алдсан талаарх мэдээлэл хэзээ ирсэн бэ. Хэргийн шалтгааныг тодруулсан уу?

 

-Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах II сургуулийн хашаанд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж шалгахад тухайн хохирогч Х гэгч нь гадны нөлөөгүй амь насаа алдсан болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосон. Хэргийн газарт өөр ул мөр илрээгүй. Уг хохирогч Х нь өөрийнхөө амь насыг хохироосныг тогтоогоод Эрүү гийн хуулийн тусгай ангийн 95.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын I хэлтэст шалгаж байна.

 

-Сургуулийн удирдлагууд энэ талаар их нууцалж байна. Тухайн хүүхэд үерхлийн асуудлаас болж ийм алхам үйлдсэн гэж эх сурвалжууд онцолж байгаа. Мэдүүлэг өгсөн хүмүүс ямар тайлбар хэлсэн бэ?

 

Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас цагдаагийн байгууллагаас тодорхой шалтгаан нөхцөлийг хэлэх боломжгүй. Уг хэрэг дээр цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байна. Гэрчүүд болон холбогдох хүмүүсээс хуулийн хүрээнд мэдүүлэг тайлбар авч, насанд хүрээгүй хүмүүсээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хууль ёсны төлөөлөгчийн хүрээнд тайлбар авч байна.

 

- Тус хэргийг сургуулийн орчинд үйлдлээ. Уг нь эцэг эхийн төлөөлөл сургуулийн орчинд жижүүрлэдэг биз дээ. Мөн сургуулийн жижүүр ч гэсэн хараа хяналт муутай байна гэх шүүмжлэл гарч байна л даа?

 

-Ер нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тухайн сургуульд өмнө нь албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Танай сургуульд “School police” арга хэмжээ хангалтгүй хэрэгжиж байна. Иймд эргүүл хамгаалалтыг сайжруулах үүрэг өгсөн байсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуульд “School police” арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Ингэж эцэг эхээс төлөөлөл гарч эргүүл ажиллуулснаар сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг буурсан гэв.

 

Ийн уг хэргийн мөрөөр сурвалжилж явахад ерөн-хий боловсролын дунд сургуульд ахлах болон дунд сургуулийн сурагчдад тусгайлан сэтгэл зүйн хичээл орж баймаар санагдсаныг нуух юун. Тэд өөр өөр орчинд өсч хүмүүжиж байгаа учраас сэтгэл зүйн хувьд мөн зөрчилтэй байгаа. Тэр дундаа ахлах, дунд ангийн хүүхдүүд сэтгэл зүйн хэт хөөрөлд автах, сэтгэл санаагаар унах байдал их байдаг учраас аливаа эрсдэлд өртөх нь их байдаг талаар судлаачид хэлсэн байдаг. Мөн эцэг эх хүүхдээ бага гэж аливаа асуудлыг ярилцахгүй өөрсдийнхөө бодол санааг хэт тулгадаг байдлаас зөрчил үүсч ийм алхам хийхэд нөлөөлж байгааг ч үгүйсгэх арга гүй юм. Иймд сурган хүмүүжүүлэх хичээлийн хөтөлбөрт сэтгэл зүйн хичээлийг оруулж өгвөл зөв хүн болж төлөвшихөд нь нөлөөлж, тэднийг буруу үйлдэл хийхээс сэргийлэх нэг алхам болох болов уу.

 

Б.Цэцэгдэлгэр