“ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “Омарын эрэлд” нэртэй энэхүү адал явдалд инээдмийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

Киноны нээлт "Өргөө" кино театрт 14 цаг 30 минутаас, "Тэнгис" кино театрт 17 цагаас тус тус болно.

"Омарын эрэлд" киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.

Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон байна.

Дашрамд дуулгахад “Омарын эрэлд” киноны нээлтийг сэтгүүлчид ажлын үнэмлэхээрээ сурвалжлах боломжтой гэдгийг дуулгалаа.