Монгол улсын эдийн засгийг самарсан Н.Алтанхуяг Монгол төрийг самрах гэж байна. АН-ын ҮЗХ өнгөрсөн бямба гарагт болж өчигдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийв.  Гэхдээ тэд  хоёр өдөр шөнө сүртэй хуралдаад ч олигтой шийдвэр гаргаагүй ажээ. Аргаа барахдаа УИХ дахь АН-ын бүлгийн 34 гишүүний З.Энхболдоос бусдыг нь  Ерөнхий сайд болгохоор төлөвлөөд байгаа гэх.  33 хүнийг санал асуулгад оруулаад хамгийн их санал авсанг нь Ерөнхий сайд болгох юм гэнэ.  60 чавганц уралдвал нэг нь түрүүлнэ  гэдэг шиг  33 гишүүний нэг нь олонхийн санал авах л байх.  Үнэн хэрэгтээ  АН дахь бүлэг, фракцийн  амбицлал хэт их байгаа болохоор  тугалийг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй гэдэг шиг ийм шийдвэр гаргаж байгаа бололтой юм.  

Сайдын суудлын төлөө өнөөдөр хөнжилдөө хөлөө жийлцэж байгаа энэ байдалд хэн хүргэсэн бэ? Н.Алтанхуяг.  Мордохын хазгай байсныг  хэвлэлийнхэн, намынхан нь хэлж, ярьж, бичиж, учирлаж, шүүмжилсээр ирсэн. Гэвч мордохын хазгай нь  даамжирсаар өнөөдрийн энэхүү  эдийн засгийн болон улс төрийн гацааг бий болгоод байна.  Өнөөдөр Монгол улсад 28 дахь Ерөнхий сайдаа “төрүүлэх”, ирэх оны төсөв ярилцах шаардлага байна.   Мөн УИХ-аас 2014 оны 10-р сарын 15-ний өдөр долоон сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний улмаас Монгол Улсын Засгийн газрын 13 яамны 4 нь сайдгүй бүтэн сарын турш “Морь унасан толгойгүй хүн ” шиг байгаа. Толгой битгий хэл эзэн биегүй  3 яам байгаа бөгөөд  тэдгээрийг нэгтгэх,  салгах ажил уг нь байгаа.  энэ мэтээр цаг үеийн хувьд ярилцах, яаралтай шийдэх асуудал хангалттай олон байгаа.  Тэгтэл АН-ынхан тавлаж байгаа аятай  33 гишүүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ ч гэх шиг...

 

Энэ бол АН Монгол төрийг дорд үзэж,  асуудлааа шийдэж чадахгүй, лидергүй нам гэдгийг нь харуулж байгаа тод жишээ.  Н.Алтанхуяг лидер шиг лидер байсан бол өнөөдөр улс орон ингэж эдийн засаг, улс төрийн хувьд түгжилд орохгүй байсан.  Явсан суусан газар бүртээ  түгжил үүсгэдэг  Н.Алтанхуягийг  Норовын Алтанхуяг биш  Самардаг Алтанхуяг гэвэл таарна.