-Н.Энхбаяр ирж зургаа дахь засгаа огцруулж, намаа бутаргачихаад явлаа-
 

Би өмнө нь “Унасан бөхтэй барилдаж үзээгүй” тухайгаа бичсэнсэн. Тэгтэл өнөөдөр унасан бөх маань босч ирээд “Аварга, арслан, заан”-уудыг унагаагаад эхлэхээр өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлсэн маань энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Намбарын Энхбаярыг эх орныхоо агаар усыг санагалзаж, сүү цагаан идээгээ идэж уунгаа хэд хоног амрах гэж ирсэнд хүмүүс их л таатай угтах шиг болсон. Телевизээр уйлж дуулж, зүтгэж зүүгдэж байгаа харагдсан.

Тэгтэл мань хүн маргаашаас нь эхлээд л улс төрийн хороо найруулж эхэлсэн дээ. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг шиг Н.Алтанхуягтай нийлээд, намуудынхаа олон түмэн, тэр битгий хэл удирдах бүрэлдэхүүндээ ч танилцуулалгүй, хоёрхон биенийхээ эрх ашигт нийцүүлсэн 2024 он хүртэлх гэрээ гэгчийг байгуулчихсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүр дуулиантай гарын үсэг зурцгаана билээ. Энэ нь өвөр түрийдээ байсан хоёр намыг өр лүүгээ өшиглөлцөхөд хүргэж билээ.

Ардчилсан намынхны бухимдал туйлдаа хүрч “Н.Алтанхуягаас яаж салъя даа” гэсэн    байдал давамгайлсан. Зарим лидерүүд нь Ерөнхий сайдаа огцрохыг шууд санал болгож байсан.

Ингээд л Н.Энхбаяр гэж хүний найруулсан улс төрийн хорны шууд нөлөөгөөр зургаа дахь засаг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихлоо доо. Н.Энхбаяр ирж ийм хор найруулаагүй бол Н.Алтанхуягийн Засгийн газар дэнжигнэсээр өнөөдөр тогтсон л байгаа.

Сөрөг хүчнийхэн зайлшгүй эрх үүргийнхээ дагуу, эвслийн Засгийн газрыг огцруулах шаардлага тавилаа ч гэсэн, олонх нүцгэн цээжээрээ хамгаалан аваад үлдчихсэн, өнөөдөр Н.Алтанхуяг маань өнөөх л үлгэрээ яриад сууж байх байсан. Тэгсэнгүй. Өөрийн намынхан нь өр лүү нь хүчтэй өшиглөчихлөө.

Кноп дарахад МАН-ын 26-гаас гадна парламентад суудалтай бусад намаас 10 хүн огцруулах санал өгсний дотор Ерөнхий сайдын баруун гар олонхийн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хүртэл андуураад эсрэг кноп дарчихсан гэнэ.

Д.Эрдэнэбат гэгч хүн чинь, энэ зэргийн юманд андуурч будилах толгой биш шүү дээ. Хэзээ, хэнийг цааш нь нудрах вэ гэдгээ сайн мэднэ. Урьдаас нарийн тооцоолдог хашир “бурхи”.

Энэ мэтчилэнгээр, уур амьсгал Н.Алтанхуягийн эсрэг эргэснийг хүн бүхэн битүүхэндээ ойлгож байсан. Огцруулах гол үндэс нь Н.Энхбаярын найруулсан улс төрийн хор байсанд одоо хэн ч эргэлзэхгүй биз.

“Уруул нээвэл уушги нээ” гэсэн үг бий. Намбарын Энхбаяр гэж хүний найруулсан хор, идсэн, шамшигдуулсан бүх зүйл хууль хяналтын байгууллагуудад хадгалаастай байдаг юм гэж би дуулсан.

Өнөөдрийн эрх баригчид, хууль хяналтын байгууллагынхан бол Н.Энхбаяр гэж хүнийг яллахдаа биш, МАХН-ын дарга нэрээр нь улс төрд хор найруулагч болгон ашиглаж, олон жил төрийн эрх барьсан намыг хувааж, хүчгүйдүүлж байх л ганцхан зорилгыг агуулж байдаг. Хэрэгцээтэй үед тэрбээр ямар ч хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж чадна.

Улс орон дамжин явж, бүхэл бүтэн намыг санхүүжүүлж, гэр бүлээрээ гаднын улсаас орогнол хүссэн ч байж болзошгүй, энэ хүний туулсан зам хар нь цагаанаасаа илүү ч байж болох юм.

Өнөөдөр “Н.Энхбаярын хэрэг” гэгчийн гол байр суурийг эзэлж байдаг “Улаанбаатар таймс” сонины барилга гэгчийг хамгийн сайн мэдэх, дунд нь хохирч хотойж явсан хүний хувьд үнэнийг хэлэх цаг болсон гэж бодож байна. Амьд гэрчийн хувьд шүү дээ.

“Улаанбаатар таймс” сонин нь Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэлийн комбинат буюу одоогийн Төрийн ордны зүүн дэргэдэх балгасанд байрлаж байсан юм. Сонины ерөнхий эрхлэгч нь зохиолч сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, редакциа хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч нь би, аж ахуй, санхүү эрхэлсэн орлогч эрхлэгч нь Амар.

Хэвлэх үйлдвэртэйгээ 50 орчим ажиллагсадтай, зарим жил 20 мянган захиалагчтай болдог өдөр тутмын сонин байлаа. 1990-ээд оны дундуур буюу Н.Энхбаяр МАХН-ын дарга болсон үеэс л, сонины нэр солигдож, ер нь л дампууруулах талын бодлого илт ажиглагдах болсон.

Уул нь энэ сонин зуугаад жилийн түүхтэй, Монгол Улсын нийслэлийн төв хэвлэл шүү дээ. Тэгж байтал “МАХН-ын нэг том хүн сониныг дампууруулж, хувьдаа авах гэж байна” гэсэн дам яриа чих дэлсэх болж билээ.

Энд нэг зүйлийг хэлэхэд эрх баригчид аль нэг шунасан зүйлээ авахын тулд олон сар жилийн өмнөөс хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж байгаад хямдхаан авчихдаг хэвлэгдээгүй хууль бий. Одоо ч тэгж л байгаа шүү дээ.

Ингэж “Улаанбаатар таймс” сониныг хүчгүйдүүлж байснаа гэнэт нэг өдөр эрхлэгч Ү.Хүрэлбаатарыг маань хотын захиргаанд дуудаж аваачаад халчихсан. Дараа нь намайг халсан. Сонины 30 орчим ажилтныг хоморголон халсан.

Сонины эрхлэгчээр Н.Энхбаярын баруун гарын найз Ж.Саруулбуянг томиллоо. Миний оронд мөн л Н.Энхбаярын их ойрын хүн гэгддэг Оюунцэцэг билүү чимиг бил үү нэг эмэгтэйг  томиллоо. Гадаадын хүнтэй гэр бүл болоод явсан эмэгтэй амралтаараа ч юм уу, түр ирээд байсан л гэдэг юм.

Ингэж Н.Энхбаярынхан “Улаанбаатар таймс” сонинг эзэгнэх болсон. Бид 6000 захиалагчтай хүлээлгэж өгсөн сониныг 600 захиалагчтай болтол хүчгүйдүүлсэн. Дараа нь, бүр дампууруулж сураг тасарсан. Одоо байдаг эсэхийг мэдэхгүй.

Ийнхүү дампууруулж үнэгүйдүүлсэн “Улаанбаатар таймс” сонины барилга байшингаа Н.Энхбаяр эхнэр О.Цолмонгийнхоо нэр дээр хямдхан авч гэнэ хэмээн яригдаад буулгаж эхэлсэн л дээ. Энэ барилгыг нурах явцад хүний амь хохирсон. Хүн амины хэргийг нам дарж, барилгыг буулгахаа зогсоогоод одоо хүрч байгаа нь энэ.

Хамгийн гол нь, энэ балгасаас гадна улсын асар их хөрөнгө байсан. Тэр хайчсан бэ? “Улаанбаатар таймс” сонины шинэ хэвлэх үйлдвэрийг бид оруулж ирээд комбинатын цагаан хаалганы дэргэд хоёр давхар том барилгад байрлуулж байсан. Тэр яасан бэ? Хэвлэлийн комбинат буюу “Улаанбаатар    таймс” сонины, энэ балгас болоод байгаа барилгад Монголын хэвлэлийн олон арван машин техник байсан. Тэр хайчсан бэ?

Хэвлэлийн комбинатынханд гадна дотнын  дурсгалаар ирсэн үнэт зүйл, мөнгөн аяга, алт мөнгөн цомнууд, нэг бүхэл бүтэн модон хайрцаг дүүрэн зүйл байсан гэж хүмүүс ярьдаг. Тэр бүхэн хайчсан бэ, Миний бодлоор бол олон зуун сая төгрөгийн зүйл, энэ балгастай хамт үрэгдсэн гэж боддог юм.

“Чөтгөрийн дов” гэдэг шиг, энэ балгас хотын сүр сүлдийг даран одоо хүртэл эзэнгүй байгаа. Би ахмад сэтгүүлчийн хувьд, энэ барилгыг өөрийн гэр шигээ үзэн олон арван жил босгыг нь алхаж байсны хувьд, өнөө хэрнээ санал болгодог нэг зүйл бий.

Энэ балгас бол Монголын сэтгүүлчдийн цорын ганц өмч юм. Жанжин Д.Сүхбаатар маань энд үсэг өрөгчөөр ажиллаж байсан. Дараа нь манай хэвлэл уран зохиолын алдар суутнууд бүгд энэ хаалгаар дамжаад өнгөрсөн.

Сүүлд, Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлч Ц.Элбэгдорж “Улаан-од” сонинд ажиллаж байхдаа энд сонин уншиж л байсан байж таарна. МАН-ын дарга асан сэтгүүлч Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан Т.Ганди нар ч энд ажиллаж л байсан.

Одоо УИХ-ын гишүүн байгаа Н.Энхболд хэвлэлийн сургууль төгсгөж ирээд энд инженер байсан гээд олон зуун хүнийг нэрлэж болох юм. Тэгээд би энэ газар, балгас хоёрыг Монголын сэтгүүлчдийн эвлэлд өгчих гэдэг юм.

Монголын зохиолчдын эвлэл өөрийн гэсэн гурван давхар барилгатай, МҮЭ-үүдийн холбоо дөрвөн давхар ордонтой, биеийн тамир спортын байгууллага маань өчнөөн олон ордон танхимтай гэхчлэн олон нийтийн байгууллага бүгд л өөрийн гэсэн орох байртай.

Тэгтэл ганцхан Монголын сэтгүүлчдийн эвлэл л орох оронгүй, түрээсийн байр дамжин хөөгдөж туугдаж явдаг. Иймээс хотын төв дэх энэ алга дарам газраа, эвдэрхий балгасаа Монголын сэтгүүлчдийн эвлэлд өгчих гэж гуйгаад, хэвлэлд хэд хэдэн удаа бичээд байгаа юм.

Гадна дотнын    хөрөнгө оруулалтаар “Монголын сэтгүүлчдийн ордон” гэж арван давхар гоёмсог барилга барья. Доод гурван давхар нь сэтгүүлчдэд хангалттай. Дээд долоон давхар нь хөрөнгө оруулагчдын эзэмшлийнх байг гэж би санал тавьдаг.

Доод гурван давхарт нь “Монголын сэтгүүлчдийн эвлэлийн контор” “Сэтгүүлч” ресторан, “Сэтгүүлч” кафе, “Сэтгүүлч” номын сан, сэтгүүлчдийн хурлын их, бага танхим, “Сэтгүүлч” телевиз гэх мэт газрууд байрламаар.

Бас энэ ордныг төрийн ордонтой газар доогуурх тунелиэр холбож парламент Засгийн газартай шууд холбогдох боломжтой гэж үзэж байгаа юм. Ингэвэл Монголын сэтгүүлчдэд их буян болно доо.

Н.Энхбаярын авсан барилга байшин объектууд үүгээр тогтохгүй л дээ. Миний хамгийн сайн мэдэх нь энэ. Тэр хүн өнөөдөр, Монголд засаг огцорч намууд нь наана цаанаа орж байгаад огтхон ч санаа зоволгүй, харийн шилтгээндээ заларч байгаа.

Тэрбээр засаг огцроход голлон нөлөөлөхийн зэрэгцээ намаа бутаргачихаад явсан. Тэр нь ч өөрийнх нь үндсэн чанар. Хүнийг шаардлагатай үед ашиглаад, нэг удаагийн цаас шиг хаядаг төрөлхийн зан нь.

МАХН-ыг дахин сэргээхэд Ц.Шинэбаяр нарыг яаж ашиглалаа? Төдхөн жийсэн. Сая л гэхэд, өөрийг нь хамгийн хүнд үед тулж дэмжиж явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нарын нөхдөөсөө дөлж, шинэ баячуулын нэрийг дэвшүүлсэн гээд намынх нь нөхөд хэдэн хэсэг хуваагдаад үлдлээ.

Ер нь ч хууль бусаар бүртгүүлсэн намынх нь хувь заяа нэг л биш ээ! Олон хүн Н.Энхбаярын намаас нүүр буруулж байгаа сураг байна. Н.Энхбаярт хамгийн ойр явсан нэгэн хүн “Н.Энхбаяр дарга бол ажил дээрээ хор л найруулж суудаг хүн шүү дээ” хэмээн нэр хүндтэй сонинд бичиж байсныг эргэн санахад аргагүй л улс төрийн хор найруулахад гарамгай нэгэнсэнж.

Засаг огцорчихлоо. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын гэрээ цуцлагдана. “Экс Ерөнхийлөгч маань эргэж ирэх үү, үгүй юү” гэр бүлээрээ Солонгосын иргэд болох уу? гэх мэт хариулт нэхсэн олон асуулт ам дамжин явна.

СГЗ Г.Жамъян