Монголын нууц товчоонд гарснаар, Тэмүжин, дүү Хасартайгаа нийлж төрсөн ах Бэгтэрийгээ харваж алчихаад гэртээ ирэхэд Өүлэн хатан, “Ханиа барагсад, ижлээ идэгсэд... Нялх үрээ нядлан идэх нүгэлт ангир мэт балмад амьтад буюу. Сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байхад та нар юунд ийм хэрэг хийв?” гэж уйлан харуусан загнадаг билээ.

 

Өнөөгийн үүсээд буй улс төрийн нөхцөл байдал дунд Ардчилсан намын хэсэг гишүүн амин хувийн ашиг сонирхол, сандал ширээ, албан тушаалын тачаалдаа автаж үнэхээр жудаггүй үйлдэл гаргалаа. Өүлэн эхийн зэмлэлтэй адилтгавал, “Нөхдөө муригсад, намаа самрагсад... Ардчилсан намаа хагалан бутаргах, атаат өстөн мэт түгжилдэгчид буюу. ИЗНН-с өөр нөхөргүй, МАХН-с өөр ташуургүй байхад та нар юунд ийм хэрэг хийв?” гэж асуумаар...

 

Ардчилалын үндсэн зарчим бол олонхийн шийдвэр. УИХ, мөн Засгийн газар ч адил ардчилсан зарчмаар аливаа шийдвэрээ гаргадаг. Хэрвээ энэ Шинэчлэлийн засгийн газар муу ажилласан гэж үзвэл тэр алдаа нь энэ багт хамтарч ажилласан бүх улс төрчдийн л алдаа. Гэтэл, сүүлийн үеийн элдэв пиар мэдээг хараад байхад бүх муу муухайг ганц Ерөнхий сайд Н.Алтанхуягруугаа л чихээд байгаа нь ичгүүр сонжуургүй, улс төрийн ноён нуруугаа алдсан бусармаг үйлдэл гэж эгдүүцэж байгаа тул энэ нийтлэлийг бичлээ.

 

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Шинэчлэлийн засгийн газрыг анх байгуулж байхад МАН-тай биш, МАХН-тай хамтарч засаг барина гэж зөрүүдлэсэн хүн нь Х.Баттулга өөрөө. Тиймдээ ч гэрээ байгуулах ажлын хэсгийг ахлаж, МАХН-ын Ч.Улаан, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нартай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан түүх бий.

 

Гэтэл хоёр жил ч хүрэхгүй хугацааны дараа өөрөө үүсгэн байгуулсан багаасаа гарч, хамт ажиллаж зүтгэж явсан найз нөхдөө муулж гоочлон, элдвээр доромжилж, эдийн засаг унагаасан, их мөнгө идсэн ууснаар нь цоллож байгаа нь үнэхээр жудаггүй үйлдэл. Эдийн засгийн хямрал, төрийн мөнгө идсэн уусан дээрээ тулбал, сүүлийн зургаан жилийн турш Шинэ сумын төв, Шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк барих нэрээр Х.Баттулгын луйвардсан мөнгөний хэмжээ Шинэчлэлийн засгийн газрын бусад бүх сайд нарын идсэн уусан мөнгөний нийлбэрээс ч хол илүү давах учиртай.

 

Өөрийн толгой дээрх бухалыг хараагүй байж өрөөлийн толгой дээрх хялгасыг шүүмжлэв гэдэг шиг үндэсний томоохон компаниудыг шантаажлаж, нүүрсний экспортыг гацаан, төмөр замын төслийг самарч, Сайншандад аж үйлдвэрийн парк барих нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарсан нөхөр Н.Алтанхуягын Засгийн газарт хариуцлага тооцно гэж хамгаас чанга хашхирч, Тунгалаг тамир киноны дүр Түгжил шиг анд нөхрийгөө ар нуруунаас нь хутга шааж байгааг хараад үнэхээр ой гутах шиг болж байна.

 

Харин Шонхор фракцынханы хувьд гэвэл хумсаа нуусан муур шиг хариуцлагаас зугтан нуугдаж, хамтдаа улс орны төлөө зүтгэж явсан анд нөхрөө чонын ам, баавгайн саварт хаяж өгснийг нь харахад Ардын илч киноны Дүлзэнгийн дүр өөрийн эрхгүй санагдах мэт.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Д.Ганхуяг Уул уурхайн яамыг толгойлж, С.Эрдэнэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын өндөр сэнтийд заларсан. Гэвч яагаад хусмаа чамалсан хүүхэд шиг төрийн сайдын суудлыг голох болов?

 

Сүүлд сонсохнээ, шинэ Ерөнхий сайдад нэр дэвших сонирхолтой дөрвөн хүн байна гэх. Нөгөө дөрөв нь бүгдээрээ Шинэчлэлийн засгийн газрын гишүүн, сайд явсан улс. Дөрвүүлээ Н.Алтанхуягын Засгийн газарт хамтран зүтгэнэ гэж амалчихаад замын дундаас нөхрөө хаяж, ар нуруунаас нь хутга шаан, өөрсдийнхөө бүх бурууг Н.Алтанхуягтаа тохож уснаас хуурай гарах гэсэн дотуур тамиртай, увайгүй эрс.

 

Х.Баттулга, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нар аа! Хэрвээ Н.Алтанхуягын засгийн газар алдаа гаргасан бол тэр алдаа нь та бүгдийн хамтын алдаа. Монгол улсын Засгийн газар бол ардчилсан зарчмаар хамтдаа шийдвэр гаргадаг тул хариуцлага нь хамтынх л байх учиртай. Тиймээс хэн нэгэнрүүгээ бүх бурууг чихчихээд өөрсдөө төрийн өндөр албан тушаалын төлөө, Ерөнхий сайдын зөөлөн сэнтийн төлөө зүтгэх гэж байгаа бол Монгол төрийн босго өндөр шүү гэдгийг сануулая.

 

Бурхан А. Баярхүү