Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18.
 
Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-ны баасан гаригийн шөнийн 23:15 цагт эх орондоо эргэн ирлээ.
 
Энэ тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа “Кореан эйр” компанийнхан өөрийн онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэн Улаанбаатарт авчрав. Түүний араас янз бүрийн цаг хугацаанд, агаараар, бас далайн тээврээр 20 гаруй тооны динозаврын олдворууд Монголдоо ирэх юм.
 
Бүтэн жилийн турш дуулиан дагуулсан жинхэнэ Баатар болох, бас араасаа бүхэл бүтэн сүрэг динозавр дагуулж буй Тарбозавр Батаарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, цагдаа, гааль, даатгалын ажилтнууд хүлээн авсан юм.
 
“Кореан эйр”-ийн 867 дугаар нислэгээр Тарбозавр Батаарын араг ясыг долоон ширхэг хайрцагт агуулан ирүүлжээ. Батаарын олдворыг тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах газрын агуулахаас Нью-Йоркийн Сурраундарт компанийн байр руу ачуулж баглах боох ажлыг албан ёсоор хийлгэжээ. Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэг нарийн материалыг баглах боох ажлаар мэргэшсэн тусгай хамгаалалт бүхий хувийн компани бөгөөд түүгээр АНУ-ын томоохон музей, төрийн байгууллагууд үйлчлүүлж заншсан юм байна.
 
Батаарыг эх оронд нь авчрахад “Кореан эйр”, “Туушин” компаниуд тээвэрлэлтийн талын ажлыг хариуцаж, “Бодь даатгал” ХХК даатгалыг, “Blue star” констракшн Сүхбаатарын талбайд байгуулж буй түр музейн барилга угсралтын ажлыг дааж, М-Ойл ХХК Үлэг гүрвэлийн түр музейн ивээн тэтгэгчээр тус тус ажиллаж байна.
 
 Тарбозавр Батаарыг хүлээн авах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Үлэг гүрвэлийн сүргийн манлай болсон, хамгийн урт настай, Монголоо санаж мөрөөдсөн, жинхэнэ нэрээрээ бол Баатар маань эх нутагтаа эргэн ирж байгаад маш их баяртай байна. Энэ өдрийг наашлуулахад сэтгүүлчид, хуульчид, шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд, сайн санаатай олон хүн тусалсанд баярлаж байна. Соёлын үнэт өвийг хэдий чинээ сайн хадгалж хамгаалах тусам Монголын ирээдүй эх орноо мэдэх, байгаль орчноо мэдэх, эх түүхээ таних олон талын ач холбогдолтой юм. Түүх, соёлдоо ээлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан нэхэмжлэл АНУ-ын гурван шүүхийн хуралдааныг амжилттай давж агаарын хөлгөөр эх орондоо ирлээ. Та бүхэнд их баярлалаа. Сайн цаг ирж байна. Баярлалаа” гэлээ.
 
Үлэг гүрвэлийн олдворыг нийслэлийн гаалийн баталгаат агуулахад түр хадгалахаар “Туушин” компанийн тусгай зориулалтын машинаар Буянт-Ухаагаас хөдөлсөн юм. Эх нутагтаа ирсэн Тарбозавр Батаарыг бүхэл бүтэн цуваа дагалдан Гаалийн баталгаат агуулахад хүргэж ирлээ.
 
Агуулахад ирэх үед тавдугаар сарын 18-ны 00:00 цаг өнгөрч байв. Сураг нь дуулдсанаас хойш яг нэг жилийнхээ ой дээр, зуны тэргүүн сарын шинийн наймны бэлэгт сайн өдөр ийнхүү Тарбозавр Батаар Монголдоо хүрч ирсэн нь бэлгэшээлтэй хэрэг болсон юм.
 
 Тарбозавр Батаарыг ирэх зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дахь түр музейд байршуулан олон нийтэд үзүүлэхээр болоод байна.