Монголын хошин урлагийн томоохон төлөөллүүдийн нэг МУГЖ Л.Баттулга буюу Аглуутай уулзаж сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Х-Түц продакшн энэ намрын ээлжит шоу тоглолтоо үзэгчиддээ барьж байна. Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог болж байгаа вэ?

 

-Баярлалаа. Танай сайтын хандагчдад энэ өдрийн мэндийг хүргэе. X-түц продакшны жүжигчин Аглуу миний бие та бүхэнд мэндчилж байна. “Ийм нэгэн явдал” шоу тоглолт маань манай хамтлагийн энэ намрын хоёр дахь уран бүтээл. Тоглолтын бүх л зүйл нь онцлог байгаа. Нэгдүгээрт урьд урьдынхаа тоглолтыг давтаагүй нь онцлог. Хоёрдугаарт энэхүү тоглолтын реклам их содон болсон. Гуравдугаарт энэ удаагийн тоглолтондоо их хөрөнгө зарсан. Үзүүлбэрүүдийн санаа их өвөрмөц байгаа. Зургаан номерийн хоёр дахь “Х соmment”гээд номер маань дотроо гурван үзэгдэлтэй тэгэхээр бараг есөн номертой тоглолт болж байгаа. Энэ болгон дээр уран бүтээлчид маань өөр өөрсдийн дүрээ бүтээж байна .

 

 

-Танай хамтлаг тоглолт болгоноороо нийгэмд ямар нэгэн зүйлийг уриалдаг. Тэгвэл энэ удаа үзэгчдэд ямар “мессеж” өгөхийг зорив?

 

- Ер нь манайх Улаанбаатар хоттойгоо ойр уриалга гаргахыг хичээдэг. Тэр маань юуг илэрхийлж байсан бэ гэхээр бид өөрсдөө Улаанбаатарын уугуул иргэд.Хот маань хэр сайхан цэвэрхэн байх нь бидэнтэй салшгүй холбоотой. Тиймээс бид өөрсдийн санаа, санаачлагыг үзүүлбэрээрээ дамжуулан үзэгчдэд хэлэхийг оролддог. Энэ удаагийн тоглолт “Найрсаг Улаанбаатарын төлөө” уриан доор болж байгаа. Энэ сайхан Азийн цагаан дагина гэгддэг хотдоо эвтэй найртай, найрсаг амьдарцгаая. Манай толголт нийслэл хотдоо зориулсан  дуунуудаар хөшигөө нээж байгаа.

 

-“X түц”продакшн хичнээн уран бүтээлчидтэй ажиллаж байна вэ?

 

-“Ийм нэгэн явдал” шоу тоглолтонд нийтдээ 25 уран бүтээлч оролцож байна.

 

-Дараагийн уран бүтээлийн тов гаргасан уу? шоу тоглолтуудынхаа санааг хэрхэн гаргадаг вэ?

 

-Дараагийн уран бүтээл хоёрдугаар сарын 20-ноос 4-р сарын 1-нийг хүртэл тоглогдоно. Шинэ жилээр телевизүүдтэйгээ хамтран ажиллана. TV9 телевизтэй хамтран цагаан сарын бүрэн хэмжээний бүтээл хийхээр төлөвлөсөн байна. Миний хувьд “X-түц” продакшныг ахлаж байгаа гэсэн утгаараа залуу уран бүтээлчдээ гаргаж ирмээр байна. Энэ бол миний тэргүүн зорилт болоод байгаа гэхэд хилсдэхгүй.

 

- Сүүлийн үед хошин урлагийнхан үзэгчидгүй болж байна гэх юм?

 

- Би хошин урлагийг үзэх үзэгчгүй болж байна гэж хэлэхгүй. Харин ч ихэсч байгаа. Хошин шог үзэх үзэгчгүй болвол тэр чигтээ үзвэр үзэгчгүй болно гэсэн үг. Яг ний нуугүй ярихад миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүс хүсвэл нэг өдөр зав гаргаад бүх үзвэрүүдийн газраар ороод үзээрэй. Аль тоглолт нь их үзэгчидтэй байна вэ гэдгийг өөрсдийнхөө оюунаар шүүгээд үзээрэй. Хошин урлаг хөдөлмөрлөж байна, ажиллаж байна, зүтгэж байна, авьяастанууд төрж байна, тэр хэмжээгээрээ үзэгчид нь ихэсч байна.

 

- Танай хамтлаг хошин урлагаас гадна кино, театрын урлагт ч дорвитой бүтээл хийж үе үе шуугиан тарьдаг. Ирэх онд кино эсвэл театрын бүтээл хийх үү?

 

-Хийнэ ээ. Илүү их уран бүтээл хийнэ. Нас байна, цаг байна, зав байна.

 

-Саяхан таны төрсөн өдөр болсон. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе

 

-Баярлалаа 11 сарын 6-нд 39 нас хүрлээ. Олон сайхан уран бүтээлчидтэйгээ хамтран олон ч бүтээл хийсэн байна. Өшөө цаашаа их зүйл хийнэ. Ер нь ажилтай байна гэдэг сайхан зүйл. Манай ээж үргэлж хэлдэг байсан “Миний хүү өглөө босоод л хийх юмгүй, цонхоор харан гиюүрч зогсох эсвэл өглөө эрт босоод ажилруугаа яарах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай шүү” гэж. Хэдэн төгрөг олохдоо биш, заавал өндөр цалин авах биш, өглөө автобусанд явахдаа  хамт олон дээрээ очиж явна даа гэж бодох л сайхан шүү дээ. Тиймээс хэдэн төгрөг олох вэ гэж биш юу хийж бүтээх вэ гэдгээ л нэгдүгээрт тавь. Хүн бүтээгч байх ёстой, чанарыг эрхэмлэгч байх ёстой. Би “Чи сайн бай, хийж байгаа юм аа гүйцэд хий, чанартай бай, хүнд битгий худлаа ярь, цаг тохирсон бол цагаа барь, үнэн ч бай” гэж өөртөө үргэлж хэлдэг. Энэ бол миний зарчим.

 

-Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Урлагийн хүмүүс машинд сууж байгаад шинэ оноо гаргасан гэж их ярьдаг шүү дээ. Харин таны хувьд шинэ жилээ хэрхэн гаргадаг вэ?

 

- Би 12 сарын 31-нд гэртээ байхыг л боддог болсон. Заримдаа хүмүүс “Он гарах үед манайд байгаад өгөөч тийм мөнгө өгөе” гээд л утасддаг юм. Мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ 31-нд би гэртээ хэрэгтэй байхгүй юу. Яахав тэр үед өдрийн цагаар нээх их удахааргүй ажил байвал “тоншчихно оо” бас инээв. Харин орой зургаан цагаас хойш бол байнга гэртээ.

 

-Та цахим хуудаснаа шагчидтай гар зөрүүлэх шахлаа хэмээн бичсэн байсан. Ер нь энэ шагчидтай тэмцэх ямар арга байна таны бодлоор…

 

-Би тэмцэгч хүн биш. Гэхдээ энэ хүмүүсийг нийгмийнхээ ухамсарыг ухаараасай, зөв амьдраасай гэж хүсдэг. Энэ шагчид арай л дэндүү. Тэд нар үйлдвэрлэгчид биш, адаглаад эрээнээс бараа зөөж байгаа хүмүүстэй харьцуулахад тэд өөрсдийнхөө мөнгөөр нэг улсаас нөгөө улсруу яван бараа авчираагүй. Улаан цайм хүний хийсэн бүтээлийг аваад үнийг нь нэмээд зарна гэдэг байж болохгүй. Энэ шагчид дэлхий дахинд байдаг л үйлдэл гэх юм. Гэхдээ би гайхаад бардаггүй юм. Тэмцээд тэмцээд би барахгүй юм дөө. Сүүлд нь би машиныхаа цонхыг хаглуулж хохирч үлдэх байх. Та нар жоохон ухамсартай бай гэж би хэлдэг юм. Бас энэ шагчид нь архи ууна. Магадгүй хүмүүс энэ “Аглуу нь заруулж байна” гэж бодвол биз. Эд нар өөрсдөө шагчидаар дамжуулж билетээ үнэтэй зардаг юм байна гэх яриа байдаг юм билээ. Хүмүүсийн мөнгө олох арга нь өөр болоод байна. Ерөнхийдөө хялбар аргаар мөнгө олоод л байдаг болчихож.

 

- Одоо арай өөр сэдвээр яриагаа үргэлжлүүлье. “Ийм нэгэн явдал” тоглолтын реклам их хөгжилтэй болсон. Энэ рекламны санааг хэн гаргасан бэ?

 

-  Ер нь телевизийн рекламыг өөрсдөө эрж хайж, ямар хэлбэрээр авах уу гэж бодож, хоорондоо хүүрнэж, нилээдгүй хугацааг зарцуулж байж санаагаа гаргадаг. Санаа гарсан тохиолдолд телевиз, студидтэйгээ ярилцаад зургандаа ордог. Энэ тоглолтынхоо рекламанд би дуртай. Хүмүүст ч их таалагдсан. Юун мөөм гээд... л инээв. Мөөм гэдэг чинь муухай үг биш шүү дээ. Бид нар бүгдээрээ л ээжийнхээ мөөмнөөс “зүүгдэж” хүн болсон. Тэрийг зүгээр инээдмийн хэлбэртэй болгож хийснээрээ манай энэ реклам их онцлог болсон.

 

-Та эхнэртэйгээ явж байгаад яг энэ рекламанд гардаг шиг байдалд орвол яах бол?

 

-Манай эхнэр их сайхан хүүхэн учраас би нээх өөр хүн хараад байдаггүй. Монголоор дүүрэн сайхан хүүхнүүд байна. Эмэгтэй хүн гэдэг эрчүүдийн харцыг булаах л гэж төрдөг. Тэднийг хайрлахгүй байхын аргагүй. Тэгээд ч хажуугаар нь өнгөрсөн сайхан эмэгтэйг харахгүй өнгөрдөг эрэгтэй хүн гэж байдаггүй. Эмэгтэй хүн бол хорвоогийн чимэг амьдралын гэрэл гэгээ баяр баясал байдаг.

 

 

- Танай эхнэрийг хөл хүнд болсон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар таниас тодруулбал?

 

-Манай эхнэр одоохондоо хөл хүнд болоогүй ээ. Төлөвлөгөө бол байгаа. Тэр зурган дээр дотуураа плажаа чихээд хийчихсэн байсан. Бид нар нэг тоглолтонд оролцож яваад зурагчдын дуранд өртсөн байна лээ. Ер нь бид хийж бүтээх гэж л зүтгэж явна даа. Эх орноо худалдаж мөнгө олсонгүй, газар шороогоо хөндөж мөнгө олсонгүй, юм дамлаж зарсангүй, зүгээр л хошин урлагийн тоглолтоо хийгээд л явж байна даа.

 

-“Давхар цохилт” УСК-нд топ модель Э.Одгэрэлтэй хамтран тоглосон байсан. Энэ талаар?

 

-Надад Э.Одгэрэл маш их таалагдсан. Таалагдсан гэдэг нь эмэгтэй хүнийхээ үүднээс сэтгэл татсан гэсэн утга биш шүү. Бид анх удаа л хамтран ажиллаж байна. Тэр бол өөр мэргэжилтэй хүн. Үнэндээ би Одгэрэлийг дотроо хайрласан шүү. Энэ топ моделуудыг чинь их зантай. За Одгэрэлтэй тоглоно гэдэг ч дээ, хэдэн цагт ирж халаах болдоо, яадаг бол, энэ сайхан хүүхний чинь арга эвийг яаж олно оо гэж дотроо бодож байсан. Гэтэл миний бодол шал өөр болсон. Яагаад гэхээр тэр хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хичээдэг, шударга, цаг ч сайн барьдаг юм билээ. Ер нь түүнийг зарчимтай, ёс зүйтэй мундаг эмэгтэй гэж үнэлсэн.

 

- Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

 

- Залуу үедээ, доод үедээ хандаж хэлэх үг байна. Аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байгаарай. Хайрандаа зарцуулдаг шигээ хийж байгаа ажил албандаа ч чин сэтгэлээ зориулаарай. Сүүлийн үеийн залуус ер аливаа асуудалд сэтгэлээрээ хандахгүй болсон юм шиг санагддаг. Яаж амьдрах гэсэн улсууд вэ? Хошин урлагт л гэхэд Амбий Бооёо Аглуу Заанаа Дооёо МС Баатархүү Магнай нар нэг үеийнх. Бидний араас гарч ирж байгаа Батаа, Төтө, Бархүү байна. Гэхдээ л тэдний дараагийн үе сэтгэлд хүрэхгүй байна. Батаагийн араас хэн байна, Бархүүгийн араас хэн байна гэхээр хэн ч байхгүй байна. Яагаад? Бид нар шиг яагаад байж болохгүй гэж. Бид сэтгэлээ өгч чадсан нойр хоолгүй ажиллаж байсан. Одоо бол хүүхдүүдээ зохиол бод гэхээр бүгдээрээ утсаараа оролдоод суугаад л байна. Утас нь хэлээд өгөх юм уу тэр гоё юм нь интернэт дээр байгаа юм уу? толгой нь ажиллахаа больчихсон. Бидний үед интернэт гэж байхгүй байсан. Зөвхөн оюунаараа боддог байж. Тэгсэндээ бууруудсан зүйл байхгүй, алдаагүй,өнөөдрийн өндөрлөгт бид байж л байна.

 

 

- Их ажлын хажуугаар цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэе.

 

-За баярлалаа.

Д.Жансэнм