“Эх Дэлхийн Мисс” буюу Miss Earth 2014 тэмцээний 2014 оны 11 сарын 29-ны өдөр болж өнгөрсөн шалгаруулалтын ёслолд  Монгол улсаа төлөөлөн оролцсон Идэрсайханы Төгсөө эцсийн шатны 8  гоо бүсгүйн нэгээр тодорч, хувийн болон Монголын тэргүүн миссүүдийн рекордыг эвдлээ.

  Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 4 том тэмцээний нэг болох Miss Earth 2014 нь Байгаль эх дэлхийн гоо үзэсгэлэнг хайрлан хамгаалах уриан доор жил бүр зохион байгууллагддаг бөгөөд энэ жил Филиппин улсын Манила хотод болсон уг тэмцээнд 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн юм.

Өдгөө 22 настай Мисс И.Төгсөө тэмцээнд оролцох явцдаа Монгол улсаа төлөөлөн байгаль экологийн томоохон сөрөг өөрчлөлт болох цөлжилтийн асуудалд үзэгч, шүүгчдийн анхаарлыг хандуулж оролцсон.Мөн тэрээр коктейль үдэшлэгний даашинз үзүүлэх шалгаруулалтанд мөнгөн медаль хүртэж, өөрийн улс үндэстний хувцас, гоёлыг харуулах шалгаруулалтанд Торго Салоны дизайнер О.Болдын урласан усан цэнхэр хатны дээлээр гоёсон нь өндөр үнэлгээ авсан байна.

 Энэхүү нэр хүндтэй тэмцээний ялагчийг нэр дуудах хамгийн сүүлийн 8 оролцогчийн нэгээр шалгарч,тайзнаа улсынхаа нэрийг зүүн гарч ирсэн Мисс И.Төгсөө нь 2009 онд болсон “Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд  хоёрдугаар байр эзэлж Монголын үе үеийн гоо бүсгүйчүүдийн олон улс дахь амжилтыг ахиулж байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагийнхаа дэлхийн тэмцээнээс амжилт бахархлаар дүүрэн буулаа.