Манай улс авлигын үзүүлэлтээр 80 дугаарт жагсчээ
2014/12/03
Засгийн газар, улс төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагыг авлигаас ангид байлгах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 100 гаруй оронд салбартай олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын түвшний судалгааг хийдэг.
Энэхүү авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнг жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр дэлхийн улс орнуудад нэгэн цагт ил болгодог. Олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагын монгол дахь салбар "Транспэрэнси интернэшнл-Монгол" байгууллагаас өнөөдөр 11:00 цагт судалгааны дүнг танилцууллаа. Дэлхийн 183 орноос Монгол Улс 80 дугаар байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурван байраар урагшилсан үзүүлэлт аж. Манай улс өнгөрсөн жил 83 дугаарт, 2012 онд 94 дүгээрт, 2011 онд 120 дугаарт жагсаж байжээ.
Энэ жилийн судалгааг тэргүүлсэн буюу авлигагүй улсаар Дани, Шинэ-Зеланд, Швед гурав эхний байруудад жагссан бол хамгийн сүүлд Сомал улс түүний дээр Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Афганистан зэрэг орнууд бичигдсэн байна.
О.Батбаяр: Хоёрдугаарт жагссан нь муу үр дүн биш
Судалгаатай холбоотой зарим зүйлийг "Транспэрэнси интернэшнл-Монгол" байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал О.Батбаяраас тодруулав.
-Судалгааг ямар аргаар дүгнэж гаргадаг юм бэ?
-Авлигын түвшний индексийг гаргахдаа дэлхийн 183 оронд мэдээллийн олон эх үүсвэр буюу 13 байгууллагын тоо баримтаас төсөөллийг гарган ирж, төрийн алба үйлчилгээнд, авлигын түвшин ямар байгааг тодорхойлдог. Нэг улсыг доод тал нь гурав, түүнээс дээш эх үүсвэрийн мэдээлэл өгөхийг шаарддаг. Манай улсын хувьд долоон байгууллагаас тоо баримтаа цуглуулдаг. Эдгээр мэдээллийг 0-100 оноогоор дүгнэнэ. Өндөр оноо авбал авлигагүй буюу сайн, харин оноо багасах тусам авлига байна гэсэн үг.
-Манай улсын мэдээллийг авдаг долоон эх сурвалж нь ямар байгууллага байдаг юм бэ. Тэдгээр байгууллага юуг хэрхэн дүгнэдэг юм бол.
-Эхний байгууллага шилжилтийн үедээ явж байгаа улс орнуудын ардчиллын чанар, чөлөөт эдийн засаг нь хэр хөгжиж байгаа, улс төрийн удирдлага, бодлого боловруулагчдын оновчтой шинэчлэл хийдэг, асуудлыг хэрхэн зөв тодорхойлж чадаж байна гэдгийг нь хардаг. Манай улс энэ үзүүлэлтээр 40 оноо авсан. Өнгөрсөн жил мөн ингэж үнэлэгдэж байсан. Хоёрдугаарт тухайн орны валютын ханшийн эрсдэл, улс төрийн манлайлал ямар байдаг, батлан хамгаалах, шашны салбарт төрийн бодлого хэрхэн нөлөөлдөг зэргийг харгалздаг. Монгол Улс 31 оноо авсан, өнгөрөгч онд ч мөн адил байсан. Гуравдугаарт Дэлхийн банкнаас тогтвортой хөгжлийн болон ядуурлыг бууруулах бодлого, хөгжлийн хөтөлбөрийн туслалцааг хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг авч үздэг. 2013 онд манай улс 47 оноо авсан, энэ жил өөрчлөгдөөгүй. Дөрвөдүгээрт улс орныг Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг шийдэр гаргагчдын санал бодол дээр үндэслэсэн асуудлаар улс орны эдийн засгийн орччн хэр тогтвортой, хөгжлийн өсөлтийг хадгалж чадаж буй чадварыг эрэмбэлдэг манайх өнгөрсөн жилийнхээс 9 оноогоор урагшилж, 41 оноо авсан.
Тав дахь байгууллага хууль дүрмийн индексээр шалгуурыг авч үзэж байгаа. Засгийн газраа хянаж чадаж байгаа байдал, авлигыг бууруулахаар төр зөсгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүний үндсэн эрхүүдийг бүрэн хагаж байгаа байдал болон эрүүгийн, захиргааны хуулиудыг харгалзан үздэг. Энэ жил манай орон 32 оноо авсан. Дараагийн байгууллага улс орны эрсдлийн үнэлгээ буюу бүрэн эрхт байдал, улс төр, эдийн засгийн тогтолцооны эрсдэл, банк санхүү, валютын эрсдлийг хүртэл авч үздэг. Энэ шалгуурт 38 оноо авсан, өнгөрсөн жил мөн адил байсан. Долоодугаарт хөрөнгө оруулагчдад зориулсан буюу тухайн улсад хөрөнгө оруулахад эрсдэл хэр байхыг тооцоолдог. Өнгөрсөн жил 42 оноо авсан. Энэ онд мөн адил.
-Энэхүү судалгаа ямар ач холбогдолтой вэ?
-Дэлхийн хэмжээнд авлигын асуудалд анхаарал хандуулж, төр засгийг үнэлэх үнэлгээг бий болгох. Судалгаа шинжилгээний тоо баримтыг хуваалцаж, улс орнуудыг хооронд нь төр засгийн салбар дахь авлигын түвшнээр харьцуулах боломж олгодог. Манай улсын төр засаг, улс төрийн намууд энэ судалгааны дүнд их ач холбогдол өгдөг болсон.
-Манай улс авлигын үзүүлэлтээр хоёрдугаарт байрт орсон байна гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Энэ асуудалд тайлбар өгвөл.
-"Транспэрэнси интернэшнл" байгууллагаас иргэдийн авлигын төсөөлөл ба үзэл бодлыг тогтоох судалгааг хийдэг. Өнгөрсөн онд хийсэн судалгааны хоёрдугаар асуулт буюу "Танай улсад авлига ноцтой түвшинд байна уу" гэсэн асуултад манай иргэд "ноцтой" гэдэг хариултыг сонгосноор судалгаанд оролцсон 107 орноос хоёрдугаарт жагсчихсан. Уг нь бол ноцтой байна энэ асуудлыг цэцглэх хэрэгтэй гэдэг талаас нь хариулж, өндөр оноо авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл зөвхөн энэ хариултыг сонгож буюу манай улсад сөргөөр нөлөөлөхөөр гадны сайтад нийтлэгдсэн мэдээллийг манай зарим хэвлэл нийтэлсэн нь бий. Буруу ойлголт авсан. Мөн судалгааны "та авлигатай тэмцэхэд бэлэн үү" гэсэн асуултад манай иргэд бэлэн гэж хариулж өндөр оноо авсан давуу талтай.
Зочин · 2014/12/04
Зочин · 2014/12/04
Худлаа дугнэлт байна. Авилгачид чинь жинхэнээрээ АТГ-ын удирдлагуудаас эхэлдэг юм биш уу?! Ганболд, Хурц хоерыг шалгах хэрэгтэй?! Ялангуяа Хурц, Жаргалсайхантай нийлж МИАТ-ыг цолмож байгаа ярьж чадах хун ******ор байна. Шалгаж тэр шоронд нь оорсдийг нь хийвэл их шудрага болохоор байна.
Зочин · 2014/12/04
Худлаа дугнэлт байна. Авилгачид чинь жинхэнээрээ АТГ-ын удирдлагуудаас эхэлдэг юм биш уу?! Ганболд, Хурц хоерыг шалгах хэрэгтэй?! Ялангуяа Хурц, Жаргалсайхантай нийлж МИАТ-ыг цолмож байгаа ярьж чадах хун ******ор байна. Шалгаж тэр шоронд нь оорсдийг нь хийвэл их шудрага болохоор байна.