Гадаадад “Хугацаа нь дууссан бараа”-г устгадаг харин манайд хямдруулдаг
2014/12/03
Мөнгөтэй л бол хүссэнээ авч болох болсон өнөө үед хүнсний сүлжээ дэлгүүрүүд ч манайд бишгүй болж энэ хэрээр иргэдэд худалдааны зарчим, бизнесийн өрсөлдөөн, чанар, үнийн олон талын сонголтыг бий болгож байна.
Сайны хажуугаар саар гэгчээр дэлгүүрүүд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдаалсаар байгаа юм. Иргэд өнөөдөр өөрсдийн мөнгөөр өөрсөддөө хор худалдан авч байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал алдаагдаад буйг харуулж байна. Хүнсний аюулгүй байдал алдагдаад удаж байгаа бөгөөд энэ асуудлаар удаа дараа бичиж нийтэлж байсан.
Иргэд эрүүл хүнс хэрэглэх эрхтэй. Гэвч өнөөдөр тэд өөрсдийн мөнгөөр өөртөө хор худалдан авах боллоо. Лангуун дээрх барааны хугацаа дууссан атал худалдаалсаар байгаа бөөний төв, хүнсний дэлгүүрүүдэд хариуцлага тооцохгүй байгаа юм. Хариуцлага тооцон мөнгөн торгууль ногдуулсан ч эргэн хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль дүрмийг ноцтой зөрчиж буй хэрэг.
Өмнө нь хугацаа нь дууссан Сайра, йогурт, бялуу худалдаан гараад байсан нь хэл ам дагуулсаар буй. Өнөөдөр тэрхүү хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан үйлчлүлэгч тэрхүү бүтээгдэхүүнээс хордсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? Хүнсний гэгдэх дэлгүүрүүд хугацаа нь дууссан, муудсан бараа бүтээгдэхүүнээ хэнэг ч үгүй худалдалсаар байна.
Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийгш цаг тухай нь устгах ёстой боловч өөрсдийн эрх ашигаа бодон хямдрал зарлан худалдаалах үйлдэл гаарсаар буй бөгөөд лаазалсан бүтээгдэхүүнээс өт, хорхой гарах болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Энэ мэтчилэн зөрчил ар араасаа гарсаар байгаа билээ. Мөн иргэд ч гэсэн худалдан авах гэж буй бара бүтээгдэхүүнийхээ хугацааг сайтар шалгаж авах нь өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг. Үүнээс гадна мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдалд шалгалт хийсэн байна.
Тодруулбал: энэхүү шалгатад 18 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний зоорь агуулахын болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 218 ААНБ, иргэн хамрагдахаас 94.9 хувь буюу 207 ААНБ, иргэн хамрагдав. Үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн, зоорь нь нурж ашиглалтаас хасагдсан, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг шалтгаанаар 11 ААН шалгалтанд хамрагдаагүй. (“Митикон” ХХК зоорийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа больсон, Төв аймгийн “Эм Би Ай” ХХК зэрэг 6 ААН үйл ажиллагаа явуулаагүй, 2 ААН зоорь нурсан учраас ашиглаагүй, засвар үйлчилгээ хийгдэж байсан).
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтээр 2013 онд нийт 1317 ААНБ-ыг үнэлэхэд 74.5 хувь буюу 982 нь их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн ба үүний 218 буюу 22.2 хувь нь 2014 онд хяналт шалгалтанд хамрагджээ.
Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Нийслэл, орон нутгийн хэмжээнд нийт 207 хүлэмж, зоорийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийж, давхарсан тоогоор 1669 зөрчил илрүүлж 1157 буюу 69.3 хувийг газар дээр нь арилгуулан, улсын байцаагчийн 474 заалт бүхий 70 албан шаардлага өгч, барилга байгууламж, дотоод хяналт, хорио цээрийн дэглэмийн мөрдөлттэй холбоотой 30.7 хувийн үлдсэн зөрчлийн биелэлтийг хангуулах арга хэмжээг авч ажиллажээ. Мөн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 10 сард хийхэд албан шаардлагын хэрэгжилт 78.5 хувьтай хэрэгжиж, төлөвлөгөөт хяналт шалгалтаас дунджаар 10.3 хувиар дээшилсэн байна.
Түүнчлэн барс худалдааны төвийн жимс, жимсгэний 3 зоорь, агуулахыг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох акт үйлдэж, дотоод хяналтыг мөрдөж ажиллаагүй, албан шаардлагын биелэлтийг хэрэгжүүлээгүй, хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн 12 аж ахуй нэгж, иргэнд 5 сая 376 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ авсан байна.
Шалгалтын явцад 48200 тонн багтаамж бүхий 171 зооринд хадгалагдаж байгаа болон 111.7 га талбай бүхий 244 хүлэмжинд тариалсан 20 гаруй нэр төрлийн хүнсний ногоо,жимс жимсгэнэ, хөрс, ургаж байгаа ургамлын навч иш, салаа мөчрийн нийт 541 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй “Буянт бумба эрдэнэ” ХХК-ий Киргиз улсаас импортлосон 6 тн лийрийг устгаж, 15 нэр төрлийн 113.0 мян.төгрөгний үнэ бүхий өвчилсөн төмс, хүнсний ногоог хураан, устгах, шилжүүлэх актаар Зуунмод сумын устгалын комисст хүлээлгэн өгч, устгуулах арга хэмжээ авчээ.
Энэ мэтчилэн шалгалт хийсэн байна. гэхдээ ганц хүнсний нолгооны чиглэлээр бус дэлгүүрүүд болон үйлдвэрүүдпэд шалгалт хийх зайлшгүй шаардлага бий болдог. Угтаа бол хугацаа нь дууссан барааг устгалд оруулдаг. Харин манай улсад хугацаа нь дууссан барааг хямдруулан худалдаалдаг. Ийн буруу зуршил тогтоод байгаа энэ үед хяналт шалгалтыг чангаруулах хэрэгтэй бөгөөд зөрчилтэй ААН, хүнсний дэгүүрүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа билээ. Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь хууль бус үйлдэл юм. Энэхүү хүнсний аюулгүй байдал болоод хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж зөрчилтэй газруудыг зүгээр нэг торгоод өнгөрөх бус хатуу арга хэмжээ авч зөрчлөө арилгаагүй ААН-ийн хаалгыг нь барих шаардлагатай.
Манай улсын наймаачид баяр ёслолын болох дөххөөр урд хөршөөс болсон болоогүй бараа оруулж ирэн худалдаалдаг. Удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор хүүхдийн тоглоом, мөн чихэр жимсийг ихээр оруулж ирж буй. Гэвч тэдгээр бараа бүтээгдэхүүний чанарын шаардлага хангагдсан эсэх нь юу л бол. Хүүхдийн хэрэглэдэг зүйлсэд хамгийн их анхааралтай хандах учиртай.
Тоглоом л гэхэд химийн хорт бодис ихтэй байдаг, харин чихэр жимс нь чанаргүй хүүхдийн өсөлт, биеийн дархлаа зэрэгт сөргөөр нөлөөлдөг зүйлс байдаг байна. Шунал нь хэтэрсэн наймаачдад өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж алдагдалд орохгүй бол үйлчлүүлэгчид хамаагүй мэт ойлголттой хэрээс хэтэрсэн шуналт үйлдлийг зогсоох хэрэгтэй. Иргэдийн ойлголтоор бол хүнсний сүлжээ дэлгүүрүүд хамгийн найдвартай чанартай бараа бүтээгдэхүүний худалдаалдаг хэмээн боддог. Гэвч бодит байдал дээр хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихээр зардаг нь хүнсний сүлжээ дэлгүүрүүд юм.
Тэд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүндээ зүгээр л хямдрал зарлаж орихдог. Их хэмжээний барааг зүгээр устгаж байсанаас хямралтай үнээр худалдаалж алдагдалаас зайлс хийж буй тэдний башир арга аж. Тиймээс иргэд ч мөн дор дороо анхааралтай байх шаардлагатай хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн авах гэж байгаа бол он сар, хаана үйлдвэрлэсэн гэх зүйлсийг судалж байж худалдан авах нь таны эрүүл мэнд болоод гэр бүлийн эрүүл хоол хүнс хэрэглэх боломж бүрдэнэ.