Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг билэггүй муухай үг хэллээ гэж олон нийт шүүмжилж эхлэв. Үнэхээр билэггүй муухай үг хэллээ.

Бас эдийн засгийн хүндэрлийн талаар Н.Алтанхуягийн нуугаад байдаг үнэнийг ч ард түмэндээ зарлалаа. Энэ бол зөв. Харин түүний хэлсэн үгнээс билэггүй муухай хоёр зүйл ихээхэн анхаарал татаж байна. 
 

Нэг: Ард түмэн минь алт мөнгөн, эдлэлээ улсдаа тушаагаарай гэж үү?


    2012 оны сонгууль болоход ард түмний амьдрал тайван хангалуун бас цатгалан байсныг захын хүн хэлж санагалзах болов. Харин одоо 2 жилийн дараа шинэ жил болж байхад ард түмэн юун шинэ жил вэ гэж бухимдаж байна. Ингэтлээ хямарчээ. Энэ хямрал цааш үргэлжилвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй" гэж хэлж чадаж байна. Монгол Улс дампуурлын ирмэгт ирвэл юу болох вэ? Үүнд шинэ Ерөнхий сайд ингэж хариулжээ. "Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид  гээ олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий" хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс ард түмэндээ хандан хэллээ.

    Монгол Улсын түүхэнд нийт 29 Ерөнхий сайд төрсөн. Тэднээс хэн ч Ч.Сайханбилэг шиг ард түмнийг алт мөнгөө хураалгаарай, эх оронч хөдөлгөөн өрнүүлээрэй гэсэн утга агуулгатай сануулгыг ард түмэндээ өгч байсангүй. Япон, Солонгос гэх мэт олон оронд эдийн засаг нь дайнаас үүдэн хүндрэхэд иргэд нь ээмэг бөгжнөөс эхлээд байгаа бүхнээ улсдаа өгч байсан. Монголчууд ч гэсэн Халхын голын дайны үед "БҮХНИЙГ ФРОНТОД" гэсэн уриатайгаар алт мөнгөнөөс эхлээд ээмэг бөгж, хүлэг сайн морь, үстэй дээл, нэхий нударга, гүзээтэй цагаан тосоо хүртэл хандивлаж байсан. Өөрөөр хэлбэл дайны үед, дайны дараа л ийм үйл явдал өрнөдөг. Түүнээс биш Монгол шиг эрх баригчидын буруу бодлого, идэж уусан, авлига хээл хахуулаас болоод сүйрч байгаа эдийн засгаа босгох гэж жирийн иргэд нь ээмэг бөгж, хөөрөг гаансаа өгөх гэж дугаарлах болж байна уу? Иргэдийг улсынх нь Ерөнхий сайд ийм эх оронч бай гэж сануулсан утгатай үг хэлэх зөв үү? Эсвэл Засгийн газрын тэргүүн маань улсаа ийм болтлоо хүндэрнэ гэж ёрлоод байна уу?
 

Хоёр: Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй


    Ерөнхий сайдын ард түмнийг бүүр их айлгасан нэг санаа бий. Тэр бол "Бид одоо өөрчлөлт хийхгүй бол ойрдоо юу болохыг хэлж өгөхөд ямар ч Ванга зөгнөгч, мэргэч төлөгч шаардлагагүй болжээ. Энэ хэвээрээ элдэв арга хэмжээ авалгүй байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа бид default  буюу улс орноо дампуурсан хэмээн зарлах шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй ээ. Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй", "Өнөөдөр Монгол Улсыг хөгжилтэй, хүчтэй болгохгүй гэсэн ямар нэг хүчин жаахан тос асгаад өгөхөд л бид дүрэлзэхэд бэлэн  магадлал бий болох гээд л байна. Байдал ийм байхад Монголчууд бид үндэсний зөвшилцөлгүйгээр, нэгдсэн хүчгүйгээр, нэгдмэл үйл ажиллагаагүйгээр энэ эрсдэлийн ард гарахгүй ээ" хэмээн хэлсэн үг юм. Ч.Сайханбилэг ийм үгийг УИХ-ын чуулганы индэр дээрээс бүх ард түмэндээ хандаж хэлэх хир их зохимжтой вэ? Хөрөнгө оруулагчид гадныхан юу гэж ойлгож авах бол? 

    Ч.Сайханбилэг "Монгол Улсын хувь заяаг гадна дотны ямар хүн хүч удирдаж..." гэж хэнийг юуг хэлсэн бэ? Ийм мэдээлэл бий юу? Бас төрийн гурван өндөрлөгийн нэг байж "...гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй" хэмээн хэлэх зөв үү? Зөгнөөд байгаан болов уу? Энэ мэт ойлгоход ихээхэн төвөгтэй, утгагүй зүйл олныг хэлэв. Ийм утгагүй үг хэлж байхад Ерөнхий сайдын ухаантай зөвлөхүүд нь юу хийж, юу зөвлөж байсан бол? Ямар ч байсан Ерөнхий сайдын энэ мэт хэлсэн үгнүүд олон түмний ярианы сэдэв болж эхэллээ.