2012 оны 12-р сарын 20-ны  өдөр “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай хууль  шинэчлэгдэн батлагдсан байдаг. Уг хууль нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой билээ.  

Энэ удаад нийтийн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажиллаж байгаа талаар хөндөж байна.

Сүүлийн үеийн тоо баримтаас дурьдвал: Манай улсын аймаг нийслэлийн хэмжээнд нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 6877 газар байна гэсэн тооцоог Мэргэжлийн Хяналтын Газраас гаргажээ. Гэтэл эдгээрээс  4884 нь буюу 79,3 хувь нь улсын үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан газруудаас үйл ажиллагааны болоод аюулгүй байдлын 11500 гаруй  зөрчил илэрчээ. Энэ нь улсын үзлэгээр өгсөн албан шаардлагын биелэлт бүрэн хангагдаагүй байгааг харуулж байна.

Илэрсэн зөрчлийг ангилж үзэхэд шалгалтад хамрагдсан газруудын 1375 буюу 44,6 хувь зориулалтын бус байртай, 981 буюу 31,8 хувь хоол үйлдвэрлэлийн ажлын байр стандартын шаардлага хангаагүй, 44 хувь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, 22,6 хувь нь зориулалтын хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй нь тогтоогджээ.  Түүнчлэн  үйл ажиллагаа эрхлэх зориулалтын байргүй, хүнсний бүтээгдэхүүнийг ангилан цэвэрлэдэггүй, агааржуулалтын систем нь шаардлага хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Ийм нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь хоол хүнсний гаралтай эрсдэл гарах магадлал өндөр байгааг харуулж байна.   

 

Хоол хүнсний салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчид зөвхөн ашиг орлогын төлөө улайрч, үйлдвэрлэл үйлчилгээнд хайхрамжгүй хандаж, хяналтын байгууллагаас гаргасан дүрэм журмыг баримтлахгүй байгаа дээрх тоо баримт, үр дүнгээс харагдаж байна. Хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа нь энэ талын зөрчил гарах нэгэн  шалтгаан  юм. Түүнчлэн хүнсний салбарт үйлчилгээ эрхэлж буй хүмүүст хүлээлгэх хариуцлага бага байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэвэргэж  байна. Цаашид энэ салбарт  хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргасан, сануулга өгсөн тохиолдолд алдаа дутагдлаа засаагүй бол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хаах хүртэлх хариуцлага тооцвол зохилтой.

 

Хоол хүнсээр дамжин халдварт  өвчин гарах эрсдэл их байдаг тул  урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, хоол хүнсний салбарт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургууль төгссөн мэргэжлийн  хүмүүс ажиллуулах, тэднийг сургалтад хамруулах зэрэг дорвитой ажил хийх нь зүйтэй.  Ихэнх үйлчилгээ эрхэлж буй газрууд зориулалтын баригдсан байранд үйл ажиллагаа явуулдаггүй билээ.  Тиймээс эхнээс нь мэргэжлийн газраар үйлчилгээ эрхлэхэд зориулагдсан өрөө тасалгаа хийж, агааржуулалт, сантехникийн асуудлыг бүрэн шийдсэн байх нь чухал байна.

 

Б.Хорлоо