Ерөнхийлөгчийн үг ба хүлээлт
2015/01/07
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд үг хэлэхээр болсон нь ихээхэн анхаарал татах боллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр болсоныг ЕТГ-ын дарга П.Цагаан нотолж хэвлэлд товчхон мэдээлэл өгсөн билээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны дотоод, гадаад байдлын чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болдог. Тэгэхээр чухал сэдвийг хөндөж ярина гэж ойлгож болно” гэж маш товчхон тайлбарыг өгөөд байгаа.
Урьд өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын хаврын болон намрын чуулганы нээлтэнд заавал үг хэлдэг байсныг өөрчилж өөрийн тааллаар оролцох эрхийнхээ дагуу үг хэлэх эсэхээ өөрөө шийддэг болсон. Тийм учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хэд хэдэн нээлтэнд үг хэлээгүй өдийг хүрсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийж улс орны эдийн засгийн байдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Харин төд удалгүй тэрээр УИХ-ын чуулганд дахин оролцож үг хэлэх болсон нь туйлын их анхаарал татаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч өчигдөр төрийн ордонд сэтгүүлчидтэй хаалттай уулзаж мэдээлэл хийгээд уулзалтаар яригдсан асуудлуудыг задруулахгүй байхыг хүссэн гэх мэдээлэл байна. Энэ бүхнээс харахад улс төрд нэлээд том тогтолцооны шинжтэй хөдөлгөөн өрнөх гээд байгаа нь тодорхой болж байна.
Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд ямар үг хэлэх вэ? энэ асуудлыг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж байгаа. Тухайлбал Ерөнхийлөгчийн засагллын талаар байр сууриа илэрхийлнэ гэсэн бор шувуу твиттерийн ертөнцөөр багагүй тараад авсан. Гэвч ардчиллын төлөө тууштай тэмцэж, парламентийн засагллын бэхжүүлэхийн төлөө итгэл үнэмшилтэй явж ирсэн хүн тийм мэдэгдэл хийх нь юу л бол. Харин тэрээр энэ удаад улс орны хөгжил дэвшилд том саад учруулж байгаа, ялангуяа улс орны эдийн засгийн хөгжилд дэм болж чадахгүй тогтолцоогоо шинэчлэх ажлаа нэн даруй хэрэгжүүлэхийг уриална гэсэн таамаглал их байна. Тодруулбал тэрээр олон жил дуншсан үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж, судалж байна, бодож байна гэж олон жил гацсан тогтолцооныхоо шинэчлэлийг нэг мөр хийе гэсэн санаачлага гаргана гэж эх сурвалжууд мэдээллэх боллоо. Гэхдээ энэ бол улстөр судлаачдын гаргаж дэвшүүлж байгаа хамгийн өндөр магадлалтай таамаг. Харин чухам ямар асуудлыг хэрхэн хөндөж ярихыг Ерөнхийлөгчөөс өөр хүн одоохондоо мэдэхгүй байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулганд хэлэх үг нийгэмд багагүй хүлээлтийг бий болгоод байна.