2015 он гарснаас хойш буюу сүүлийн 2 долоо хоногийн туршид АН-ын анхан шатны байгууллагуудад учир нь олдохгүй үймээн, бужигнаан гарах болсон билээ.

Одоогийн байдлаар гэхэд л Сонгино Хайрхан дүүргийн АН, Чингэлтэй дүүргийн АН, Дархан-Уул аймгийн АН тус бүр хоёр дарга, хоёр аппараттай болоод байна. Цаашид энэ бүх будлиан аймаг бүрт шахуу үргэлжлэх өрнөх төлөвтэй. Энэ бүхний цаана ямар учиг шалтгаан байна вэ?


12 сарын 8-нд товлогдсон ч ирэх хавар хүртэл хойшлогдсон АН-ын их хурал тун удахгүй болно. Энэ хурлаар АН-ын дарга З.Энхболдыг жинхлэхгүй байх тэр бүү хэл Ерөнхий сайд , АН-ын дарга асан Н.Алтанхуягийг дахин намын даргад нэр дэвшүүлэх сонирхол  аймаг, дүүргийн АН-ын дарга нарт тун их байгаа аж. Үүгээр ч үл барам бодитой зохион байгуулалтанд орж эхэлсэн тухай ч эх сурвалжууд өгүүлж байна.

Иймээс АН-ын их хурлаас өмнө аймаг, дүүргийн АН-ын дарга нарыг солих замаар их хурлын төлөөлөгчдийн саналыг баталгаатай болгож, суудалдаа үлдэх гэсэн ажиллагааг АН-ын одоогийн удирдлага явуулж эхэлсэн нь ийн АН-ын анхан шатны байгууллагуудад үймээн, бужигнаан гаргах болсон гэнэ. Талуудын хүч эн тэнцүү шахам байгаа ч З.Энхболд ямар ч хамаагүй аргаар Н.Алтанхуягийг дахин намын дарга болгох сонирхолтой байгаа аймаг, дүүргийн АН-ын дарга нарыг сольж дуусгах бололтой.


Ч.Явуухүү