delguur Хүсэлт гаргах тухай

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар тогтоол гарснаар “Хүнс өргөн хэрэглээний бөөний худалдааны түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг” аж ахуйн нэгж байгууллагуудын бүх жин нь 3,5 тоннын даац бүхий түгээлт борлуулалтын автомашинууд нь Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний газрууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангах нийтийн үйлчилгээгээ огт үзүүлж чадахгүй болох асуудал үүсээд байна.

Учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтын 2.1-д “Бүх жин нь 3500 кг хүртэл жинтэй ачааны авто машиныг “В” бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С” . . . гэсэн хоёр ангилалаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оруулна гэж заасан бөгөөд мөн хавсралтын 2.2.2-т “С”, “СЕ” ангилалын ачааны автомашинд зорчихыг хориглосон гудамж замууд: Бага тойруугийн гудамж, түүнээс дотогш замууд, Энхтайвны өргөн чөлөөнд /Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэл/, Чингисийн өргөн чөлөөнд /Төв шуудангийн зүүн урд уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл/, Энэбишийн өргөн чөлөөнд /Өргөө кинотеатрын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл/, Сөүлийн гудамжинд, Усны гудамжинд /Урбанек худалдааны төвийн уулзвараас Циркийн хойд уулзвар хүртэл/ зорчихыг бүрэн хориглосон ба мөн 2.2.3-т “С” ангилалын ачааны автомашин өдрийн 08 00 цагаас 21.00 цагын хооронд зорчихыг хориглосон гудамж замууд: Энхтайвны өргөн чөлөөнд /5 шарын уулзвараас Москвагийн гудамжаар Баруун 4 зам хүртэл/, Өнөр хороололын гудамжинд, Их тойруугаас дотогш замуудад, Нарны зам /Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Материал импексийн хойд уулзвар хүртэл/, Олимпийн гудамжинд, Амарсанаагийн гудамжинд, Ард Аюушийн өргөн чөлөөнд /3,4-р хорооллын эцсээс өргөө кинотеатрын уулзвар хүртэлх замд/, Жаланз хутагт Дамдинбазарын гудамжинд, Дилав хутагт Жамсранжавын гудамжинд, Энгельсийн гудамжинд, /Механик инженерийн Сургуулийн уулзвараас хуучин үйлдвэрийн цагаан хаалганы уулзвар хүртэл/, Чингисийн өргөн чөлөөнд /120 мянгатын уулзвараас ДЦС 3-ын уулзвар хүртэл/, Нийслэлийн өргөн чөлөөнд /120 мянгатын уулзвараас Их Монгол улсын гудамжны уулзвар хүртэл/, Зайсангийн гудамжинд /120 мянгатын уулзвараас ХААИС-ын уулзвар хүртэл/, Их Монгол улсын гудамжинд /ЗЦГ-ын уулзвараас Гандийн гудамжны уулзвар хүртэл/ гэж зааж өгсөн нь хүнс өргөн хэрэглээний бөөний худалдааны түгээлт борлуулалтын бизнесын үйл ажиллагаа эрхэлдэг  аж ахуйн нэгж байгууллагуудын борлуулалтын үйл ажиллагаа нь худалдаа үйлчилгээний газрууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад бүхэлдээ болон зарим хэсгүүдэд хүрч үйлчлэх боломжгүй болгож байна.

Үүнээс үүдэн одоогоор хүнс өргөн хэрэглээний бөөний худалдааны түгээлт борлуулалтын бизнес эрхлэгч 41 байгууллагын 319 автомашин хориглогдохоос үйл ажиллагаа нь бүхэлдээ бүрэн зогсох болон доголдох аюул нүүрлээд байгаа бөгөөд Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний газрууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангах нийтийн үйлчилгээгээ тасалдуулсанаас худалдаа үйлчилгээний газруудад бараа бүтээгдэхүүнээ тасалдуулах, хэрэглэгчид хэрэгцээт бараагаа бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэж чадахгүй болох, өртөг нэмэгдэх, тасалдал хомсдолоос үүдэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, байгууллагын үйл ажиллагаа доголдох, 638 хүний ажлын байранд нөлөөлж, ажилчдын цалин хөлс багасах, улсад төлөх татвар хураамж буурах зэрэг олон сөрөг үр дагаварууд үүсэх болоод байна.

НИТХТ-ийн 37-р тогтоол нь бусад хууль эрх зүйн заалтууд болох Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах  зарчимд үндэслэнэ”, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл. “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох”, 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 13.2.1-т “Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”,  гэсэн зүйл заалтуудтай зөрчилдөж байна.

Иймд хүнс өргөн хэрэглээний бөөний худалдааны түгээлт борлуулалтын бизнес эрхлэгч байгууллагууд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.4-т “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх” гэж заасныг үндэслэн НИТХТ-ийн 37-р тогтоолын журмыг эргэн харж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцлөөр хангаж өгөхийг хүсэж байна. Бидний хүсэлтэнд та өөрийн хуульд заасан эрх хэмжээний дагуу бичгээр хариу өгөх мөн биднийг хүлээн авч уулзахыг хүсэж байна.

Хувийг: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгад, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчидөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Батүүлд, Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Замын Цагдаагийн газрын, Шинжилгээ Үнэлгээ Зохицуулалтын  газрын дарга Б.Түмэнбаярт, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбатад явуулав.

 

Хүндэтгэсэн: Хүнс өргөн хэрэглээний бөөний худалданы түгээл борлуулалтын бизнес эрхлэгч байгууллагууд,