Б.Жаргалсайхан Н.Энхбаярыг С.Баяр, Сү.Батболд нартай Тавантолгойг булаацалдсан гэв
2015/02/10
Монгол улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсэг амжилттай ажиллаж, хөрөнгө оруулагч талтай гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод буй билээ. Иргэд, улс төрчдийн дийлэнхи нь гэрээний ажил урагштай яваа гэж дүгнэж байгаа. Гэсэн хэдий ч Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчдын дунд “Энержи Ресурс” компани багтсан нь улс төрчдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж эхэллээ. Иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд давын өмнө их хэмжээний өрөнд орсон “Энержи Ресурс” –ыг аврахын тулд энэ консерциумд багтаалаа хэмээж байв. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Энержи Ресурс”-ын өмчлөлтэй холбоотой асуудал байгааг анх дурьдсан юм.
Өчигдөр УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх “Монгол HD” телевизид өгсөн ярилцлагадаа УИХ-ын дарга З.Энхболдын байр суурийн хуулийн үндэслэлийг өгүүлэв.
Тодруулбал тэрээр:
“Өнөөдөр бидний ажиглаж байгаагаар Тавантолгой орд маань өөрөө стратегийн орд юм. 2007 онд УИХ-ын 27-р тогтоолоор стратегийн орд болгосон. Хөрөнгө оруулагч дээр Хонконгын МСС компани 51 хувь, БНХАУ Шинхуа компани 49 хувь эзэмшиж байгаа. Энэ компаниуд нь төмөр замаа ч эзэмшинэ, хөрөнгө оруулалт, удирдлага, дэд бүтэц, орлого, үйлдвэрлэлт гэх мэтчилэн бүх зүйлээ хийгээд явна. Харин Сумитома корпораци бол үндсэн хөрөнгө оруулагч биш. Тодруулбал Сумитома зөвхөн худалдааны түнш юм. Дээр дурдсан МСС, Шинхуа компани хоёулаа Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулагч биш. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтын тухай хуулинд нийцэхгүй байгаа юм. Хуулинд “Дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн итгээд, хувь хүн” гэж заасан байдаг. Харин дээрх хоёр компани манай улсад ямар ч бүртгэлгүй юм.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т заасан байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж байгаа юм. Таван толгой нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байдаг. Ингэхээр дараагийн асуулт гарч ирж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол яах ёстой юм бэ гэж. Тэгэхээр хуулинд “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувь өмч, хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын гэрээг харгалзан орд ашигласан гэрээгээр тодорхойлно” гэж заасан байгаа. Тэгэхээр яг энэ заалтын дагуу бол таван толгойн ордыг ашиглах энэ компаний 50 хүртэл хувь нь төрд байх шаардлагатай гэсэн үг. Ингээд зөрчигдөөд эхэлж байгаа юм. Хуулийн энэ заалтууд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд саяны компаниуд хууль зөрчихөөр харагдаж байна. Энэ нь эргээд сөрөг дагавартай байж мэдэх юм. Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах ёстой юу мэдээж тийм. Гэхдээ үүнийгээ зөв хийхгүй бол энэ төсөл маань нурах аюултай.” хэмээсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Худалдааны сайд асан Б.Жаргалсайхан өчигдөр “С1” телевизээр ярилцлага өгөв. Ингэхдээ “Энержи Ресурс” компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн нэг болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Оросуудтай хамтарч, Тавантолгойг ашиглах сонирхолтой байсан. Харин Сү.Батболд, С.Баяр нар Хятадуудтай хамтарч ашигла гэсэн тул түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан. Товчхондоо бол Н.Энхбаярыг С.Баяр, Сү.Батболд нартай Тавантолгойг булаацалдсан гэсэн нь ихээхэн сонирхолтой дүгнэлт болсон юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ: “Сү.Батболд, С.Батболд нар Тавантолгой, Ухаа худгийн ордыг хувьдаа завших гэсэн.Үүнийг нь эсэргүүцсэн тул намайг шоронд хийсэн байж магадгүй” хэмээж байсан билээ.
Ч.Явуу