МАН-ынхан ”Шийдлийн” ЗГ-аас гарна
2015/02/15
Шийдлийн засгийн газрын байгуулах гэж шинэ Ерөнхий сайд МАН-д урилга, заллага болж олон ч удаа гуйсан даа. Бүр сүүлдээ МАН-ын бага хурлын бүх гишүүдэд “хайрын” захиа хүртэл бичин байж хамтрах шийдвэр гаргуулсан.
Хамтрахдаа бүх төвшинд хамтарч яам, агентлагаасаа авахуулаад УИХ-д байгаа суудлынх нь тоогоор эзлэх хувийг нь олгохоор тохиолцсон гэсэн. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайд МАН-тай хамтарч ажиллах гэрээ хүртэл үзэглэсэн.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сайд нарыг томилох хурал дээр МАН-ын хуучин дарга Ө.Энхтүвшин нэгэн сонирхолтой үгийг хэлж билээ. Тэрээр “Дөн өвлийн хүйтэн, хөр цасны хатууд ихээхэн явдалтай айлын хашаанд буулаа даа. Цаашдаа юу болдог юм байгаа юм, мэдэхгүй” гэж хэлсэн. Улс төрд олон жил байсан хүн нэгнийхээ занг ч аргагүй л мэдэх юм аа. Нийлж гэр барьсан даруйдаа АН-ынхан төрийн нарийн, дэд сайдуудын томилгооноос эхлэн МАН-ыгаа хатавчинд суулгачихсан. Тэр цагаас хойш олон ч удаа МАН ил далдаар гомдож, туниж байгаагаа илэрхийлсэн боловч нэг л болж өгөхгүй байх шиг. Үүний дараа өр нэмэхгүй байх гэсэн МАН-аас тавьж байсан хамгийн гол заалтыг зөрчсөн. АН, МАН-ын хооронд хийсэн санамж бичиг байгуулсан байна. Үүнд хоёр нам хамтран засгийн газар байгуулахаар бол Монгол Улсын гадаад өрийг одоо байгаа хязгаараас нь нэмэгдүүлэхгүй” гэж заасан. Тухайн үеэд гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 49 хувьтай байна гэж танилцуулж байсан. Гэтэл тодотгол дээр энэ хувийг 70 хувьд хүргэнэ гэж зүтгэсэн. Харин дараа нь Ч.Сайханбилэг сайд "Хямарлаас гарах засгийн газрын хөтөлбөр"-ийг хамтран боловсруулж хямралыг даван туулна гэдгийг гэрээнд тусгасан аж. Гэтэл АН-ын бүлэг уг хөтөлбөрийг хэлэлцэх үеэрээ хэрэгжүүлэх шаардлагагүй. "ЭЗЭН 100" хөтөлбөрөөрөө явъя гэх саналыг гаргаад байгаа гэнэ.
Харин сүүлийн үед МАН-ын гишүүд болон удирдах албан тушаалтнуудын амнаас “Ярьсан хэлснээсээ буцвал бид заавал ачааны хүндийг үүрэхгүй шүү” гэх үг олонтаа гарах боллоо. Чуулганы танхимд ч тэр. Гадаа гудамжинд ч тэр. Хамгийн сүүлд энэ үг тус намын нэлээд хариуцлагатай хүний амнаас гарлаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр МАН-ын сайд нар үүрэгт ажлынхаа талаар танилцуулга хийх үеэр энэ зүйл яригдсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Ерөнхий сайдад хаяглаж “Ардын намын сонгуульд ялагдсан хоёр тохиолдолд улс орны эдийн засаг дампуурлаа. Монгол Улс бол АН, МАН-ын улс биш. Харин бүх монголчуудын улс учраас бид ачааны хүндээс үүрэлцэхээр шийдэж засагт хамтарсан. Хамтарсан цагаас хойш олон удаа АН-ынхан ярьсан зүйлээсээ буцаж байна. Тийм учраас цаашдаа Ардчилсан нам энэ мэтээр зөвшилцөл, ойлголцол, хамтын гэрээнээсээ ухарч эхлэх юм бол Ардын нам бид бүхэн заавал энэ гэрээг биелүүлэх гэж заавал энэ ачааг үүрэлцэх гэж зүтгэхгүй гэдгийг хэлэх цаг болжээ. Өөрөөр хэлбэл хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болох ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол МАН улс төрийн шийдвэр гаргаж болзошгүй” гэх анхааруулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайлаа. Үүнээс анзаарахад тэд засгаас гарах нь тодорхой бололтой. Чухам хэзээ вэ гэдэг л сонин байна.
Уг нь засаг солигдохыг горыг иргэд өнгөрсөн хэдэн сард хангалттай амссан юмсан. Хамгийн наад зах нь шинээр томилогдсон сайд, дарга нар өөрийн хүмүүсээ албан тушаалд томилж хуучин ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг шүү дээ. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. Нам дотроо сандал ширээний төлөө үхэлдэн тэмцэлдсээр байна. Төсвийн тодотголыг хийхдээ цаг алдаж цалин мөнгөө тавьж чадахгүй иргэдийг хүнд байдалд оруулсан. Төрийн хөл толгой нь мэдэхээ байж, зөвхөн сандал суудлын төлөөх тэмцэлдээн хэдэн сарын турш өрнөсөн. Ер нь засгийг унагах санаархал хаа, хаанаа байгаа бололтой. Бие даагчид болон эвслийн бүлгийн Г.Уянга, Л.Цог нар өнгөрсөн долоо хоногт С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн нь энэ хавар засгийн хүзүүг “боох” эхний алхам гэж яригдаж эхэллээ. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар МоАХ-ын “толгойлогч”-ийн хамгийн ойрын нэгэн “энэ хавар засаг тарна” гэх зүйлийг ч ярьсан сурагтай. Хэрэв МАН-ын гомдож тунисандаа засгаас гарвал дараагийн засгийг бүрдүүлэх гэж дахиад л хэдэн сарын турш сандал ширээний томилгоо хийгдэнэ.
Ийм байдал үүсвэл эдийн засгийн хямрал байтугай засаглалын хямрал үүснэ. Тиймээс АН-ынхан болон Ерөнхий сайд хэлсэн ярьсан бүхнээсээ буцахгүй байгаасаа билээ. Арай гэж босгосон зүйлээ аль, аль хамгаалан 2016 оны хавартай золгоосой. Энэ бол МАН-д хайртайдаа биш юм. Харин улс орны эрх ашгаа эхэнд тавьж, намын эрх ашгаа хойш тавих хэрэгтэйг сануулах гэсэн дээ юм.
Зочин · 2015/02/16
Tur oirhon 3 soligdvol turiin sanah oi ugui bolj mu*** ayultai.
Зочин · 2015/02/16
anhnaasaa l demii bsan odoo ongorson bh oo
Зочин · 2015/02/16
ter ni deer dee
Зочин · 2015/02/16
ардчилсан намын хэдэн заваан юмнаас болж ...
дараагын сонгуульд ???