Цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шоронд олон жил хоригдсон Л.Бямбасүрэн гэдэг эмэгтэйд уучлалт үзүүлсэн юм. Энэ үйл явдалтай зэрэгцэн Л.Бямбасүрэн нь 30 гаруй жил уулзаагүй  хүүхэдтэйгээ уулзах хувь тохиосон. Мэдээллийн хэрэгслүүд  ийм баярт үйл явдлыг хүмүүст тал бүрээс  харуулахыг хичээж байлаа. Гэвч таагүй явдал ч бас гарчээ. Юу гэвэл, Л.Бямбасүрэнгийн 10 гаруй жилийн өмнө  үйлдсэн гэмт хэргийн  талаар бүрэн ойлголт өгөөгүй байв. Энэ тухай хохирогч нар нь бидэнд хадсан бөгөөд тэдний төлөөлөл болох  Ю.Хишигжаргалтай хийсэн ярилцлагаа   хүргэж байна.

-Л.Бямбасүрэн таны ээжийг алсан юм уу?

-Тиймээ. Л.Бямбасүрэн  ээжийг минь алсан. Би талийгаачийн гурав дахь охин нь юм.  Нэгэнт Ерөнхийлөгч  түүнд уучлалт үзүүлж ялаас чөлөөлсөн болохоор энэ тухайд юу ярихав. Харин Л.Бямбасүрэн шоронгоос гарч ирээд хэргийнхээ талаар ярихдаа ээжийг минь алснаа ерөөсөө хэлсэнгүй. Аливаа юм үнэн зөвөөрөө байх ёстой. ЕTV телевизээр гаргахдаа уг нь хэргийн талаар судалж үзээд олон нийтэд мэдээлэх ёстой байсан байх. Нэг хүний амь хөнөөсөн үү, хоёр  хүний амь хороосон уу гэдгийг нь огт хэлүүлээгүй.  Нэвтрүүлгийг үзсэн иргэд   Л.Бямбасүрэнг зөвхөн нөхөртөө  маш их дарамтлуулж, зодуулсаар эцэст нь аминд  нь хүрчээ гэж  ойлгосонд бид  гомдоод байгаа юм. Ард түмэн түүнийг арга буюу нөхрөө алж  шоронд ороод, 33 жилийн дараа хүүхдээ олж уулзаж байгаагаар тусгаж авсан. Гэтэл Л.Бямбасүрэн 2004 онд нөхрөө алаад, миний ээжийг бас алж 6 хүүхэд өнчрүүлсэн юм шүү дээ. Үүнийгээ нуун дарагдуулж болохгүй учраас бид гомдолтой байгаа. Телевизээр ярихдаа тэр ээжийг минь алснаа үнэн зөвөөр  хэлээд биднээс уучлалт хүссэн бол өөр хэрэг. Ядаж олон жил зовсон бидний сэтгэлд өег  байх байлаа.

 

-Тэр хэдэн жилийн ял авсан  юм бэ?

-Эрүүгийн хуулийн 91-ийн 2-оор 23 жилийн ял сонсоод шоронд орсон юм. Хоёрын хоёр амь хөнөөсөн хүнийг ял эдлэх явцад нь хугацааг  хасч болдог. Харин  уулчлалт үзүүлж байсныг бид ерөөсөө сонсоогүй юм байна.

-Танай ээж тухайн үед яг ямар байдалтай нас барсан байсан бэ. Хэргийн газрын үзлэгийн талаар та нар сонссон уу. Бодвол та насаар бага залуу байсан биз?

-Би 27 настай байсан. Тухайн үед цагдаагаас асуухад Л.Бямбасүрэнгийн гэрийн хаалгаар ороход баруун талынх нь хатавчин тус газарт суугаа байдалтай нас барсан байсан гэсэн.

-Танай гэр тэднийхтэй ойролцоо байсан уу. Хаана байсан бэ?

-Тэднийх манайх хоёр чинь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд, хөрш зэргэлдээ айлууд байсан юм. Ер нь хүүхдүүдтэй нь бид хамтдаа  суралцаж байсан юм. Бие биеэ сайн мэднэ. Л.Бямбасүрэн  нөхөртэйгөө яаж архи уудаг байсныг ч сайн мэднэ.

-Л.Бямбасүрэн архи их уудаг байсан уу?

-Анх автобаазад жолооч хийж байхдаа архи уудаггүй байсан гэсэн. Харин дараа нь архи их уудаг болсон,хамтдаа архиа угаад л явж байдаг хүн байсан юм.

-Л.Бямбасүрэн нөхөртөө байнга дарамтлуулдаг, их зодуулдаг байсан гэж л ярьсан шүү дээ. Аргагүй байдалд орж нөхрөө алсан гэж хүмүүс ойлгосон байх?   

-Харин тийм ээ. Гэхдээ нөхөр нь түүнийг зоддог байсан. Тэр хоёр долоон буудлаар хамтдаа архидаад  явдаг байсан юм.  Хэрэг гардаг тэр өдөр тэд хоорондоо муудалцаад Л.Бямбасүрэн нь нөхрөө алсан байх. Манай ээжийг  тэр үед Л.Бямбасүрэн маш муугаар ярьж явсан байдаг юм. Ээж маань тэднийг маргалдаад байхаар салгах гэж гэрт нь орсон юм уу, бүү мэд. Ямар ч байсан зүрхнийх нь ховдол хэсэгт, тасвалчинд нь хутгалж амийг нь хөнөөсөн юм билээ.

-Шүүх хуралд  та нар оролцсон уу?

-Оролцсон. Энэ хэрэг гаргахаас  өмнө аав минь нас барсан байлаа. Ээж сэтгэлээр унаад бага зэрэг архи уух нь уудаг л байсан. Ээж маань  нинжин сэтгэлтэй, сайхан хүн байсан.  Чингэлтэй дүүргийн шүүх тэр үед хаалттай хурал хийсэн тухайн үед биднийг хэл амаар доромжилж байсан.. Бидний зүгээс нэг гэрчтэй. Тэр маань их жоохон охин.  Л.Бямбасүрэнгийн талаас түүнд мөнгө өгөхийг оролдсон.

 

-Гэрчид мөнгө өгөхийг та нар харсан юм уу?

-Энэ үйлдлийг нь бид шүүхийн гадаа олж хараад очиж болиулаад мөнгийг нь буцаагаад өөдөөс нь шидүүлсэн юм. Гэрч охины ээж  ухаалаг эмэгтэй байсан. Тэр “Та нар ийм балиар хэрэгт охиныг минь бүү хутгалдуул. Манайх ядуу ч гэсэн чиний буцар мөнгийг авахгүй” гэж Л.Бямбасүрэнгийн хүмүүст  хэлж байв. Шүүх хурлын явцад Л.Бямбасүрэн  яллагдагчийн ширээний араас бидэнтэй хэрүүл хийсэн. Шүүх хурлын шийдвэр гарч 23 жилийн ял авсан.

 

-ЕTV телевизийн захиралтай уулзсан уу?

-Уулзсан. Хорих ангийн захирагч нь Л.Бямбасүрэнгийн хүүхдийг  олж өгөөч гэсэн бололтой юм  билээ.  Тэгээд нэвтрүүлэг  хийхдээ Л.Бямбасүрэнг хоёр хүн алсныг  телевизийнхэн мэдээгүй байсан гэсэн. Ерөнхийлөгч уулчлалт үзүүлсэн тухай нэвтрүүлэг ч хийсэн байлаа. Дараа нь цагаан сарын өмнөхөн бас нэг нэвтрүүлэг байн байн давтаж  гаргасан. Тэр бүгдэд Л.Бямбасүрэн нөхөртөө зодуулаад  нөхрөө алсан гэснээс биш манай ээжийн талаар юу ч хэлээгүй. Бид хоёр дүүгээ өвчнөөр алдаад удаагүй байтал энэ Л.Бямбасүрэн ингэж гэнэт гарч ирээд  гайхалд хүргээд байна.

-Л.Бямбасүрэнгийн 33 жилийн дараа уулзсан хүүхдийн талаар та нар урьд нь мэддэг байсан  уу?

Тэр хүүхдийн талаар урьд нь сонсож байгаагүй юм байна.

 

-Танай ээжийг алсан шалтгаан, тухайн хэргийн нөхцөл байдал зэрэг нь та нарт бүрхэг явсаар өдий хүрсэн бололтой, тийм үү?

 

-Тийм ээ. Гэрчлэх гэрч муутай байсан. Ганц гэрч охин байсан. Ээж маань Л.Бямбасүрэнг нөхөртэйгөө хэрэлдээд байж байхад гаднаас салгах гэж орсон байх. Тэгээд оронгуут нь түүний нөхөр хоймрынхоо орон дээр  үхчихсэн хэвтэж байсан болов уу гэж бид тааварладаг.

-Та нарт Л.Бямбасүрэнгийн талаас  оршуулгын зардал болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?

-Зүрх ууланд байсан хашаа байшингаа зараад бид нарт мөнгө өгсөн гэж Л.Бямбасүрэнгийн эгч нь ч билүү, дүү нь ч билүү Туяа гэдэг эмэгтэй нь ярьсан байсан. Гэтэл юу ч өгөөгүй шүү дээ. Харин саяхан битүүний өмнөх өдөр шүүхийн шийдвэрээр 675 мянган төгрөг өгсөн. Энэ талаар телевизийн сэтгүүлч охин Туяа руу утсаар ярьсан гэсэн. Тэгсэн чинь өөдөөс нь “Бид талийгаач Д.Пүрэвсүрэнгийн хүүхдүүд рүү утсаар ярьж, уучлалт хүснэ ээ” гэж хэлжээ.

-Солонгосоос нэг Монгол хүн тэр нэвтрүүлгийг үзээд утсаар ярьсан гэсэн. Ямар хүн ярьсан юм бэ?

-Телевизийнхэн рүү ярьсан гэсэн. Тэр хүн Л.Бямбасүрэнтэй хамт хоригдож байсан юм шиг байна лээ. Нэвтрүүлгийг үзээд телевизийн захирал руу утасдаж, “Юу яриад байгаа юм бэ. Наад хүн чинь хоёр хүний амийг хөнөөсөн шүү дээ. Сайн судалж нэвтрүүлэг хийхгүй  яасан юм бэ” гэж ярьсан байсан.

-Одоо та нар телевизийн нөхдөд гомдолтой байгаа юм уу?

Бид гомдолтой байна. Учир нь бид өөрийн биеэр ETV телевиз дээр очиж тус нэвтрүүлгийг дахин битгий цацаач ээ гэсэн хүсэлтийг тавьсан боловч цагаан сарын өмнө “Төрийн баатар аятай, идээ ундаатай нэвтрүүлэг хийсэнд ард үлдсэн өнчирч хоцорсон үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсдөд сэтгэл санаагаар тоголсон учир ETV телевизийг шүүхэд өгнө.

Ярилцсан Б.Отгонбаяр