Монголоороо л байя
2015/03/23
Хүний эрх, ардчилал, шударга ёс, тэгш эрх гэдэг бидний хүсэн хүлээсэн дэмжиж тэмцсэн нийгэм Монгол улсын хөрсөнд жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэсэнгүй. Анхнаасаа л хөлөө зөв тавилгүй будлиу эхлүүлсэн төөрүү замаар 25 жил замнасан ч төр засаг солигдох бүртээ нэг гэрэл сүүмэлзүүлж, нэг гэрэл асааж унтраасаар байдлыг улам дордуулж ирсэн нь өдрөөс өдөрт улам мэдрэгдэж байна.
Өнөөгийн нийгмийг ардчилал, капитализм,социализм,дарангуйллын алинд нь ч хамруулж болмооргүй эрлийз ч биш хурлийз ч биш зүгээр л сөнөөнизм гэдэг шинэ нэр томъёонд оруулж нэрлэхэд болохгүй гэж үү. Улс орон хөгжил дэвшилд зүтгэж олсон амжилтаа ахиулах гэж оршин тогтнодог байхад манайх эсрэгээрээ эрчимтэй уруудаж мөхөж байна. Төрийн өндөрлөгт очсон хүнд мөнгө цагаан нүд улаан болдог өвчин эрчимтэй халдварлаж, улс орны гадаад бодлого гуйвж амандаа орсон дуртай үгээр хаана ч хамаагүй юу дуртайгаа хэлж ярьдаг лут эрхтэй гишүүд, сайд дарга нартай болжээ. Мөнгө хөрөнгө хоёроос өөр зүйл сэтгэх чадваргүй болсон төр засаг уул уурхайн салбарт амиа тавьснаар боловсрол, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарыг сөнөөсний ачаар өвчтөн нь хэвтэх эмнэлэггүй, хүүхэд өсөж хүмүүжих цэцэрлэг, сургуулиар гачигдаж ирсэн байна. 15-хан жилийн өмнө энэтхэг пакистаны дунд болсон дажин, цустмөргөлдөөнөөс болж амьд хүн зүглэх аргагүй байсан Кашмирт өдгөө жилд 14 сая жуулчин очдог болсон байхад манай төр өчүүхэн ч анхаарал тавьж бодлого хэрэгжүүлээгүйгээс болж аялал жуулчлалын салбарт амжилт олоогүй өдийг хүржээ. Хэдэн бизнесмэнүүдийн хүчинд энэ салбар амьсгалж явдаг байх.
Эхнэр нь үнэт эдлэлийн тансаг дэлгүүр ажиллуулж байхад ард түмнээсээ ээмэг бөгжөө өгчих гэсэн ерөнхийг би ойлгож, хүндэлж чадахгүй. 221 287 дагалдагчтай ерөнхийлөгч 20 000-н лайктай поостондоо пологтоод ард түмнийхээ хайрыг дааж байна гэвэл эндүүрэл. Одоогоос 6 жилийн өмнө намайг ийм зүйл бичсэн бол хэдэн хүн харааж загнах байсныг мэдэхгүй, гэвч өнөөдөр байдал өөрөөр эргэсэн байна. Гэхдээ 220 000 дагагч надад байвал
50 000 лайк өгнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь надад биш ерөнхийлөгчид итгэхээ больсондоо. Ийм зүйлийг мэдрэхгүй хүн улс орондоо ард түмний амьдрал яаж доройтож байгааг яаж ойлгохов. Их хурлын дарга нь Үндсэн хуулиа удахгүй "оролдоно" гэдгээ мэдэгдээд авлаа. Үндсэн хууль маань муудаад улс орон хөгжөөгүйдээ биш, үүрэгт ажлаа хийж мэддэггүй хүмүүс төрийн ордонд дийлэнхи болсон учраас юм шүү дээ. Ард түмнийхээ ядуу амьдралаар дахиад хэдэн жил "гангарах" гэсэн юм бол. Намайг популизмдлаа гэж цэцэрхэх хэрэггүй. Энэ популизмыг 80 аад онд ашигласан намуудын ачаар Скандинавын орнууд, Канад, Голланд, Итали үсрэнгүй хөгжиж ард түмэн нь аз жаргалтай амьдарч байна. Ард түмэнтэйгээ ард түмний монгол хэлээр ярьж ойлголцож сур. Өөрсдөө ч гүйцэд ойлгоогүй харь үгийг хэрэглэдгээ боловсрол гэж бодож явдаг батганууд төрийн байгууллагуудад олширсон байна. Монгол улс Монголоороо л ялгардаг юм.
#Өгөөмөр