УИХ-ын дарга З.Энхболд Р.Гончигдоржийн шийдвэрийг цуцлан, дахин хууль зөрчихгүй байхыг анхааруулав /видео/
2015/06/19
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар хэлэлцэх шаардлаггүй гэж үзсэн ч УИХ-ын гишүүн Н.Батцэрэг горимын санал гарган, дахин санал хураалт явуулахыг хүссэн юм.
Түүнийг хүсэлтийг тухайн үед УИХ-ын чуулганыг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хүлээн авч, дахин санал хураалгаснаар уг хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болоод байсан билээ.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд: Өөр асуудал хэлэлцэж байхад түрүүчийн асуудлаар санал хураах угаасаа дэгээр хаалттай учраас тухайн үед хурал удирдаж байсан Р.Гончигдорж дэд даргыг цаашид ийм зүйл хийж болохгүй гэж сануулж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг санал хурааж дууссан бол тогтоол батлагдсанд тооцдог хуультай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаах ёстой. Одоо хуулийн төслийг Засгийн газарт буцааж байна гэв.
Ийнхүү "Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль" улс төрчдийн өршөөлийн хууль Засгийн газар луу буцаагдлаа.
Э.Мягмар