"Жангар" судлаач, МУИС-ийн багш Т.Дүгэрсүрэн асан алдарт Жангарын туулийн 12 бүлгийг 1963 онд Халимаг хэлнээс халх аялгад хөрвүүлж, нийтийн хүртээл болгосон байна. Хожим нь 26 бүлгийг бүрэн эхээр нь хөрвүүлж, зохиогчийн эрхээ авчээ. Гэвч хэвлүүлж амжилгүй өөд болсон байна. 

Тэрээр дээрх 26 бүлгийг бүрэн эхээр нь хэвлүүлж, нийтийн хүртээл болгохыг хань, үр хүүхдүүддээ гэрээсэлсэн үлдээжээ. Гэтэл МУИС-ийнхан “МУИС пресс”-ийн вэб хуудсаараа дамжуулан Жангарын туулийг хэвлэн 49.90 доллараар үнэлэн борлуулж байжээ.

Үүнийг нь ар гэрийнхэн нь саяхан олж мэдсэн байна. Энэ талаар ахмад багш асаны хүү Баяр "Бид энэ үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгч байгаа. “МУИС пресс”-ийн вэб хуудсаараа дамжуулж борлуулсан баримт нотолгоотой. Харин холбогдох хүмүүст нь хэлэхээр хараахан зарж, борлуулаагүй байгаа гээд худлаа мэлзээд байгаа юм" гэлээ.

Тиймээс МУИС-ийн энэ хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.

Х.Даваа