“Номин”-гийнхон 45 мянган хүний эрхийг зөрчжээ
2015/06/25
“Улсын их дэлгүүр”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид шаардлага, хүргүүлж суулт зарлах болсон тухайгаа мэдээлж байсан. Харин тэд өнгөрсөн даваа гаригт УИД-ийн үүдэнд суулт хийжээ. Гэвч цагдаагийн байгууллага хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар тараасан байна.
Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Э.Алтаншагай “Бид дүрэм журмын дагуу дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Гэхдээ журам зөрчөөгүй. Намайг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд дуудахаар болж байна” гэв.
Жагсаал цуглаан хийх журмын есдүгээр зүйлийн 1-д гудамж, талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэсэн байдаг. Мөн тус зүйлийн 3-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэсэн байна. Цуглаан зохион байгуулах комисс энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүлжээ. Харин тухайн өдөр албан бичгийг бүртгэж авсан бүртгэл-хяналтын картад ирсэн бичиг болон бүртгэсэн огноо нь тав хоногийн зөрүүтэй тэмдэглэгдсэн байна. Тиймээс л зохион байгуулагчийг нь буруутгаж буй бололтой. Гэхдээ дээрх журмын есдүгээр зүйлийн 5-д хэрэв Засаг дарга хариу мэдэгдээгүй бол зохион байгуулагч мэдэгдэлд дурдсан газарт, түүнд заасан хугацааны дотор жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй гэж заасан байгаа юм. Гэвч хүчитний өмнө хүчгүйдсэн 45 мянган хувьцаа эзэмшигч буруутан болох нь тэр.
Хамгийн гол нь энд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй 45 мянган хүний эрх ашгийн тухай хөндөгдөж буй юм. Одоогоор “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-д УИД-ийн 80 гаруй хувьцаа эзэмшигчид гомдол гаргасан байгаа тухай төвийн тэргүүн Э.Алтаншагай хэлсэн юм.
“УИД” компани нь жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж буй талаар тус дэлгүүрийн удирдлага, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, УИХ-ын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт шаардлага хүргүүлсэн билээ. Тус шаардлагад компанид ашиггүй түрээсийн гэрээг цуцлах, “УИД” компанийн өмч болох барилгыг барьцаанд тавих гэж байгааг зогсоох. Мөн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн хүмүүсийг оруулах, зохиомол өр зээлийг цуцлах, холбогдох хүмүүст хариуцлага тооцох тухай дурджээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд авах боломжтой байсан ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахыг шаардаж байгаа юм.
УИД-ийн удирдлагууд дээрх шаардлагын хариуг энэ сарын 23-нд хүргүүлжээ. Тодруулбал, ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэсэн заалтыг баримталдаг тухай дурдсан бөгөөд энэ хугацаанд ашиггүй ажилласан гэж тэмдэглэжээ. Түүнчлэн хуульд нийцсэн, хүлээн авч болох, шийдвэрлэх боломжтой хувилбар ирүүлэхийг хүссэн байна.
Ийнхүү 45 мянгын эсрэг таван хувьцаа эзэмшигч хүчтэй гэдгээ дахин батлав.
Хоног хугацаа өнгөрсөөр, хожим нь хүмүүс мартах биз гэдэг цаг ард хоцорсныг УИД-ийн ТУЗ-ийн дарга Ш.Энхбаяр танд дуулгая.
Д.ОЮУНЧИМЭГ
Зочинm a · 2015/07/15
NOMIN giihon ichmeer um aa.
өндөр болгох нууц · 2015/06/25
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮