Эрүүгийн хэргийн танхим 217 хэрэг хянан шийдвэрлэжээ
2015/07/06
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2015 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын шатны журмаар эрүүгийн 307 хэрэг хүлээн авч, 217 эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 76 хэргийг хянан буцаасан байна.
2015 оны эхний хагас жилд хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 31 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7 хэрэг хэлэлцжээ.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн эрүүгийн 217 хэргийн 55.7 хувь буюу 121 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 23.9 хувь буюу 52 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 20.2 хувь буюу 44 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 44 тогтоол, магадлалтай хэргээс 21 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 13 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 3 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож магадлалыг хэвээр үлдээж, 5 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгосон байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 95.3 хувь буюу 207 хэрэг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.9 хувь буюу 2 хэрэг эсэргүүцлээр, 2.3 хувь буюу 5 хэрэг прокурорын дүгнэлтээр хэлэлцэгджээ.