Г.Ариунбаатар: Ямар ч байсан би хайртай гэр бүлтэйгээ энх тунх сайхан байна
2015/07/13
Төв аймгийн хүү нийслэлд урлагийн сургуульд элсэн орж улмаар дуурийн урлагт сэтгэлээ өгсөн нь Ганбаатарын Ариунбаатар. Тэрбээр Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж 23-хан насандаа МУГЖ хэмээх эрхэм цолыг авсан билээ. Ингээд саяхан болж өнгөрсөн урлагийн олимпоос Гран при шагнал хүртэж Монгол түмнээ баярлуулаад байгаа түүнтэй ярилцсанаа баяр наадмын энэ өдрүүдэд хүргэж байна.
-Урлагийн олимп гэгдэх том тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд нь баяр хүргэе. Тэмцээнд оролцож байхад сэтгэгдэл ер нь ямар байсан бэ?
-Баярлалаа. Эх орноо төлөөлөн олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцож амжилт байгуулсандаа баяртай байна. Ямар ч байсан хөдөлмөрлөсний хөлс гэж байдаг юм байна.
-Тэгэхээр буриад багштай шүү дээ. Багшийн нөлөө их байсан болов уу. Монголдоо байсан бол энэ амжилтыг гаргаж чадах байсан уу?
-Багшийн минь нөлөө байлгүй яахав. Монголдоо байсан ч бас л олон сайхан багш маань байж байна. Би чинь бас өмнө нь М.И. Глиникийн уралдаанд түрүүлж байсан. Муслим Магомаевын уралдаанд түрүүлж байсан. Энэ бүхэнд дандаа монгол багш нарынхаа гарын доор бэлтгэл хийж байсан. Харин энэ удаад олимпийн зэрэгтэй тэмцээн учраас яг орчинд нь очиж бэлдэх нь дээр гэдэг утгаар Дарим Линховоин гэдэг багш дээр очиж жилийн хугацаанд бэлтгэл хийсэн.
-Тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Эхлээд 40 хүн шалгаж аваад таван хүн Монголоос тэнцсэн. Тэгээд Москвад сонсголоо шалгуулаад 20 хүнийг нь авч үлдээд үндсэн тэмцээн маань эхэлж, сүүлийн хоёрдугаар турт 10 хүн үлдсэн. Энэ үлдсэн 10 хүн бүгд том тэмцээн уралдаанд түрүүлж байсан дуучид. Дурьдах юм бол Хятадын Ли А У гэдэг баретон байна. Бид урьд нь бие биенээ таньдаг байсан юм. Өмнө нь Амартүвшингийн оролцож байсан тэмцээнд тэргүүн байр, Сөүл Комбитейшны тэргүүн байр, Хятадын хамгийн том уралдаан болох Нинг Бо тэмцээний тэргүүн байр эзэлж байсан, сая хоёрдугаар байранд орсон тианор хятад залуу гэх мэтчилэн мундаг хүмүүс их байсан. Яагаад гэвэл энэ жил П.И. Чайковскийн мэндэлсэний 175 жилийн ойн хүрээнд "Урлагаар дэлхийг нэгтгэе" гэсэн уриан доор зохиогдсон учраас их хүндтэй болсон юм.
-Шагналаа гардаж авч байхад хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?
-Хамгийн түрүүнд ээж, аав, багш, эх орон минь бодогдож байсан. Хамгийн сонин нь яагаад ч юм“за одоо дууслаа. хөдөө л явмаар байна” гэсэн бодол хамгийн түрүүнд төрж байсан. "Надад туслаж дэмждэг бүх хүмүүстэй баярлалаа, нийт Монголынхоо ард түмэнд баярлалаа, бүгдийнх нь захиасыг биелүүлчихлээ дээ" гэж сэтгэлдээ хэлж байсан.
-Цаашдаа олон улсын тэмцээнд аялан тоглолт хийх хөтөлбөр байгаа гэж сонссон.
-Тэгэлгүй яахав. Олон сайхан гэрээ хэлэлцээр байна. Тэгэхдээ залуу хүн юм чинь цаашлаад сурч боловсрох, дэлхийд нэрээ гаргахад оновчтой гэрээ хийх нь их чухал байгаа учраас маш их бодож байна даа.
-Жишээ нь хүмүүст сонирхуулж болохоор ямар санал ирсэн бэ?
-Тэрийг одоохондоо дэлгээд яахав. Хийснийх нь дараа яривал их гоё байдаг шүү дээ. Харин хамгийн түрүүнд ам бардам хэлэх зүйл бол дэлхийн хамгийн шилдэг төгөлдөр хуурч Д.Л.Мацуев гэдэг хүнтэй хамтарч Оросын хэд хэдэн хотоор хамтарсан тоглолт хийхээр болсон. Дараа нь дэлхийг тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа.
-Сошиал ертөнцөд мэдээллүүд чинь их сайн ордог юм билээ. Буриад улсад тоглолтоо хийсэн гэж сонссон. Буриадын үзэгчид хэр хүлээж авдаг вэ?
-Буриад үзэгчид бол дуурийн урлаг гэдийг жинхэнэ утгаар нь хүндэлдэг ард түмэн юм билээ. Үзэгчдийн соёлоос нь харж байхад л сайхан байсан. Угаасаа л бидний нэгэн тасархай, бидэнтэй нэг л ард түмэн шүү дээ. Тийм ч учраас би тэнд бэлтгэлээ хийсэн. Намайг тэнд бэлдэх бүх нөхцлийг Буриадын соёлын яамнаас эхлээд бүгд маш их санаа тавьж, хангаж өгсөн. Тэрний хүчинд одооны үр дүнд хүрчихээд байж байна.
-Таныг дэлхийн урлагийн олимпод түрүүлснийг чинь үнэлээд Засгийн газраас мөнгөн шагнал гардуулсан. Энэ талаар дуучин Далантай фэйсбүүк хуудсандаа “Ардын хүүхдийг ялгачихлаа” гэсэн утгатай пост бичсэн байсан?
-Далантай ах бол бидний дунд үе. Би Далантай ахтай одоо ч гэсэн хуурай ах дүүс. Тэр пост бол үнэхээр үнэн юм. Тухайн үедээ огт үнэлээгүй. Яагаад ч юм тэр үед сонгодог урлаг уналтын үедээ орсон учраас ахыг минь үнэлээгүй юм болов уу, гэж би бодож байна. Тэрийг ч бас ах маань бичдэг нь зөв юм. Далантай ах бол дуурийн том дуучин, сонгодог урлагийн нэгэн үеийн түүхийг бичилцэж явсан дэлхийд алдартай хүн. Далантай ахыг ОХУ-ын дунд үеийн дуучид их ярьдаг юм.
-Дуурийг хэрийн хүн сонсоод, үзээд байдаггүй л дээ. Харин Монголд энэ урлаг хөгжиж байгаа юм шүү гэдгийг Ариунбаатар, Амартүвшин гэдэг хоёр хүн сүүлийн үед тодоор харуулж байна. Үүнд юу хамгийн их нөлөөлж байна гэж боддог вэ?
-Манай монголчуудад юмыг хараад, сонсоод мэдэрч чаддаг нэг тийм ген байх шиг байна. Үүнийг ганцхан бид хоёр дээр ч биш бүхий л урлагийн салбар, спорт, оюун ухааны салбарт хүртэл их тодоор харуулж байна. Үүнээс харж байхад манай ард түмэн мэдрэмж их өндөртэй хүмүүс юм болов уу гэж би боддог. Үнэнийг хэлэхэд би анх СУИС-д нийтийн дуучин болно л гэж бодож орсон. Тэгээд нэг жилийн дараа энэ урлагийг мэдэрч, ямар агуу урлаг вэ гэж бодоод багштайгаа ярилцаж дуурьт урваж байлаа. Тийм учраас монголчууд бид аливаа юмыг хүлээж авахдаа их сайн юм байна гэж бодсон.
Үзэгчид бэлтгэх тал дээр бол одоо Улаан-Үдэд бямба, ням гариг бүр хүүхдийн дуурь тавьж албан ёсоор хүүхдүүдийг автобусаар зөөж очоод үзүүлдэг. Хүүхдүүд ч их дуртай хүлээж авдаг. Намайг тэнд очоод тоглоход бараг тал нь 10 жилийн хүүхдүүд байсан. Тэднийг харахад их сайхан санагдсан. Энэ нь ч багаасаа их мэдрэмж сайтай, урлагийг ойлгодог болгохын зэрэгцээ хүүхдийн төлөвшилд их нөлөөлдөг. Би өөрийн хүүхдээ ч сонгодог урлагийг ойлгодог болгоно гэж боддог.
-Наадмын дараа яаж амрах гэж байна. Бүгдээрээ л Ариунбаатар хөдөө явлаа гэж яриад байсан.
-Хөдөө утаснаас хол байна. Нэг жилд гурван тэмцээнд орлоо. Бүгдэд нь тэргүүн байр эзэлсэндээ их баяртай байна. Энэ бол ганцхан миний хөдөлмөр биш, миний багш нар, СУИС-ийн багш ажилчдын хөдөлмөр юм. Багш нарыг маань ямар их хөдөлмөрлөдгийг хүмүүс анзаардаггүй байх. Үнэндээ тэд нар чинь өдөр шөнөгүй зааж, сургаж, өөрсдөө миний өмнөөс стресстэж, баярлаж суудаг юм шүү дээ. Тийм болохоор багш нараа ч амрааж, өөрөө ч наадмаар концертондоо очиж дуулчихаад хөдөө хэдэн малынхаа хажууд очиж, сайхан амраад авья л гэж бодож байна.
-Багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж чадсан уу?
-Илэрхийлэлгүй яахав. СУИС-ийнхаа тайзанд очиж хүндэтгэл үзүүлсэн. Тэр тайзнаас л би ургасан юм. Хүн ер нь анх хаанаас гарснаа, хэнтэй яаж эхлэснээ хэзээ ч мартаж болохгүй гэж боддог. Би амжилт болгоноо СУИС, болон багш нартайгаа холбож боддог юм шүү.
-Ийм мундаг хүү төрүүлсэн аав, ээж хоёр тань их баярлаж суугаа байх даа?
-Аав ээж хоёр маань Төв аймгийн төв дээр байдаг. Гэхдээ бас хэдэн малтай учраас ирэн очин л байдаг юм. Би одоохондоо сумандаа очиж амжаагүй л байна. Эндэх ажлаа дуусаад л аймгийнхаа наадамд амжиж очих санаатай байгаа. Ер нь эх орныхоо уул ус, хэдэн сайхан хүмүүсийнхээ буянаар л тэнд ургасан цэцэг илүү өндөрт ургадаг болов уу гэж бодож, сайхан санагддаг юм.
-Сонгодог урлагийн дуучин хүн хоолойгоо их гамнадаг байх?
-Жишээ нь бага ярина. (инээв) Мэдээж гамналгүй яахав. Бага ярихаас эхлээд, гашуун ундаа уухгүй, өөрийгөө сайн амрааж байх шаардлагатай. Мөн биеийн тамир маш их хэрэгтэй.
-Та шагналаа яаж угаана гэж бодож байна даа?
-Амжилт байгуулсан учраас багш нартайгаа нэг цай ууж ёслох байх. Тэгээд бас ямар ч байсан амьдрал ахуйдаа хэрэглэнэ дээ.
-Яг одоо амжилт гаргаад л хүн болгон Ариунбаатар гэж ярьж байх үед дээр үеийн нэг явдал сөхөгдөөдсошиалаар бичигдээд л байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Өө тийм үү?. Би ерөөсөө мэдээгүй юм байна. Үнэндээ жингийн нохой явж л байдаг, замын нохой яадаг гэдэг билээ. Тэрэн шиг би одоо бүүр тоохоо больсон. Ямар ч байсан би хайртай гэр бүлтэйгээ энх тунх сайхан байна. Яахав зүгээр залуу хүний хувьд бид хоёрын дунд үл ойлголцох асуудал зөндөө байсан. Хүний амьдралд болдог юм болдгоороо л болсон. Энийг дайраад л даваад л гарсан. Одоо бол тийм зүйлд анхаарал хандуулж, сэтгэлээ чилээж байхаар өмнөх зорилгынхоо төлөө гэр бүлтэйгээ зүтгэе гэсэн хүсэл байна даа.
-Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын тань ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.
Зочин · 2015/07/14
Эхнэр нь харин сайхан эмэгтэй байна шүү. Ухаантай болоод л амьдралаа, эр нөхрөө ,гэр бүлээ авч үлдэж чадаж байна шдээ. Зугаацах хүүхнүүд бол ******оороо нэг олдоно. Сайн хань бол ******ор шүү. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
zochinЗочин · 2015/07/13
amjilt bs mash tom bayr hurge ih uhaantai saihan yriatai huu bnaa harin ehner n odoo uhaan suuj haniigaa demjih bzdee neg heseg hel am hged bh shig bsn ehner hun tewcheertei bj l aliwaa yumnii ard garna shuudee