Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ой болон "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болно.

Тус тоглолтыг  “Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын дарга Р.Мөнхсайхан найруулж, ерөнхий продюсероор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү ажиллаж байгаа билээ. Үдшийн 20.00 цагаас эхлэх “Алдрын хүндэтгэл” тоглолтын үеэр “Алдрын од” шагнал гардуулах юм.

Энэхүү шагналыг энэ  жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдад олгоно гэдгээ хотын мэр онцолсон. “Хөгжимчин, хөгжмийн зохиолч, урлагийн бусад салбарынханд биш зөвхөн хамтлаг дуучдад” гэж  тодотгосон аж.

 

“Алдрын од” шагналын хамгийн анхныг  “Соёл - Эрдэнэ” хамтлаг хүртэж байгаа бөгөөд найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн одыг байрлуулах гэнэ.

Дашрамд дуулгахад, “Алдрын од” хүртэгсдэд ардчиллын дууч С.Цогтсайханы дүр бүхий цом гардуулах ажээ. Уг  цомыг 100 сая төгрөг дагалдах юм. Тоглолтын үеэр “Соёл Эрдэнэ” хамтлагийн 20 дууг бусад хамтлагууд дуулах бол өөрсдөө таван дуугаа дуулна.