Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116500 хүүхэд байна. Энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой тухай Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат мэдээллээ.
 
Харин цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд явуулахаар болжээ. Бүртгэлийн явцад эцэг эхчүүдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх л шаардагдах юм. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах аж. Хандив нэрийдлээр бэлэн болон бэлэн бусаар эцэг эхээс төлбөр авч, харъяалалгүй хүүхдийг авахгүй. Улмаар уг асуудалд НБГ-аас хатуу хяналтыг тавьж байгаа юм байна. Хэрэв бүртгэлийн явцад ямар нэгэн хууль бус үйлдэл гарвал дүүргийн Боловсролын газар, НБГ-т иргэд гомдол гаргаж болох гэнэ.