Өчигдөр өдөр АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийнхний уулзалт болсон.

Уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдсэн билээ. Үүний дараа “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж өөрийн бүлгээс Засгийн газарт ажиллуулах сайд нарынхаа нэрсийг эцсийн байдлаар тодорхой болгожээ.

Тус бүлэг Шадад сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус, тус нэр дэвшүүлжээ.

 

“Шударга ёс” эвслийн бүлгээс хэн, хэнийг ямар яаманд томилох ажлыг гардан гүйцэтгэж байгаа Н.Энхбаяр сайдын томилгооны асуудлаар дотооддоо нилээн дарамтыг явуулж буй талаар эх сурвалж мэдээлж байна.

 

Тэрбээр сайд томилох ажлын хажуугаар Н.Батцэрэгийг өөрийн намд урвуулах ажлыг давхар хийж байгаа гэнэ. Тодруулбал, Н.Батцэрэгийг МҮАН-аас МАХН-д элс. Үгүй бол Шадар сайд болгохгүй гэж шахаж байгаа сурагтай.

 

Хэрвээ Н.Батцэрэг Н.Энхбаярын саналыг хүлээж авч МАХН-д элсэхгүй бол түүнийг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэх юм байна. Хамгийн сонирхолтой нь энэ тохиолдол болбол З.Баянсэлэнгэ Шадар сайдад нэр дэвших нь баттай гэнэ.Харин Ц.Оюунбаатарыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд болгохоор болжээ.

 

Ямартай ч МАХН-ын даргад ийм хоёр хувилбар байна. Н.Батцэрэг өөрөө Шадар сайд болох уу эсвэл З.Баянсэлэнгийг болгох уу гэдэг нь түүний МАХН-д элсэх үгүйгээс шалтгаалах гээд байгаа аж.

 

Хэрвээ тус бүлэг уг асуудлаар дотооддоо шийдвэрлэж чадвал өнөөдөр сайд нарынхаа нэрсийг Ерөнхий сайдад танилцуулна гэсэн мэдээлэл байна.

Т.Хулан

http://www.24tsag.mn