-"Шударга ёс" бүлгийн гишүүдийг саналаа нэгтгэ гэжээ-

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. Тус намын бүлэг пүрэв гарагт хуралдсан бөгөөд Засгийн газрын зургаан сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн Зөвшилцөх ажлын хэсгийн гишүүд МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт нэмж гурван сайдын суудал авах сонирхолтой байгааг бүлэгтээ мэдээлсэн талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ нь Шадар сайдын албан тушаал дээр нэмээд салбарын хоёр яамыг “Шударга ёс” эвсэл тэргүүлнэ гэсэн үг. Мөн ИЗНН ч Засгийн газрын кабинетад орж ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна. Харин бүлгийн гишүүд сайдуудыг нөхөн томилох асуудлаар хийж буй зөвшилцлийн хүрээнд аль намд хэдэн яам өгөхийг шийдэх эрхийг Ардчилсан намын дарга З.Энхболдод өгчээ.

Гэхдээ эрхээ эдлэхийн хажуугаар энэ Засгийн газрыг ирэх 2016 оны сонгууль хүртэл тогтвортой ажиллуулах улс төрийн тохироог бусад намтай хийх үүргийг хүлээжээ. Тухайлбал, “Шударга ёс” эвслийн гишүүд болох Л.Цог, Г.Уянга нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихаар гарын үсэг цуглуулж буй. Цаашид энэ мэт асуудлыг Засгийн газарт орж буй намын гишүүдийн зүгээс гаргуулахгүй байхыг анхааруулсан байна. Тиймээс “Шударга ёс” эвслийг бүлгийнхээ арван гишүүний байр суурийг "базах" нөхцөлийг Ардчилсан намын гишүүд тавьжээ.

Харин хэнийг сайд болгохоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө мэдэх аж. Ардчилсан намын бүлгийн ойрын эх сурвалжийн өгсөн мэдээллээр нөхөн томилох зургаан сайдыг парламентаас бүрдүүлэх аж.

Ойрын эх сурвалжийн өгсөн мэдээллээр нөхөн томилох зургаан сайдыг парламентаас бүрдүүлэх аж

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой байсан юм. Гэвч хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Учир нь зарим гишүүн Ерөнхийлөгч хориг тавьснаар улс төрийн зөвшилцлийг гацааж байгааг шүүмжилсэн аж. Харин нөгөө хэсэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх нь сонгууль дөхсөн үед олон нийтийн дургүйцлийг төрүүлнэ хэмээн болгоомжилсон байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газартаа нөхөн томилох зургаан гишүүний нэрийг өргөн барьсны дараа ээлжит бус чуулганыг зарлах аж. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Зургаан сайдынхаа анкетыг оруулаад ирдэг л юм бол ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргахад бэлэн” байна хэмээн мэдэгдсэнийг эх сурвалж өгүүлэв.

Б.Энхжаргал