“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн 90 гаруй хоног хоригдож байгаад өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарлаа. Тэрбээр 4.8 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдож, Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн хавраас хойш саатуулагдсан юм.

Ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад түүнийг ийн удаан хугацаагаар хорих болсон шалтгаанаа хууль хяналтынхан анхнаасаа тайлбарлахдаа “Монгол Улсаас оргон зайлж болзошгүй” учраас гэж байв. Харин Г.Дэнзэн өөрт нь тохсон хэргийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, улмаар биеийн байдал нь хүндэрч шоконд орсныг олон нийт мэдэж байгаа. Ер нь хүн өлсгөлөн зарлахын тулд биеэ урьдчилан бэлдэх ёстой байдаг. Тэгвэл Г.Дэнзэнд тийм боломж олдоогүй. Хорих ангийн удирдлагууд зөвшөөрөөгүй болохоор тэрбээр биеэ цэвэрлэж бэлдэлгүйгээр шууд өлссөн. Үүний улмаас тэр үхлийн аюултай нүүр тулж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн. Г.Дэнзэн гэдэг хүний хэрэг хийсэн үгүйг зөвхөн шүүх л тогтооно. Гэтэл сошиал сүлжээгээр хүмүүс түүн рүү дайрч, доромжилж, нэр төрд нь халдсан үйлдлүүд идэвхжиж байх юм. Тухайлбал, “Их идсэний маргааш өнж гэдэг дээ, болж”, “Шорондоо хатаж, үхэхдээ таарсан амьтан” гэхчилэн хүний санаанд багтамгүй хорсол зэвүүцлийн үгээр дайрч давшилцгаах боллоо. Ядарч, зүдэрч, унаж, бүдэрч байгаа нэгэндээ ямар авир, хандлага гаргах нь хүний жинхэнэ мөн чанарыг л харуулдаг. Тэгвэл Г.Дэнзэн рүү хуйлран дайрч байгаа сошиал сүлжээний цаана зүсээ нуугчдад хүн чанар гэж алга. Тэд хэтэрхий харгис, хэрцгий гэдгээ үйлдлээрээ батлаад байна. Дэлхий дээрх долоон тэрбум хүн бүгд ингэжбие биеэ үзэн ядаж, үхүүлж далд оруулахыг хүсдэг гэж үү. Гадаадын олон орны аж байдал, хууль журмыг нь хараад байхад хүний эрхийг дээдэлсэн, хүн байх ёсны наад захын хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй зан чанарууд нь хамгийн түрүүнд ажиглагддаг. Нийтийн тээвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудалтай байх жишээтэй. Автобусанд багталцахгүй шахам дүүрэн хүнтэй байсан ч тэр суудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс өөр хэн ч суухгүй. Харин гадаадын иргэд манай нийтийн тээврээр зорчихдоо энэ мэт дутагдлыг анзаарч гайхах нь дүүрч. Бие биеэ гэсэн хүний ёс монголчуудын нийгмийн харилцаанд үнэхээр доголдолтой болохыг ажигласан нэгэн жуулчны хэвлэлд өгсөн ярилцлагыг энд дурдмаар байна. Канадаас ирсэн тэр жуулчин “Хүний хөл ихтэй Улаанбаатарын гудамжинд явж байсан залуу эмэгтэй бүдрээд унахад түүнийг өргөөд босгох хүн олдсонгүй. Харамсалтай нь инээж, шоолж байгаа олон хүнийг харлаа. Би хэд хэдэн орноор аялсан. Нэгнийгээ газар унаж байхад нь өргөөд босгохгүй, тохуурхаж, инээж байгаа хүмүүсийг Монголд л харлаа. Гадаадад бол шатнаас юм уу, санамсаргүйгээр бүдэрч ойчсон хүнд ойр орчимд яваа хүмүүс бүгд очиж тусалдаг” гэжээ. Тэгэхээр унаж, бүдэрч яваа нэгнийгээ улам дэвсэлдэг нь монголчуудын л араншин юм шиг ээ. Хот суурин газарт нийтээрээ төвхнөж сураагүй, ганц гэрээрээ нутаг сэлгэн нүүдэллэж ирсэн уламжлалтай болохоор монголчууд амиа бодсон зантай, өөрөө болж байвал бусад нь яахав гэсэн сэтгэлгээтэй юм уу. Нүүж, суухдаа уналга, ачлагадаа хэнээс ч тусламж авахгүй. Сүү, цагаан идээ, арьс ширээ өөрсдөө боловсруулж, бусдаас хамааралгүй амьдарсаар ирсэн нь зөвхөн хувиа хичээгч болгосон гэх түүхч, судлаачдын таамаг ч байдаг юм билээ. Тиймдээ “Монгол монголдоо дургүй, мод ярандаа дургүй” гэдэг ардын зүйр үг байдаг биз. Ялангуяа мэдээллийн эрин зуунд сошиал сүлжээ хөгжсөнөөр монголчуудын хэн нь муухай хүнлэг бус араншинтайг тольдох боллоо. Сошиалд хэн нэгнийг дэмжиж, сайшаавал түүнд долигонуур, бялдууч “өргөмжлөл” зүүдэг. Тэгээд бүгд л шүүмжлэгчид болчихсон. Юм болгоныг сөрөг өнцгөөс харж, магтаал, урмын үг хайрлахаа байцгаасан. Олны танил, амжилттай яваа гоё сайхан эмэгтэй байвал түүн рүү бөөн бөөнөөрөө дайрч, элдэв шалдав зураг эвлүүлэн доромжилж, зохисгүй нэр хоч зүүх явдал хавтгайрчээ. Энэ байдлаас тухайн хүнд болоод ар гэрийнхэнд нь ч давхар дарамт үүснэ. Нийгэм бүхэлдээ ийм аймшигтай болсон гэдэгт хувьдаа итгэхгүй байна. Ерөөсөө нийтийн сүлжээ хөгжсөнөөр хүмүүс дотроо бодож явдаг зүйлээ ил гаргаж, зарим нь хорсол заналаа илэрхийлэхэд ашигладаг болсон байх. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл твиттер хуудастаа “Г.Дэнзэнгийн тухай бичсэнийг уншихад “Бид чинь шинэ их хэлмэгдүүлэлтэд яасан сайн бэлтгэгдчихээ вэ” гэж бодогдож байна. Аймшигтай дүр зураг” гэсэн байна лээ. Түүний хэлсэн бол үнэн. Гэхдээ нийт монголчуудын цөөхөн хэсэг нь л Г.Дэнзэнг муулж, муухайгаар харуулахыг оролдон бичиж байгаа. Ингэж бие биеэ буруутгаж жиргэдэг хүмүүс ердөө кофен дээр тогтсон хөөс төдий юм. Г.Дэнзэнг хорих буюу муулах нь буруу гэдгийг татвар төлөгчид, ард түмэн совингоороо мэдэж л байгаа. Тиймээс сошиалынхан шиг дайрч давшлахгүй байгаа юм. Харин Г.Дэнзэн рүү улайран дайрдаг галзуурсан хүмүүс бол татвар төлдөг нь юу л бол.

Сошиал сүлжээгээр нэгнийгээ хэмлэдэг энэ үзэгдэл ганц Г.Дэнзэнд тохиолдсон явдал дээр ч харагдаж байгаа юм биш. Ямарваа нэгэн хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан болгон руу дайрдаг. Хөрөнгө мөнгөтэй хүмүүст нийгэм таагүй хандаж, үзэн яддаг социализмын үеийн балай сэтгэлгээ байсаар л байгаагийн нэг илрэл гэж харж болох ч жирийн иргэдэд бэрхшээл тулгараад ард түмнээсээ тусламж гуйхад нь цаашаа гэж түлхдэг бүлэглэл ч сошиалд бий. Хоёр жилийн өмнө Т.Аятунгаа хэмээх бүсгүй гадаадын иргэнд хүүхдээ алдчихаад элэг нэгт монголчууддаа хандаж, бүлээн нулимсаа урсган байж тусламж гуйхад түүнийг хэлэхгүй үгээр харааж, зүхэж, доромжилсон хүн олон байлаа. Хүн чанараа гээсэн тэдний ааш аягийг ганц “Өдрийн сонин” л шүүмжилж, үрээ алдсан эмэгтэйд туслахыг уриалж байсан. Үнэндээ тэр хөөрхий эмэгтэйд туслахаар хууль хяналтынхан хуруугаа ч хөдөлгөөгүй. Тэгсэн атлаа албан тушаал, эрх мэдэл, улс төрийн зорилготой хэрэгт гаргууд гэгч нь ажилладаг. Өнөөдөр Монголд хамгийн идэвхтэй ажилладаг байгууллагаар АТГ, ШӨХТГ, машин ачигчдыг нэрлээд байгаа. Хүмүүсийг торгодог, хорьдог, эрхийг нь зөрчдөг болохоор тэр. Үнэн хэрэгтээ АТГ-ыг буруу ажиллаж байгаа гэдгийг хүн бүр мэднэ.

Г.Дэнзэнгээс хоёрхон байцаалт авахын тулд 90 гаруй хоног хорьж, хамаг юмтай нь холин үхлүүт болгож, нийгэмд ийм айдас хүйдэс төрүүлэхээр ажиллаж байгаа АТГ-ыг дарангуйлах байгууллага юм гэдгийг ард түмэн ойлгоод байгаа. Хэн ч тэнд очсон хэрэгтэн болж, ийм шийтгэл амсдаг. Хэрэв АТГ дарангуйлах байгууллага биш л юм бол хүнээс хоёрхон зүйл асуухын төлөө ингэж зовоохгүй шүү дээ. Энэ тохиолдолд АТГ хуулиа барьж ажиллаж байгаа гэж тайлбарлах байх. Тэгэхээр тус байгууллагын буруу биш гэх болохоор манай улсын хуулийн тогтолцоо л гажуудалтай байна гэсэн үг. Харахад яг хуулиа мөрдөж, хэрэгжүүлээд байгаа юм шиг байдаг. Гэтэл цаана нь хуулийн сүүдэртэй талуудыг ашиглаад, ийм аймшигтай хууль үйлчлээд байгаа юм. Үүнийг хэн нэгэн санаатайгаар хэрэгжүүлдэг байх ч талтай. Тэгвэл энэ бүгдийг нийгэм аль хэдийнэ ойлгодог болсон. Жинхэнэдээ ард түмэн гэдэг чинь ухаантай, хэрсүү хүмүүс болохоор юмны учир начирыг ойлгож, мэдэж байгаа.

http://dnn.mn