Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямарч эрх мэдэлгүй, "сул"гэдгээ энэ өдрүүдэд тод  томруунаар  харуулчихлаа.Зургаан  сайдынхаа  нэрийг мэдээд  өргөн барьчихаж чадахгүй болтлоо  фракцуудын хүлээсэнд   хүлэгджээ.

Арга нь мухардаад   "Ээлжит чуулган" эхлэхээр  шийдье дээ  хэмээн  цаг хожиж  аргацаах  шийдэлд хүрэв. Ерөнхий сайд МоАХ буюу Женко Х.Баттулгын санал  санал  болгож  буй Л.Эрдэнэчимэгийг  Зам тээврийн сайдад нэр дэвшүүлэхийг зөвшөөрөхгүй, Алтангадас фракцаасаа Г.Батхүүг тавьчих гэж гэдийж байна.  Засгийн газрын  туг болгох гэсэн том төсөл болох Тавантолгойг нь Женкогийн "утсан хүүхэлдэй"шиг  ажиллаж унагасан  хүнийг багтаа оруулж нэг баг  болж ажиллах нь амаргүй л дээ.   Гэхдээ  Ерөнхий сайд сонгууль ойртсон үед  уяагаа бөх уяхын тулд  фракцуудын явцуу, увайгүй араншин номрхуулахаас  аргагүй. АН бугшсан энэ асуудлыг 9 сарын хугацаанд өөрчилж чадахгүй. 

МҮДН-ыхан  Н.Батбаяр болохгүй бол Болороор сольчихно гэсэн хувилбартай учир  маргалдаад цаг алдаад байх шаардлагагүйаж.  Харин Г.Батхүү, Женко Х.Баттулга хоёрын  хоорондын тулаан бүүр цагаандаа гарлаа. Ямар сайндаа л хэсэг залуусыг "турхираад" тэрнийг, энийг сайд битгий болгооч  гээд хэвлэлийн хурал энэ тэр хийж хөгөө чирж байхав дээ.  

Энэ нь АН доторх фракцуудын зодоон  дээд  цэгтээ хүрсний  илрэл юм. Үнэндээ Ч.Сайханбилэгээс ээдрээтэй үед хэцүүхэн  асуудлыг    зохицуулчих эв дүй харагдахгүй л байна. Тэрээр эв зүйгээр зохицолдуулах, хэл амаа ололцох, алсын тактик төлөвлөх, амбиц ихтэй  фракцуудынхаа толгойлогч нартай зөвшилцөхдөө  үнэхээр чадвар дутаж байна.   Яах аргагүй   өмнөх Ерөнхий сайд, АН-ын дарга асан    Н.Алтанхуяг  шуудайнд хийсэн үхрийн   бөөр шиг  нөхдүүдийнхээ учир жанцанг яаж хийгээд  олоод  хэд хэдэн сонгуульд   дараалан удирдаж  орж ялалтанд  хүрч байв. Женко Х.Баттулга Н.Алтанхуяг руу  дайрч, боорлож байсан ч түүнтэй ойлголцолд хүрээд  байсан гэдэг.  Н.Алтанхуяг фракцуудынхаа учрыг олж намын даргын  суудлыг өгч, гүйцэтгэх засаглалаа  ирэх сонгууль хүртэл   атгахаар тохироо хийсэн байтал төрийн тэргүүн шөнөд нь бужигнуулчихсан гэх. Тэгээд л  маргааш нь чуулганы хуралдаан дээр Шонхорынхон орж ирсэнгүй.  Улстөрд хөтөлж, чигээ  заалгаж , хуурай ах дүүс шиг болсон сайн  дүү Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар  орвонгоор   нь  эргүүлэх  том ахын уурганд орчихсон байсан гэх. Үүнээсээ болоод Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч АН-ынхан мордохын хазгай болох эхлэл нь тавигдаж өдгөө "ангал" нь улам гүнзгийрсээр байна. Хэрвээ адаглаад Н.Алтанхуягтайгаа  хэвээрээ байсан  бол  засгаа байнга сольдог гэсэн эвгүй имижтэй болохгүй байлаа.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар олигтой бүтээн байгуулалт ч хийсэнгүй. Ярихаас цаашгүй.  Эдийн засгийн байдал улам дордсоор, сандал ширээтэй зууралдсаар, МАН-ыг гуйж оруулчихаад, хөөж гаргаад, огцруулсан 6 сайдынхаа оронд томилгоо хийж чадахгүй байсаар сэрүүний улиралтай золгох нь. Яг үнэндээ АН-ыхан бөөрөнхийдүү, аль алинд нь тал алдахгүй гээд зангарагтай байж чаддаггүй ч   гэсэн эврүүлэхдээ гаргуун  Н.Алтанхуягаасаа хойш эвлэлдэж нягтрах биш  улам л  хагаралдсаар байгаа нь  олон зүйл дээр илэрхий харагдана. Шүд "зуусан" намын даргатай, шийдэмгий биш Ерөнхий сайдтай , намаасаа дээгүүр эрх ашгаа эрэмбэлсэн  фракцуудын толгойлогчтой АН-ынхан эдийн засгийн хүндрэл байтугай засаглалын хямралд хөтөлчихлөө. 

Х.Тэргэл 



ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN