Хятад улсын 43 настай иргэн хамтран ажиллаж байсан монгол залууг бусадтай бүлэглэн зодсон хэрэг өнгөрсөн даваа гарагт гарсан. Тодруулбал "Шангрила-2" барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй "КЭЙ-ЭС-ЗЭТ" компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн 28 настай монгол настай монгол залууг дотор газрынхантайгаа нийлэн зодсон бөгөөд энэ үеэр монгол ажилтнаа өмөөрч инженер, ээлжийн ахлагч нь зодолдсон гэдэг мэдээлэл байна.

Одоогоор тус барилгын ажлыг бүрэн зогсоогоод байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс хэлээд байгаа ч баттай бус эх сурвалжийн яриагаар монгол ажилчдыг амрааж тус барилга дээр ажиллаж байгаа 800 гаруй хятадуудын ажлыг хэвийн үргэлжлүүлж байгаа талаар ярьсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр "Өнгөрсөн даваа гарагийн 15.00-16.00 цагийн хооронд барилга дээр ажиллаж байсан “Мёнг Бун” компанийн Монгол ажилтан Хятад ажилтантай тогны асуудлаас болж маргалдан улмаар зодолдсон.

Тог авахаар монгол залууг очтол шийдийг дүүртэл хятад ажилчид залгуурыг ашиглаж байсан юм билээ. Тэр үед Монгол ажилтан ажлаа хийхээр тэр шийднээс нэг залгуурыг нь салгаснаас маргаан үүсч, түүнийг хятад ажилчид зодсон гэсэн.

Хятадууд тэр залуугийн хоёр гарыг нь цохиж гэмтээсэн гэж сонссон. Зодоон болсны дараа цагдаагийнхан ирж, ажилтнаа өмөөрөн зодолдсон хоёр монгол ажилтанг цагдаагийн хэсэг рүүгээ аваад явсан. Ингээд орой нь хятад ажилчид хүрз, зээтүү барин жагсаж, бослого гаргасан юм билээ" гэх мэдээллийг өглөө.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн "Энэ сарын 24-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла-2” барилга дээр зодоон гарлаа гэдэг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалт хийхэд 28 настай Монгол ажилтан, 43 настай Хятад Улсын иргэн хоёр  үл ойлголцох шалтгаанаас болж хоорондоо маргалдаж улмаар монгол залуугийн биед гэмтэл учруулсан хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байна" хэмээн мэдэгдээд буй.

Гэвч сүүлийн үед зөвхөн нийслэл хотод ч төдийгүй хөдөө орон нутгаар хятад улсын иргэд монголчууд руу бүлэглэн дайрч, нутгийн иргэдийг доромжлох, өрх толгойлсон эмэгтэйг гэртэй нь шатаахыг оролдох, тэр байтугай төрийн цагдаад халдах гэмт хэргүүдийг удаа дараа үйлдсэн.

Харамсалтай нь тэгж шийтгэлээ, ингэж хариуцлага тооцлоо гэх мэдээлэл төдийлөн цацагдаж байгаагүйгээс гадны иргэд даварч байна гэх бухимдал нийтийн дотор газар аваад байгаа юм. Иймд энэ хэрэг хэрхэн өндөрлөх талаар бид эцсийг нь хүртэл мэдээллэх болно.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn