Авлигатай холбоотой хэрэг бол дан ганц Н.Энхбаярын хэрэг, "Авлигачин гэдэг бол ерөөс Н.Энхбаяр” гэж ойлгох хандлага төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд энгийн иргэдийн дунд өдийг хүртэл гүн бат суурьтай байсаар байна.

Зарим нь бүр МАН төр засаг барьж байсан цаг үед л авлига байсан мэтээр ойлгох явдал ч байна. Үнэн хэрэгтээ авлига бүх цаг үед ил далд янз бүрийн хэлбэрээр байсан нь тодорхой.

 Харин магадгүй "Ардчилал, авлигагүй нийгэм”-ийн тухай ярьдаг АН-ын үед ч авлигын хэрэг улайм цайм, ил тод гардаг болсон ч юм шиг. 2012 оноос өмнө эгэл жирийн амьдралаар амьдарч ардчилал, авлигагүй нийгмийн тухай бусдын "нүдэнд харагдтал” ярьдаг байсан эрхмүүдийн зарим нь өөрсдөө төрийн эрхэнд гараад төрөл арилжсан уу гэмээр авирлах болсон. Тэд 2012 оны сонгуульд ард түмний сонголтоор, АН-ын буянаар засаг төр, орон нутгийн эрхийг авч, албан тушаалд томилогдсон. Эрх мэдэлд хүрснийхээ маргааш л албан тушаалыг авлига авах, амьжиргаагаа дээшлүүлэх арга хэлбэр гэж бодсон юм болов уу гэмээр авирлагсад дэндүү олон байлаа.

 

 Албан тушаалд хүрээд төсвийн хөрөнгөөр богино хугацаанд гэр хорооллоос хэрхэн тэрбумтан болдогийн жишээг Налайхын Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн нөхдүүд "батлаж” харуулсан гэдэг.

 Ямар сайндаа л Засаг дарга Х.Болдбаатар болон тэдний хамсаатан болох Засаг даргын орлогч Ч.Одонхүү, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Оч.Ганболд, М.Өсөхбаяр, М.Дашхүү нарыг төсвийн мөнгийг "хулгайлах” зорилготой "Татар ажиллагаа” багийнхан гэж Налайхчууд нэрлэж байх вэ?

 "Татар ажиллагаа” багийнханы Нийслэлийн төсөвт болон Налайх дүүрэгт учруулсан хохиролыг нэг бүрчлэн тоочвол багагүй хугацаа орно.

 Эдгээрээс онцолж Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг дурьдахад хангалттай.

 Тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дуудлага худалдаагаар дамжуулан нийслэл дүүргийн төсөвт төвлөрүүлэх ёстой газрын төлбөрийг дуудлага худалдаанд оруулалгүйгээр иргэд аж ахуйн нэгжид олгож, үүний улмаас нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Аудитынгазрын шалгалтаар нэгэнт тогтоосон байдаг.

 

 

 

 

 

 Түүгээр зогсохгүй Налайхын газрын албанд хаягласан Аудитын актад: ...”хууль бусаар олгогдсон газрын улмаас төсөвт төвлөрүүлээгүй 17.1 тэрбум төгрөгийг 2015 оны 9 сарын 30-ны дотор төсөвт эргэн төвлөрүүлэх” үүргийг Дүүргийн Газрын харилцааны албанд даалгасан Аудитын газраас даалгасан байдаг.

 17.1 тэрбум төгрөг гэдэг бол бага биш мөнгө. Ийм хэмжээний мөнгөөр өнөөдөр нийслэл хотод хомсдолтой байгаа хүүхдийн цэцэрлэгийг багтаамжаас нь хамаараад 3-5 цэцэрлэг барьж болно. Гэтэл эл хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэлгүй газар олгоно гэдэг бол албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас авлига, шан харамж авч дуудлага худалдаанд оруулж төсөвт төвлөрүүлэх ёстой орлогыг хувьдаа авч завшин газар эзэмших эрхийг иргэн, аж ахуйн нэгжид дур мэдэн олгосон гэсэн үг. Энэ үйл хэргийн цаана хэдэн арван саяар яригдах хэмжээний авлига, хээл хахуультай холбоотой үйлдэл байгаа нь гарцаагүй. Тийм ч учраас Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний хань хамсаатнуудыг АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхлэсэн. Тэдний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаад прокурорын байгууллага руу шилжихийн өмнө ийнхүү Өршөөлийн хуульд хамрагдлаа.

 УИХ-аар саяхан батлагдсан Өршөөлийн хуулиар АТГ-т мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа олон хэргүүд өршөөгдөж байгаа.

 Харамсалтай нь тэдгээр хэргүүд дунд Нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар болон түүний хамсаатнууд болох дүүргийн Засаг даргын орлогч Ч.Одонхүү, ИТХ-ын төлөөлөгч М.Өсөхбаяр, М.Дашхүү, Оч.Ганболд нарын үгсэн тохиролцож, эрх мэдлээ урвуулан ашиглаж Налайх дүүргийн тусгай хэрэгцээний газарт ил уурхай ажиллуулсан, газар эзэмшүүлэхтэй холбоотой хууль дүрмийг удаа дараа зөрчин бусдад газар эзэмшүүлсэн, Налайх дүүргийн байгаль орчинд хохирол учруулсан зэрэг гэмт хэргүүд ял шийтгэл хүлээлгүйгээр өршөөгдөх болоод байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Налайх дүүргийг хөгжүүлэх биш өөрсдөө л авлигажиж баяжиж хөлжсөн эдгээр нэр бүхий албан тушаалтнуудын хэрэг ийнхүү төрийн хуулийн өршөөлд хамрагдаж ял зэмгүй үлдэж байгаад Налайхчууд асар ихээр дургүйцэж байгаагаа илэрхийлсээр байна.

Жирийн иргэн баялаг бүтээх гэж, ахуй амьдралаа дээшлүүлэх гэж хэдэн жил зүтгээд буй болгож чадаагүй хөрөнгийг албан тушаалтнууд асар богино хугацаанд хууль бус аргаар, авлигаар дамжуулж олчихоод, тэдэнд ял шийтгэл хүлээх дээрээ тулаад ирэхээр өршөөл үзүүлж байгааг иргэд ойлгож чадахгүй байна. Арга ядахдаа ахиж л АН-ыг сонгохгүй юм шүү хэмээн ам өчиг тавин суугаа гэнэ.

 

 

Ц.Мөнх