Монгол, Казахстаны кино урлагийнхан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэжээ
2015/08/28
"Тэнгэрийн Модун" ТББ , "Хас media" Entertainment хамтран Казахстан улсын "Satai Film" компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
“Рэкетир 2” киноны Монгол дахь албан ёсны нээлт энэ сарын 20-нд "Гэгээнтэн" энтертаймэнт төвд болсон энэ үеэр тус киноны гол дүрийн жүжигчин Мурат Бисенбин, Саят Исембаев, “Сатай” фильмийн гүйцэтгэх захирал Анна Чакиртова, Монголын талаас "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүү нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд Монгол, Казахстаны хамтарсан кино уран бүтээл хийх, кино болон бусад контент солилцох, жүжигчин солилцоо хийх, Кино фестиваль зохион байгуулах, Монголын киног дэлхийд таниулах зэрэг боломжит бүхий л нөхцлөөр хамтран ажиллахаар тусгасан байна. Энэхүү үйл явдлыг цагаа олсон, кино урлагийн салбарт томоохон өөрчлөлтийг авч ирэх, үр дүнтэй ажил боллоо хэмээн Монголын киночид маань баяртай байгаагаа дуулгалаа. Шинийг санаачилж ажил хэрэг болгон ажиллаж кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эдгээр залуучууддаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.