УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.  Өнөөдрийн чуулганаар  Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.   Дөнгөж сая З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.  Түүнээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин  Д.Арвин болон Л.Эрдэнэчимэг гишүүд санал хэлсэн.

Улмаар  93.1 хувийн саналаар  З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад томиллоо.

 

З.Баянсэлэнгийн намтар: З. Баянсэлэнгэ 1991 онд Нийслэлийн 35 дугаар дунд сургууль,  1994 онд Дархан хотын АУДуСургуулийг бага эмч мэргэжлээр,  2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1996-1999 онд НЦГУТ-д бага эмч, 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2003- 2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2007-2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч,  2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар тус тус ажилласан байна.

З.Баянсэлэнгэ Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар  “МАХН-МҮАН”-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшин Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв.  Англи, орос хэлтэй.