Залуус ОХУ-ын Буриадын хамтлаг "Хатхур зу"-ын уран бүтээлийг сонсох дуртай. Тус хамтлагийн гишүүн Реппер Дзе буюу Д.Алдар манай улсад хүрэлцэн ирлээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу?

-Сайн. 

-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Надад хүний нутагт ирсэн мэт бодогдохгүй байна. Хилээр хязгаарлагдсан ч гэсэн дотно, дулаан байж нэг нэгнээ дэмжих ёстой гэж би боддог. Монгол үндэстэн хаана амьдарч байгаа нь хамаагүй бид нэгдэх ёстой. 

-Уран бүтээлийн сонин сайхан?

-Манай хамтлаг тарж өөр өөрсдийн уран бүтээлээ туурвих болсон. Би өөрийн соло цомгоо гаргахаар ажиллаж байна. Уран бүтээлийн маань гол зорилго нь Буриад хэлээ эргэн сэргээх.  Хип хопоо Буриад хэлээрээ дуулах юм. Дуунаас гадна клип, кино бүтээдэг. Дэлгэцийн хоёр бүтээлийг бүтээсэн. 

ОХУ-ын Буриадууд маань бага ястан. Тиймээс залуучууд маань Орос хэлээр ярьсаар байгаад Буриад хэлээрээ огт ярьдаггүй. Үүнээс үүдэн бид Буриад хэлээ эргэж сэргээн таниулахыг эрмэлзэж эхэлсэн юм. Одоо би уран бүтээлээ Буриад хэлээрээ хүргээд эхлэхээр тэд ойлгож, ярьдаг болсон л доо. Тухайлбал, Буриад хэлний курст хүртэл сурч байна. Өмнө нь Буриадаар ярьдаггүй байсан хүн мэндлэх дээ хүртэл эх хэлээрээ "Сайн байна уу" гэж мэндэлдэг болсон. Эдгээрээс харахад би уран бүтээлээрээ үлгэр дууриалал үзүүлж буй нь илрэл юм болов уу гэж бодож байна. Зөвхөн дуучин гэхээсээ илүүтэйгээрээ цаашид оруулах хувь нэмрээ илүүтэй хэрэгтэй.

Ирэх арван сард Улан-Үдийн дөрвөн кино театрт нээлтээ хийх гэж байгаа Монгол киноны дууг дуулахаар болсон. Тэнд Монголын уран бүтээлчдийн томоохон урлагийн тоглолт болно. Хэдхэн хоногийн дараа клипээ бэлэн болгохоор ажиллаж байна. 

Монгол залуустай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай байх том гарц үүгээр нээгдэж байна гэж би ойлгож байгаа л даа. 

 

 

-Уран бүтээлийн өнгө аяс?

-Ерөнхийдөө амьдралыг дуугаараа таниулахыг хичээнэ. Жишээлбэл, амьдрал гэж юу байдаг юм, эмэгтэй хүн, хууран мэхлэлт зэргийг л тусгах юм. Мөн Монгол ухааныг харуулвал өвөрмөц байх болов уу.

-Өөр ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаа вэ?

-Ice Top хамтлагтай найзалдаг. Хамтарсан уран бүтээл нь удахгүй гарна. Реппер Gee, Desant танилцсан хамтын уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн байгаа. Би Монгол хөгжим их сонсдог, сайн ойлгодог. 

-Манай оронд уран бүтээлийнхээ ажлаар ирсэн ч гэлээ өөр юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Улан-Үдтэй харьцуулахад Монголын хөгжил их гоё байна. Өндөр, өндөр барилгууд их сайхан баригдаж. Сая хүн амтай том их том хот гэдэг нь харагдаж байна. Байгаль нь хамгийн сайхан юм. Энэ бүгдийг уран бүтээлдээ шингээж, алсад суугаа Алтан Москва хотод амьдарч байгаа бүхий л хүмүүстээ хүргэхийг хүсч, зорьж байна.

 

 

-Таны алсын зорилгыг сонирхвол?

-Одоо бид хүний нутагт амьдарч байгаа мэт санагддаг. Яагаад гэхээр бид төрөл эх хэл, соёлоо мартаж байна. Хамгийн гол зорилго бол энэ бүхнээ уран бүтээлээрээ дамжуулан үлгэр дуурайлал үзүүлэх юм. Үүнийг цааш нь ярьвал бас улс төр рүү орох болно тэгэхээр уран бүтээл тал дээрээ зогсооё.

Өөрөөр хэлбэл, соёл урлагаараа бид хүмүүст нөлөөлж зөв зүйл рүү хөтөлж байна. Реппер дуу дуулаад хэдэн үг холбохдоо гол нь биш үүний цаана нь ямар утга, агууламж байна юу хүсч байна гэдэг нь чухал. Тиймээс бид эв санаа нэгтэйгээр хамтарч ажиллахаар "Тэнгэрийн Модун" ТББ, "Монгол кино фонд" ХХК, "Хас Медиа" интертаймэнттэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Удахгүй мэндлэх клипийг маань "Хас Медиа" интертаймэнтэд бүтээх юм.

Дээр дурьдсан Монгол киноны нээлтийн үеэр "Тэнгэрийн Модун" ТББ,  "Хас Медиа""Монгол кино фонд" ХХК Улан-Үдийн төв талбай дээр Монголоо гэдгээ харуулахаар урлагийн томоохон арга хэмжээг зохион байгуулна. 

 

 

"Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүү "Бид энэ арга хэмжээг Морин хуур, Шанз, Ятгын эгшгийг эгшиглүүлэхээр Улан-Үдийн соёлын яам болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгээр урлагийн томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ үеэр мөн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэх аж. Өөрөөр хэлбэл, Казакастан, Улан-Үдэ, гурван улс хамтарсан кино бүтээнэ. Энэ нь Монголын зах зээлээс гадна гадаад өрсөлдөх үүдийг нээж өгч байгаа юм. Залуус хэлтэй бол хэлтэй, мэдлэг боловсролтой тийм учраас бид бүх салбарыг хөдөлгөх хүч чадалтай. Тиймээс залуучуудыгаа уриалж Улан-үдэд боломж нээгдлээ. Ойрхон байгаа хөршүүдтэйгээ сайхан харилцааг тогтооё. Түүнчлэн уран бүтээлчдийн хувьд Монгол жижиг зах зээлтэй. Гадны зах зээлд гадагшаа үүд зам нээгдлээ. Тэгэхээр чанартай уран бүтээлийг дагаж санхүүгийн асуудал шийдэгдэнэ. Бид нар хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг энэ дашрамд дуулгая.  " гэлээ. 

-Монгол залуучуудад хэлэх үг байна уу танд?

-Эвтэй, найртай байцгааж хийж бүтээцгээе. Халимаг, Буриад, Тува гээд Монгол гаралтай улсууд. Тиймээс Монголдоо хийж, Буриаддаа хийж бүтээж байгаа хүмүүс залуус маань улс төрөөс үл шалтгаалан шинэ үеийн залуус бид бизнес, уран бүтээлээ хийж бүтээх хэрэгтэй. Улс төрийг хараад суух хэрэггүй ээ. Улс төрчид юу хийх бол гэхийн оронд бид өөрсдөө хийж бүтээе.  Манайд ирцгээрэй бид асуудалгүй тосч авах болно. 

Ингээд Реппер Дзе буюу Д.Алдарын уран бүтээлээс хүргэж байна

 

 

 

 

Ярилцсан: Х.Даваанаа