БНХАУ-ын Ардын Дээд  шүүхийн  Тамгын  газрын дарга  ноён Ван Шаонан тэргүүтэй  төлөөлөгчид  Улсын  Дээд  шүүхийн  Тамгын  газрын  дарга Ж.Наранпүрэвийн  урилгаар  Монгол  Улсад  2015  оны  9  дүгээр  сарын  10-13-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын  хүрээнд  Улсын Дээд  шүүхийн  Захиргааны  хэргийн  танхимын  тэргүүн  М.Батсуурь ноён Ван Шаонан тэргүүтэй төлөөлөгчдийг  2015  оны  9 дүгээр  сарын  10-ны  өдөр  хүлээн  авч  уулзлаа.  Танхимын  тэргүүн  М.Батсуурь уулзалтын үеэр Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн шинэтгэлийн талаар товч  танилцуулж,  бусад улс орнуудын, ялангуяа  хөрш  орнуудын шүүхүүдтэй гадаад хамтын ажиллагааг  бүхий л талаар өргөжүүлэхийг Монгол Улсын Дээд шүүх хөхиүлэн дэмждэгээ илэрхийлсэн юм. 

Мөн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон тус газрын хэлтэс, албадын дарга нар ноён Ван Шаонан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ярилцав. Энэ үеэр хоёр орны хяналтын шатны шүүхийн захиргааны удирдлага, түүний зохион байгуулалт, шүүн таслах болоод  шүүхийн  захиргааны  ажлын  хоорондын  уялдаа  холбооны  талаар яриа  өрнүүлэн  харилцан  санал  солилцож,  туршлага  судалсан  нөхөрсөг уулзалт болсон юм. Түүнчлэн Улсын  Дээд  шүүхийн  Тамгын  газрын  дарга  хоёр  талын хооронд  байгуулсан  хамтын  ажиллагааны  санамж  бичгийн  хүрээнд Улсын Дээд шүүхийн  захиргааны  ажилтнуудыг  БНХАУ-ын  Ардын  Дээд  шүүхэд мэргэжлийн сургалтад хамруулах,  туршлага  судлуулах тухай асуудлыг энэ үеэр хөндсөн байна. БНХАУ-ын  Ардын  Дээд  шүүх  энэ  чиглэлээр хамтран ажиллахад  бэлэн  гэдгээ  илэрхийлээд цаашид хоёр  талын  хамтын  ажиллагаа  бүхий л талаар улам  өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Ноён  Ван  Шаонан уулзалтын төгсгөлд  мэдээллийн эрин үед Монгол Улсын Дээд шүүх бүрэн  цахим  шүүх  болох чиглэлд олон зүйл хийснээс санаа авах хэрэгтэйг цохон тэмдэглээд удахгүй бүрэн цахимжсан цаасгүй шүүх болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид мөн Нийслэлийн Эрүүгийн болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд, Багануур дүүргийн шүүхийн Тамгын газраар зочилж, өдөр  тутмын  үйл  ажиллагаатай  нь  танилцах юм.  

Дашрамд дурдахад хоёр улсын Дээд шүүх хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол  Улсын  анхан  болон  хяналтын шатны  шүүхийн  шүүгч,  шүүхийн  захиргааны  ажилтан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй  баг 7 удаа  БНХАУ-ын  Ардын  Дээд  шүүхийн  дэргэдэх  “Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн сургалтад хамрагдсан ажээ.