Өнгөрсөн долдугаар сарын 09-ний өдөр Улсын их хурал Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн өргөн барьсан "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай төслийг хэлэлцэж, дэмжин УИХ-ын 75-р тогтоолыг батлан гаргасан байдаг.  Энэ нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс үүнийг эсэргүүцэн  түр хороо байгуулагдсан бөгөөд өчигдөр өмгөөлөгч Г.Батбаяр,  Нутгийн удирдах зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, ТББ-ын тэргүүн нар Дорнод аймагт ажиллаж байна.  

 Дорнод аймагт орших Халх голын бүс нутаг нь Монгол орны үзэсгэлэнт байгальтай, экологийн онцгой ач холбогдолтой, нөөц бүс нутаг билээ. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаас хойш энэ газарт чөлөөт бус байгуулах тухай яригдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол орны нөөц нутгаар дархлагдах энэ бүс нутгийг гадны өндөр хөгжилтэй улсад өмчлүүлж, түрээслэх тогтоол гараад буй. Гэвч энэ нь бэлчээрийн даац, байгалийн тэнцвэр алдагдаж буй энэ үед маш аюултай үр дагавар авч ирнэ гэдгийг энэ салбарын мэргэжилтэн, судлаачид хэлж байгаа юм. Мөн Дорнод аймгийн нутгийн зөвлөл болон нутгийн иргэдийн хувьд ч дээрх тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.

Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Д.Цогтбаатар энэ талаар хэлэхдээ “Халх голд Чөлөөт бүс байгуулах нь зөвхөн Дорнодчуудын асуудал биш. Энэ асуудал улс орны бүх хүрээнд яригдаж байна. Бидний зүгээс ажлын хэсэг гаргаж, хоёр өмгөөлөгчтэйгээр энэ асуудлаар ҮЦХ болон УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж Монгол улсын Үндсэн хуульд байхгүй. Тиймээс “Халх голд чөлөөт бүс байгуулах тухай” тогтоол нь Үндсэн хууль болон түүнтэй холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Энэ тогтоол нь баяр наадмын өмнөхөн батлагдсан нь өнгөрсөн түүхээ давтах гэж байгаатай адил юм. Сум орон нутгийн иргэд энэ мэдээллийг саяхнаас авсан. Нутгийн иргэд бид нэгдмэл байр суурьтайгаар Халх голын бүс нутагт чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэж байгаа” гэв.