Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болов.   

 

10 цагаас эхлэхээр зарлагдсан шүүх хурал 30 минут орчмын дараа эхэлсэн юм.

 

 

Шүүх хурлын гол гэрчүүд хил гарчээ

 

Шүүх хуралд гэрчээр оролцох шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэлж буйгаар шүүх хуралд гол гэрчээр оролцох ёстой н.Сономпил, Багануур ХК-ний ТУЗ-ийн гишүүн н.Жигжид  нар шүүх хуралд ирээгүйюм.

 

Тэднийг өмнөх шүүх хуралд гэрчээр ирүүлж, оролцуулах саналыг Л.Гансүх нарын өмгөөлөгчид гаргаж байсан тул шүүх бүрэлдэхүүн тэднийг шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэсэн захирамж гаргасан аж.

 

Гэтэл гуравдахь удаагийн шүүх хурлын маргааш буюу энэ сарын 11-ний өдөр дээрх хоёр гэрч нь улсын хилээр гарчээ. Тодруулбал н.Сономпил Москва, н.Жигжид Сөүл рүү явсан гэх албан бичгийг Тахарын албанаас шүүх бүрэлдэхүүнд ирүүлсэн гэдгийг шүүх хуралдааныг даргалагч Х.Идэр уншиж танилцуулсан юм.

 

Тиймээс Л.Гансүх нарт холбогдох хэрэгт гол гэрчээр оролцох ёстой гэрчүүдийг хуралд оролцуулж, асууж, тодруулах зүйлээ лавлах нь зүйтэй гэдгийг н.Цэрэнжав өмгөөлөгч хэлсэн. Мөн тэрбээр “Тэд бол нүүрс худалдаалах үнэ тогтоосон зэрэг олон зүйлд гол гэрч болох учиртай. Тиймээс шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байна” хэмээв.  

 

Энэхүү асуудлаар шүүх бүрэлдэхүүн завсарлага авч хэлэлцсэн ч гэрчүүдийн бичгээр өгсөн мэдүүлэг байгаа учир биеэр оролцуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.   

 

 

Энэ удаагийн шүүх  хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр ирсэн бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид бүрэн ирцтэй шүүх хуралд оролцлоо.

 

Захирамжгүй шүүгч нар шүүх хурал явуулжээ

 

Шүүх бүрэлдэхүүн энэ удаа ч мөн өөрчлөгдсөн бөгөөд бүрэлдэхүүн тав дахь удаагаа өөрчлөгдсөн нь энэ аж.

 

Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч н.Цэрэнжав “Шүүх бүрэлдэхүүн энэ удаа ч өөрчлөгдсөн байна. Өмнөх шүүх хурлууд явагдах бүрт шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөж байсан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүнийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж байгаа эсэх, мөн 40 дахь хавтаст хэрэгтэй танилцах эрхийг хаасан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо” хэмээгээд “Бид үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хуулийнхаа хүрээнд хавтаст хэрэгтэй танилцаж, хуулбарлан авах эрхтэй.

 

Гэтэл энэхүү эрхийнхээ хүрээнд 40 дахь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтээ гаргахад шүүх хурлын бүрэлдэхүүн болох Х.Идэр, н.Мөнх- Эрдэнэ нар хавтаст хэрэгтэй танилцуулж болохгүй гэсэнхэмээж Ерөнхий шүүгчийн нарийн бичиг бидний эрхийг хязгааласан. Тиймээс тус шүүхийн Тамгын газрын даргад хандан хүсэлт гаргаж, эрхээ эдлэхийг хүсэхэд хавсат хэрэгтэй танилцахыг зөвшөөрсөн ч мөн л шүүгч нар зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. Энэ нь биднийг энэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хангалттай баримт болж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү ” хэмээв.

 

Харин н.Цэрэнжав өмгөөлөгчийн хүссэнээр Х.Идэр шүүгч өнөөдрийн /өчигдрийн/ шүүх бүрэлдэхүүнийг томилсон захирамжийг үзүүлсэн ч өмнөх хоёр удаагийн шүүх хурлыг явуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийг өөрийн ширээн дээр байсан албан бичгээс хайгаад олоогүй юм.

 

Үүний хариу болгож Л.Гансүх нарын өмгөөлөгчид “Өмнөх хоёр шүүх хурлыг явуулсан шүүх бүрэлдэхүүн захирамжгүй шүүх хуралдааныг явуулсан нь тодорхой байна. Өнөөдрийн шүүх хурлын материалд энэхүү захирамж байхгүй байгаа. Ингэхээр хууль бус шүүх бүрэлдэхүүн шүүх хурал явуулж Л.Гансүх нарыг хорьж, өмгөөлөгч нарыг торгосон нь хууль бус үйлдэл байсан” гэдгийг хэлсэн.

 

Өмнөх шүүх хурал дээр ч өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй юм. Ингээд н.Цэрэнжав нарын тавьсан асуудлаар шүүх бүрэлдэхүүн завсарлага авч  хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэв.  

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Ийнхүү шүүх хурал үргэлжилж, улсын яллагч нар яллах дүгнэлтийг 2 цаг орчим уншиж танилцуулсаны дараа шүүх хурал 30 минутын түр завсарлага авсан юм.

 

Л.Гансүх нар нотлох баримтаа дэлгэв

 

Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Л.Гансүх нар мэдүүлгээ өгөв. Тэрбээр өөрийг нь буруутгаж байгаа дөрвөн асуудлаар баримт дэлгэсэн. Тодруулбал:

 

1. ”Нүүрс” гэж хөтөлбөр Засгийн газраас гараагүй байхад намайг албан тушаалаа ашиглан “Эм Жи Эл Эс Би Ди” компаниудыг Багануурын уурхайтай гэрээ хийлгэсэн.  

 

2. Багануурын уурхайн ТУЗ-ийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны тогтоолоор 1 тн шигшиж, ангилсан нүүрсний үнэ 39 мянган төгрөг байхад хямдруулж, 27500 төгрөгөөр гэрээ хийгээд Багануур ХК-ийг хохироосон.

 

3. 1 тн нүүрсний үнэ 50-60 мянган төгрөг байхад 80 мянган төгрөгийн үнэтэй зарлаа.

 

4. Менежмент хийсэн компани нь бөөн татвар нуусан жолоочоороо дамжуулж компанидаа бөөн бөөн мөнгө авсан хэрэгт буруутгаж байх шиг байна. Би эдгээрийг нэг бүрчлэн нотлох баримттайгаар тайлбарлъя хэмээн бэлтгэсэн нотлох баримтуудыг үзүүлсэн юм.

 

Тухайлбал нүүрс хөтөлбөр нь Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлэгт тулгуурлан хийгдсэн ажил болохыг баримтаар нотолсон.

 

Алдагдал хүлээгээд байгаа гэх Багануур ХК ойрын 5 жилд байгаагүйгээр алдагдлаа нөхсөн, 2012 онд 1 тн нүүрсийг 23150 төгрөг байхад 25078 төгрөгөөр /НӨАТ ороогүй үнэ/ борлуулсан атал яагаад алдагдал хүлээсэн гээд байгаа, ажилчдынхаа цалинг нэмсэн зэрэг нь алдагдал хүлээсэн баримт уу гэдгийг нотлов.

 

Мөн 1 тн нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хороо, Багануур ХК тогтоол гаргаж баталсан,Ичинхорлоо нь дүгнэлтээ бусдын шахалтанд автаж, хангалттай судлаж, боловсруулаагүй гаргасан гэдгийг тайлбарлаж, баримтуудыг дэлгэсэн юм.

 

Түүнчлэн шүүгдэгч Даваахүү, Мөнгөнтуяа нар нь ч улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэтэрхий нэг талыг баримталсан, нотлох баримтуудыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулаагүй гэдгийг дурдаадгэрчүүдийн мэдүүлсэн нь худал болохыг тайлбарлав.

 

Ингээд шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасан бөгөөд үйлчлүүлэгч нарынх нь цагдан хорих шийдвэр дууссан учир шүүх хурал завсарлаад орох хүртэл хугацаанд батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг гаргасан юм.

 

Үүний шүүх хурал завсарлуулах хүсэлтийг улсын яллагч болоод өмгөөлөгч нар дэмжсэн бол батлан даалтад гаргах хүсэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс шүүх бүрэлдэхүүн завсарлага авч энэ асуудлыг хэлэлцэв.

 

Хэсэг  хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг маргааш өглөөний /өнөөдрийн/ 09 цаг хүртэл түр завсарлуулж, шүүгдэгч нарыг өмгөөлөгч болон ар гэрийнхний батлан даалтад гаргасан.

 

Эх сурвалж: 24tsag.mn