Гэр хорооллын иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ
2015/09/17
ШӨХТГ, УБЦТС ТӨХК-тай хамтран “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ нь төрийн байгууллагуудын зүгээс нийслэлийн гэр хороололд зохиогдож буй томоохон арга хэмжээ болсон бөгөөд өдөрлөгт ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, Монгол улсын шадар сайдын зөвлөх У.Батзаяа, УБЦТС ТӨХК-ийн дэд захирал Ч.Бадмаараг, НХЭАХН-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо нар үг хэлж ШӨХТГ болон УБЦТС ТӨХК-ний албан хаагчид иргэд, хэрэглэгчдэд өөрийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Манай байгууллагын зүгээс гэр хорооллын иргэдийн цахилгааны асуудлыг газар дээр нь шийдэх, мэдээлэл өгөх үүднээс УБЦТС компанитай хамтран тусгайлсан өдөрлөгийг зохион байгуулж байна. Гэр хорооллын иргэдээс тооцоо хийгээгүй тохиолдолд гэнэт цахилгаан тасалдаг, эргэн залгахдаа төлбөр авдаг, өдөр шөнийн тарифийг ялган тооцдоггүй зэрэг нийтлэг гомдол ирдэг. Энэ бүх асуудлыг шийдэх үүднээс бид холбогдох ажлуудыг хийж байгаа. Энэхүү гэр хороололд төрийн байгууллагын үйл ажиллагаа анх ирж буй өдөрлөгөөр дамжуулан та бүхэн санал гомдлоо нээлттэй илэрхийлэх боломжтой” хэмээн онцолсон юм.
ШӨХТГ-т хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчтэй холбоотой өргөдөл, гомдол их ирүүлж байгаа учраас энэ удаагийн өдөрлөгийг УБЦТС ТӨХК-тай хамтран өргөдөл, гомдлыг барагдуулах, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн хоорондын үл ойлголцлыг арилгах, хэрэглэгчдэд бодит мэдээ мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан юм.
Тухайлбал энэ ондоо багтаан гэр хорооллын айлуудын өндөрт байрладаг цахилгаан тоолууртай хайрцагуудыг буулгах, хяналтын цонхтой болгох, хэрэглэгч хэрэглээндээ хяналт тавих нөхцөл бололцоог бий болгохоор үе шаттайгаар ажиллаж байна. Мөн газрын гэрчилгээтэй болон гэрчилгээгүйгээс үл хамааран өрх болгоныг тоолууржуулах ажлыг хийх болсноор айлууд өөрийн хэрэглэсэн цахилгааны төлбөрөө үнэн зөвөөр төлдөг нөхцөл байдал бий болох юм байна.
Харин УБЦТС ТӨХК нь дэвшилтэт техник технологийг ашиглан иргэд хэрэглэгчдэд цахилгааны төлбөрөө хэрхэн хянах, цахилгаан эрчим хүчийг хэрхэн зүй зохистой ашиглах тухай мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж, зарим өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Мөн энэ үеэр ШӨХТГ-ын зүгээс иргэдээс ирсэн гомдол саналд үндэслэн нийтийн тээврийн өнөөгийн үйлчилгээ, хүртээмжийн талаар нээлттэй санал асуулга явуулж байна. Санал асуулгын дүнг нэгтгэн дүгнэж, цаашид холбогдох шалгалтуудыг хийнэ гэдгээ ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдсэн юм.