Л.Гансүхийн шүүх хурлын эргэн тойронд
2015/09/17
Л.Гансүхийн хэргийн тухай Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн шүүх хурлыг тв-ээр шууд дамжуулж, олон нийт анхаарлаа хандуулж байна. Хэргийн эцсийн шийдэл, гэм буруугийн талаар байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж үзэж байгаа ч илт харагдаж буй зарим шүүмжлэлтэй зүйлсийг дурьдвал:
- зарим гэрчүүд шүүхээс дуудсаар атал ирээгүй, гадаад явчихсан байхад хуульд заасан хариуцлага хүлээлгэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Оролцуулахгүйгээр явуулж болох байсан бол шийдвэр гаргаж дуудах хэрэг юу байв. /Тэдгээр гэрчүүд дотор улс төрч, сайд нар байсан/
- Бүрэлдэхүүн томилсон ерөнхий шүүгчийн захирамж хавтаст хэрэгт байхгүй байсан нь, тэрхүү бүрэлдэхүүнээрээ урьд нь шийдвэр гаргаж, цагдан хорьж байсан нь манай шүүхүүдэд нийтлэг гардаг, байж болшгүй процессийн алдаа мөн.
- Нийт 40 хавтас, ойролцоогоор 10000 хуудас материалтай хэрэгт өмнөх өдөр нь томилогдсон шүүгч шүүн таслахаар оролцож байгаа нь туйлын хариуцлагагүй явдал.
- Прокурор, өмгөөлөгчид аль аль нь шүүгдэгч, гэрчүүдийг хөтөлж, тулгаж асуух явдал түгээмэл байгааг тал талдаа анхаарах.
- Хохирогч тал яагаад гомдол гаргасан тухай асуултад "биднийг шахсан" гэж хариулж байгаа болон зарим гэрчүүд өмнө өгсөн мэдүүлгүүдээ санахгүй байна гэж хариулах, буцах явдал гарч байгаа нь мөрдөн байцаах ажиллагааны явцад эргэлзээ төрөхүйц байна.
- Зарим шүүгч гэрчүүдрүү дайрах, тухайн яригдаж буй асуудлаар байр сууриа урьдчилан илэрхийлэх, та нарын буруу хэмээн илт хэлж буй асуудлаар өмгөөлөгчид зохих газарт нь гомдол гаргах боломжтой юм. Саарын хажуугаар сайн ямагт байдаг хойно дэвшилттэй зүйлсийг мөн дурьдах ёстой байх:
- 461-р хорих анги буюу олны нэрлэдгээр Ганц худагт шүүх хурал болсонгүй. Цаашид ч болохгүй бололтой. Энэ нь хууль, олон улсын гэрээнд нийцэх юм.
- ТВ-ээр нээлттэй явж буй нь сэтгүүлчид болон олон нийтэд болсон асуудлаар өөрсдийн дүгнэлтийг хийх эрх олгож байна.
- Проектор, дэлгэц ашиглаж буй боломжийг цаашид прокурор, өмгөөлөгчдөд байнга олгож байх нь хэргийг тал бүрээс нь авч үзэхэд чухал нөлөөтэй болох нь харагдаж байна.
отгон · 2015/09/17
яг үнэн, проектор ашиглах нь дэвшилттэй байна лээ, 2 тал нүдээр үзэж болох юмыг бодитоор харж үнэлэх нь ач холбогдолтой юм байна